Монголын анхны эрчүүдийн салон эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Монголын анхны эрчүүдийн салон эрэлттэй байна

Монголын анхны эрчүүдийн салон эрэлттэй байна

Монголын анхны эрчүүдийн салон эрэлттэй байнаhttps://news.mn/r/2431503/

Posted by News.mn on Friday, May 14, 2021

Эрэгтэй хүн хумсаа арчлах, будах талаар ярихад шүүмжилдэг, эр хүний эрхэм чанар ярьдаг хэвшмэл ойлголттой хүн цөөнгүй бий. Эсрэгээр эрэгтэй хүн ч гэсэн гоо сайхандаа анхаарах хэрэгтэй, эрүүл ахуйгаа бодох ёстой хэмээн сайшаадаг залуу үеийнхэн ч олон. Орчин цагийн дэлхий ертөнц өөрчлөгдөж олон улсын урлагийн одод, олны танил хүмүүс, алдартнууд гоо сайхандаа, харагдах байдалдаа анхаарч, цаашлаад үс, хумс, нүүрээ будах нь хэвийн үзэгдэл болжээ.

Тэдний жишгээр шүтэн бишрэгчид нь ч эр хүний гоо сайхны асуудлыг хүлээн зөвшөөрч, зарим нь даган дуурайдаг болсон байна. Тэгвэл Улаанбаатар хотод ч гэсэн эрчүүдийн эрүүл ахуй, гоо сайханд санаа тавьж, хумсны арчилгаа, цэвэрлэгээ, гоо сайхны үйлчилгээ, педикюр хийдэг салон нээгдээд удаагүй байна. Салоны нэр “Goo Park beauty”. Шинэ, содон үйлчилгээтэй салоныг анх удаа Монголд нэвтрүүлж буй салоны захирал Д.Мөнхтуяатай ярилцлаа.


-Монголын анхны эрэгтэй хумсны арчилгаа, чимэглэл хийдэг салон нээгдээд удаагүй хэдий ч үйлчлүүлэгч ихтэй байгаа гэж дуулсан. Хэзээнээс үйл ажиллагаагаа нээсэн бэ?

– “Goo Park beauty” салон үйл ажиллагаагаа нээгээд нэг сар өнгөрч байна. Гэвч дөрөвдүгээр сарын 8-нд хатуу хөл хорио тогтоогоод, энэ сарын 8-нд сулруулах хүртэл нэг сарын хугацаанд завсарласан. Ингээд бодохоор нэг сар 10-аад хоногийн турш үйл ажиллагаа явуулж байна.

-Хатуу хөл хорионы улмаас үйлчилгээний газрууд, тэр дундаа гоо сайхны салонууд ажиллах боломжгүй байлаа. Энэ амаргүй цаг үед бизнес эхлүүлэхэд ямар байв?

-Covid-19 цар тахал гэдэг аймшигт өвчин Монголыг төдийгүй дэлхийг сорьж байгаа энэ хэцүү үед зөвхөн гоо сайхан гэлтгүй бүх л бизнесүүд тодорхой хэмжээнд хумигдлаа.  Энэ үед шинэ бизнес эхлүүлж таарсан нь их хүнд туссан. Гэхдээ ерөнхийдөө цар тахлын тухай мэдэж байсан учраас урьдчилан эрсдэлүүдээ тооцоолж, бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө гаргасан байсан учир саадыг амжилттай давж байна. Гэхдээ үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж нэг сар болж байхдаа хатуу хөл хорионы улмаас завсарласан нь зөвхөн манай байгууллага гэлтгүй олон бизнест их төвөгтэй байлаа.

Ялангуяа гоо сайхны салбар хамгийн түрүүнд хаагдаж, хамгийн сүүлд нээгдсэн. Чухамдаа үсчин, гоо сайхны салбар бол хүн бөөгнөрүүлэх тал дээр хамгийн аюулгүй салбар байдаг. Учир нь гоо сайхны үйлчилгээ бол цаг бичиж, бичсэн цагаараа үйлчилдэг.

Ялангуяа сүүлийн үед шууд очиж, дугаарлаж байгаад үйлчлүүлдэг үйлчлүүлэгч гэж байдаггүй. Бүгд л утсаар болон цахимаар холбоо барин цаг аваад үйлчлүүлдэг болсон байна. Тиймээс хөл хорио тогтоохдоо салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож, энэ салбарт тодорхой зохицуулалт хийх боломж байжээ хэмээн харж байлаа.

-Үсчин гоо сайхны газрууд бүрэн вакцинд хамрагдаад 14 хоносон ажилчдаар иргэдэд үйлчилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Танайх хэрхэн иргэдэд үйлчилж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна вэ?

-Албаныхны гаргасан шийдвэрийн дагуу ажилчдаа вакцинд бүрэн хамруулж, түүнээс гадна вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хонож дархлаа тогтсон үйлчлүүлэгчдийн E-Mongolia гэрчилгээг харж үйлчилгээ үзүүлж байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тал дээр энгийн үеийнхээсээ илүү анхаарч ажилладаг болсон. Бид анхнаасаа ариун цэврийг тэргүүн зарчмаа болгон ажилласаар ирсэн бөгөөд одоо ч тэр жишгээрээ хэрэглэж буй бүх багаж, хэрэгслүүдээ тогтмол ариутгаж, кофе шопынхоо аяга, таваг хэрэгслүүдийг зоогийн газрын стандартын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлж, үйлчлүүлэгчдийн өмсдөг углаашийг тусгай ариутгалын машинаар ариутган ажиллаж байгаа.

-Эрчүүдийн хумсны арчилгаа, чимэглэл хийх үнэ тарифийн хувьд хэр байдаг вэ?

-Эрчүүдэд зориулсан гарын хумснаас гадна хөлийн хумс арчилгааны үйлчилгээ үзүүлж байна. Юун түрүүнд сануулахад, хумсны арчилгаа бол зөвхөн будалтаар хязгаарлагддаггүй. Илүү ариун цэврийн асуудал байдаг. Түүнээс гадна хумс шигдэх, буруу авах, хугарч гэмтэх зэрэг асуудал түгээмэл тулгардаг тул тэр тал дээр анхаарч үйл ажиллагаа явуулдаг.  Тиймээс хумс арчилгаа гэдгийг зөвхөн гоёж гангалах асуудал биш, эрүүл ахуйн хамгийн суурь анхаарууштай шаардлагуудын нэг гэж ойлгох нь чухал. Ингэхдээ манай салон гарын хумс, хөлийн хумс арчилгааг ерөнхийдөө 30-60 мянган төгрөгөөр хийдэг.

-Шинэ үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш эрчүүд хэр их сонирхон хандаж байна вэ. Эсвэл эмэгтэйчүүд ихэвчлэн үйлчлүүлдэг хэвээрээ байна уу?

-Мэдээж үйлчлүүлэгчийн дийлэнх хувийг бүсгүйчүүд эзэлсэн хэвээрээ. Яагаад гэвэл, бүсгүйчүүд гоо сайхны үйлчилгээ аваад сурчихсан. Тэр ч утгаараа гоо сайханд зөвхөн эмэгтэйчүүд ордог гэх ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ эрчүүдэд зориулсан хумс арчилгааны үйлчилгээ эхлүүлж байгаагаа зарласнаас хойш эрчүүд холбоо барьж, үйлчлүүлж байгаа. Гэхдээ энэ бол нас насаараа ялгаатай асуудал. Жишээлбэл, шинэ залуу Z үеийнхэн бол ихэнхдээ хумсны гоё, ганган байдал, өөрийгөө илэрхийлэх, будуулах зорилгоор ханддаг. Харин дунд ба түүнээс дээш насныхан хумсныхаа ариун цэвэр, эрүүл мэндэд илүү анхаарч үйлчилгээ авдаг. Түүнээс гадна эмэгтэй үйлчлүүлэгчдийг дагаж найз залуу, нөхрүүд нь ирэх тохиолдол их ажиглагдаж байна.

-Хүмүүс зөвхөн эмэгтэйчүүд л гоо сайхан, маникюрт ордог гэх нийтлэг хандлагатай байдаг шүү дээ. Энэ байдал үйлчилгээ эрхлэхэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ үйлчилгээ маш шинэлэг учраас хүмүүсийн хүлээж авах байдал өөр өөр байна. Зарим хүмүүс их сайшааж байгаа ч нөгөө талаар буруушааж буй хүмүүс олон байна. Яагаад гэвэл зарим хүн гоо сайхан байх гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдийн хийдэг зүйл хэмээн боддог бол орчин үед түүнийг үгүйсгэн эрэгтэй хүнд ч гэсэн гоо сайхан байх ёстой хэмээн боддог хүн олон болж . Чухамдаа энэ бол бүх хүн эрүүл байхтай ижил асуудал. Хүн бүр эрүүл байх ёстойн адилаар хүн бүр гоо сайхантай байх нь чухал. Тиймээс эр хүн хумсаа будуулах нь ёс зүй, Монгол сэтгэлгээнд үл нийцнэ хэмээн эсэргүүцэх асуудал их тулгарч байгаа.

Нөгөө талаар залуу үеийнхэн юм мэддэг, өөрийнхөө хүсэл, сонирхол, дотоод ертөнцөө илэрхийлэх хүсэлтэй, хэрхэн илэрхийлэхээ хэнээр ч заалгалгүй мэддэг болсон нь олон тул үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байна. Тиймдээ ч эрэгтэй үйлчлүүлэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, одоо бол эрэгтэй хумс арчилгааны цаг өмнөх өдрөө дүүрдэг болсон байна.

-Анх удаа эрэгтэй хумс арчилгааны үйлчилгээг Монголд нэвтрүүлэх санааг хэрхэн олсон бэ. Цаашид өөр ямар шинэлэг үйлчилгээнүүдийг эхлүүлэх төлөвлөгөө байна вэ?

-Ерөнхийдөө өмнө нь аливаа үйлчилгээнд хүйс зааж ойлгодог хэвшмэл ойлголт их байсан. Энэ нь одоо ч үргэлжилсээр байна. Бидний хувьд хүйс гэдгээс илүү хүн байхыг чухалчилж хардаг. Амьдрал дээр бидний эргэн тойрны эрчүүд хөл, гарынх нь хумс шигддэг, буруу ургадаг, түүнийгээ яаж зөв авах, арчлахаа мэддэггүйгээс болж багагүй бэрхшээлтэй тулдаг. Түүнийг нь анзаараад салон орж янзлуулахыг зөвлөхөд хэвшмэл ойлголт, хүйс, бусдын хүлээж авах байдлаас санаа зовох, ичих зэргээс болоод татгалзах нь олон байдаг. Энэ байдал зөвхөн гоо сайхан биш, эрүүл мэнд гэх мэт олон салбарт ажиглагддаг.

Тиймээс манай хамт олон гоо сайхан, эрүүл мэндийг бүх хүнд, ялангуяа орхигдоод байгаа эрчүүдэд зориулахыг зорин ажиллаж байна. Энэ санаагаа дээрх асуудлаас олж, хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар ихэнх салонуудын адил гоо сайхны бүх цогц үйлчилгээг үзүүлнэ. Түүнээс гадна манай салон дотроо кофе шоптой, түүгээрээ хүнсний байгууллагуудтай албан ёсны гэрээ байгуулж, стандартын дагуу үйлчилдэг учир завгүй үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэж, тав тухтай орчин бүрдүүлэхийг зорьж буй.

Цаашид шинээр хумс арчилгаа талдаа илүү анхаарч, ялангуяа бие давхар эмэгтэйчүүдэд хумс арчилгааны үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө бий. Хөл хүндтэй эмэгтэйчүүд хумсаа будуулахыг хориглодог нь салонд хандахгүй байх шалтгаан биш шүү дээ. Тухайлбал, хүүхэд томорсон үед жирэмсэн эмэгтэйчүүд тонгойж, хөлийн хумсаа арчлахад их асуудал тулгардгаас гадна жин нэмэх, хавагнах зэргээс шалтгаалан хөл болон хөлийн хумсны арчилгаа үгүйлэгддэг. Түүнээс гадна өндөр настнуудад зориулсан хумсны арчилгааны үйлчилгээ эхлүүлэх төлөвлөгөө бий. Учир нь хүн өндөр наслахаар хараа муудах, нуруу өвдөх зэрэг асуудал түгээмэл үүсдэг. Тэр нь хумсаа арчлахад ихээр саад болдог тул бид ойрын ирээдүйд дээрх үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настнуудыг VIP өрөөндөө хүлээн авч, тав тухтай орчинд цогц үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж