Дархан-Уул, Орхоныг хотын статустай болгоно

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Дархан-Уул, Орхоныг хотын статустай болгоно

Дархан-Уул, Орхоныг хотын статустай болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.5.14/ Орхон аймагт ажиллаж байна.


Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал “Ногоон хот” төслийн талаар танилцууллаа.  Уг төслийн зорилго нь  ногоон буюу байгальд ээлтэй эдийн засгийг дэмжин ажиллаж, хот суурин газруудын байгаль орчинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан аж. Ногоон хот төсөлд Эрдэнэт хот “Гэр хорооллыг орон сууцжуулах”, “Орон сууцны дулаан алдагдлыг бууруулах”, “Ухаалаг нийтийн тээвэр” зэрэг төслүүдийг танилцуулж, Засгийн газарт дэмжин ажиллах хүсэлт хүргүүллээ. Тус аймгийн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт найман бүлэг, 18 дэд бүлэг бүхий 124 зорилго, зорилт 253 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр юм. Орхон аймагт гэр хорооллын 16 мянга гаруй өрх амьдардаг байна. Агаарын бохирдлыг бууруулах, алслагдсан гэр хорооллолд амьдардаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэгт чиглэж, тэдгээрийг дэмжих зорилгоор гэр хорооллын багуудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ жил Их залуу, Эрдэнэ, Уртын гол зэрэг багт орон сууц барих ажлыг эхлүүлэхээр байршил, зураг төсвийг гарган төлөвлөлтийг хийж эхэлсэн тухай мэдээллээ.

Мөн Засаг даргын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөний гол хэсэг нь Эрдэнэт хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг онцлов. Хот өргөжин тэлж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 онд хотын дулаан цэвэр усны шугамын ажлыг хийх шаардлагатай тулгарч байгаа аж.  Дараагийн танилцуулсан төсөл бол Эрдэнэт хотын хөгжлийг орчин үеийн хотын хөгжил, технологийн дэвшилд хөтлөн оруулах ажлыг эхлүүлэх “Ухаалаг хот” төслийг улсын төсвийн дэмжлэгтэйгээр НҮБ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр  төлөвлөн ажиллаж байгаа тухай танилцууллаа. “Ухаалаг хот” төслийн хүрээнд Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах Автобусны парк  шинэчлэлтийг хийх чиглэлээр “Автобус”  төсөл боловсруулан НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр,  БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хоттой хамтран ажиллах талаар мөн ярьсан юм.

Шинжлэх ухаан технологийн паркийн захирал доктор Г.ЭНХБАЯР:

-Өнгөрсөн жилүүдэд тусгай зориулалтын өндөр шаардлагатай бүтээгдэхүүн техникийн ажил хийсэн.  Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк Хүний экологийн төв, Будгийн үйлдвэр, Гагнуурын электродын  үйлдвэртэй, бичил бизнес хөгжүүлэх инкубатор төв,  судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Шинжлэх ухааны паркийг байгуулсан цагаасаа хойш буюу 2018 оноос хойш ашигтай ажиллаж байна. Будгийн үйлдвэрийн тухайд 137.6 сая төгрөгийн үнэлгээтэй үйлдвэрлэлийн ажиллагаа явагдаж байна. Тус үйлдвэрт 70 хувь нь уснаас бүрдсэн бүтэцтэй байгалийн гаралтай будгийг үйлдвэрлэж буйгаар онцлог билээ. Харин бизнес хөгжлийн төв нь орчин үеийн залууст чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Ирэх жилүүдэд шинжлэх ухааны паркт шаардлагатай материал, химийн төхөөрөмж авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бид аль болох боловсруулалтын чиглэл рүү явахыг зорьж ажиллаж байна. Эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газар 101 дэх өдрөөс хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрлэл шинжлэх ухаан технологийн паркийг “Эрдэнэт” ТӨҮГ-т эхлүүлэх гэж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нүүрс угаах ажлыг эхлүүлсэн. Цаашид дотооддоо зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна. Мөн төмрийн хүдрийг боловсруулж, газрын тосыг гаргаж авах гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Орхон аймгийн тухайд Мэдээлэл шуурхай үйлчилгээний төвд цахимжуулалт сайн хийсэн байна. E-Mongolia системийг цаашид мөн сайжруулж орон нутгуудад хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэл өгнө.

Аймагт тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны төслийн зардал дээр Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Дархан-Уул, Орхон хоёрт нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилттой байгаа. Хотод суурьших иргэдээс өндөр татвар авч, орон нутагт ажиллаж, амьдрах иргэдэд тэтгэлэг олгох хэлбэрийн төсвийн реформ хийнэ. Энэ бодлогын хүрээнд Дархан-Уул, Орхон аймагт хүн ам төвлөрөх учраас орон сууцны санхүүжилтыг зураг төслөө сайтар гаргасан тохиолдолд олгоно. Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон нутагт олгож болно. Төр бизнесийн салбарыг дэмжих боломжтой учраас зураг төсөлтэй хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих бүрэн боломжтой. Хотын статустай болгож, нийслэлийн төвлөрлийг сааруулах ажлыг эрчимжүүлнэ. Эрдэнэт ТӨҮГ нь Монгол Улсын нийт иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг нэг жилийн хугацаанд хариуцаж ажилласан байгаа. Та бүхэнд талархал илэрхийлье. "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мөнгөөр хувьд хувьчилсан хэргийг холбогдох хүмүүст шийдвэрлэж, зохих хариуцлагыг хуулийн хүрээнд хүлээлгэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж