Улсын их хурлын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын бүс нутгийг байгалийн тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буй талаар өнөөдөр /2021.05.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Байгалийн ач холбогдол бүхий газар нутгийг байгалийн нөөц газар болон тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байна. Тусгай хамгаалалтад авахаар оруулж буй учир нь Монгол Улсын хөдөө аж ахуйн гол бүс нутаг төдийгүй аялал жуулчлалыг түших шалтгаан болох голын ай сав газар юм. Эдгээр онцлог шалтгаанаас үүдэж улсын тусгай хамгаалалтад нэр дурдсан бүс нутгийг авах шаардлагатай. Иймээс энэ тогтоолын төслийг өргөн барьж байна. Нөгөө талдаа улсын байгалийн нөөц газарт авах газар нь хуучин ураны маргаантай асуудал үүсч байсан. Тусгай зөвшөөрөл олгож, 20 гаруй жил үргэлжилсэн тодорхой хэмжээнд эрэл хайгуул хийсэн асуудалтай газар нутаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд захиргааны хэргийн гурван шүүхээр явж байж, Улсын дээд шүүхийн шийдвэр гарч, Ашигт малтмалын ерөнхий газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.
Ашигт малтмалыг хайх, олборлох боломж улсын тусгай хамгаалаттай газар хориотой. Гэхдээ энэ нь иргэдийн эрх ашгийг хааж байгаа хэлбэр биш. Шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай онцгой анхаарал шаардлагатай газар нутаг гэж үзсэн учраас энэ хуулийн төслийг боловсруулсан. Урт хугацаанд УИХ-ын зүгээс гарц, шийдлийг эрэлхийлж эрх зүйн орчинг сайжруулах шаардлага үүсч байна. Архангай аймагтай ижил ашигт малтмалын маргаантай асуудал ихэнх орон нутагт байдаг. Хүн, малын төвлөрөл ихтэй бүс нутгуудад ашигт малтмал олборлох асуудлыг нэг мөр шийдвэрлэх ёстой. Бүс нутгийг дэмжих хүрээнд тодорхой ялгаатай шийдвэрийг гаргах шаардлагатай мөн тулгарч байна. Алслагдмал, зах зээлтэй ойр буюу хил хязгаартай ойр бүс нутгуудад аж үйлдвэржилэлтийг дэмжих, ашигт малтмалыг эрж хайх ажлыг дэмжих зэрэг шаардлага байна. Энэ ажлын эхлэл болгож Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын бүс нутгийг байгалийн тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа” гэсэн юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ