Энхрийхэн, чамайг даа! | News.MN

Энхрийхэн, чамайг даа!

– “Сагсаахай”-гийн өдрийн тэмдэглэл №3 –

XАЧИРХАЛТАЙ БӨМБӨГ

Зун цаг гэгч даанч сайхан юмсанж. Усанд орж, унтаж амарч, эхийн сүүгээ ууж, элгэн  хаднаас бөмбөрч, тоглож наадах. Энэ бүхэн хичнээн их жаргал билээ. Бид гурав ч анх төрж байснаа бодоход овоо хөрвөжиж, ойр зуур эхийн хараа хяналтгүй чөлөөтэй явдаг болж, хулгана зурам мэтийг шоглохтойгоо болсон билээ.

… Нарлаг дулаахан өглөө байлаа. Эмэгтэй дүү ээжийг даган гараад явав. Бодвол цэцэг навч сонирхох юм байгаа биз. Эмэгтэйчүүдээ гэж!  Үүрэндээ үлдсэн эрэгтэй дүү  бид хоёр эднийг үүдээр  гармагц л араас нь гараад барилдаж, ноцолдож гарав.    Ноцолдож ноцолдож амьсгаадаад, бие биенээсээ уйдан тэрүүхэндээ хоёр тийш салаад өөрсдийн зоргоор тоглож эхлэв. Нэг харах нь ээ эрэгтэй дүү бүр холдоод явчихаж. Тэгснээ тээр тэндээс:

-Ах аа, нааш ир! гээд дуудаж байна. Дүүгийн дуудсанаар би ч дүрлийтэл давхиад очлоо. Намайг очиход дүүгийн нүд гялалзаад:

– Энийг хардаа их сонин юм байна. Би тойруулж ухсаар байгаад бараг гаргаад ирлээ гэсэн нь цайвар өнгийн бөв бөөрөнхий хатуу зүйл байлаа.

– Ямар сонин юм бэ. Ямар нэг амьтны өндөг юм биш үү гэхэд дүү:

– Өндөг байтлаа шороонд булаатай, бас тэгээд ийм хатуу байна гэж үү? гээд нөгөө бөөрөнхийг шүдээрээ мэрж, савраараа маажсан ч хагарах нь байтугай яасан ч үгүй. Би айсандаа:

– Болиоч! Хамаагүй юм мэрж байж хордож үхэв!  Ээж хэлээ биз дээ. Газраас олдсон зүйлд бүү амаа хүргэ. Хортой байж мэднэ гэж гэхэд дүү учиргүй ярвайж ирээд:

– Нээрэн тийм шүү. Одоо тэгээд үүнийг яасан нь дээр вэ? гэхэд нь би:

– Яах юу байх вэ. Хоёулаа үүнийгээ өнхрүүлж аваачаад хадны хөндийд нуучихъя. Харин Энхрийхэнд энэ тухай мэдэгдээд яахав. /Ээж охин дүүд ийм нэр оноосон юм. Надад Сагсаахай. Эрэгтэй дүүд Сэгсээхэй. Энэ тухай би та нарт өмнө нь хэлж амжаагүй байж магадгүй шүү. Мартсан бол, уучлаарай…/  Цаадах чинь харвал шууд булаацалдана! гэж дүүд би сануулав.

Бид хоёр олсон олзоо хадан доогуур нууж орхиод юу ч болоогүй мэт агуй руугаа харьж, ээждээ наалдан нам унтлаа.

НУУЦ ИЛЭРЧ, ЭЭЖИД БАРИГДСАН НЬ

Энэ өглөө Сэгсээхэй бид хоёр яагаа ч үгүй эрт сэрчихлээ. Сэрээд сүүгээ ууж цадаад, нүүрээ шүлсээрээ угаачихаад тохирсон юм шиг үүдээр зэрэг ухасхийн гарахад ээж:

-Хар үүрээр хаа хүрэх нь вэ? гэхэд бид хоёр дуу нийлүүлэн:

-Холдохгүй ээ ээжээ. Ойрхон тоглож байгаа удахгүй ороод ирнэ гэцгээлээ.

Аз болоход Энхрийхэн нойроо дийлж сэрэхгүй байгаа бололтой унтсаар үлдэв. Сэгсээхэй бид хоёр өчигдрийн бөөрөнхийг нуусан газраа ирлээ. Сэгсээхэй  учиргүй баяртайгаар:

-Таныг өчигдөр хортой юм долоолоо гэхэд хэчнээн айв аа. Ээжид хэлээгүй болохоор нэг хэсэг нойр хүрэхгүй бөмбөрлөө. Харин өглөө босоод ирсэн чинь бие минь эв эрүүл, сав саруул байна. Одоо ахтайгаа олзны “бөмбөг”-өөрөө тоглоод байдаг хэрэг ээ. Та наанаа зогсож байгаарай. Би одоохон гээд бөөрөнхийг над руу өнхрүүлэв. Бид хоёр ч тоглож гарлаа. Хөгжилтэй тоглоомондоо улайраад хэн ирснийг ч анзаарсангүй.

Гэнэтхэн: “Больцгоо! Хэн та нарыг шувууны өндгөөр тогло гэсэн юм бэ. Лусын хорлол болно” гэх хяхарган дуунаар бид хоёр агзасхийтэл цочин эргэж хартал ээж ирчихсэн байв.

-Юу хийж байгаа золигнууд вэ! Хаанаас юун өндөг олоод аваа вэ? Энэ чинь үлэг гүрвэлийн өндөг үү дээ. Хачирхалтай юм даа. Олон зуун сая жилийн өмнөх чулуужсан өндгийг та нар олчихлоо гэж үү. Би өөрөө ч нүдээрээ харж байсангүй. Дуулснаас цаашгүй. Одоохон наадхаа орхиод агуйдаа оч! Та нарт ярьж хэлж өгөх зүйлс зөндөө байна гээд биднийг дагуулан явав.

 ИРВЭСҮҮД БИД ХЭН БЭ? БУЮУ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ГАЗАР ОРНЫ ТУХАЙ ЭЭЖИЙН ЯРИА

Сэгсээхэй бид хоёр ээжийн араас гэлдэрсээр агуйдаа орж ирэв. Ээж бид гурвыг зэрэгцүүлэн хэвтүүлээд:

-Ээ үрс минь дээ. Та нар минь арай л гэнэн хонгор байна. Үлэг гүрвэлийн өндгөөр тоглоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ яваа насандаа би ийм зүйл дуулаагүй юм байна. Юун азаар тоглосон өндөг нь үлэг гүрвэлийн чулуужсан өндөг байж таарав аа. Хэрвээ шувууны өндгөөр ингэж тоглосон бол бид өдийд юун ингэж хэвтэх. Тогоруу шувуу өндгийг нь хагалсан хүн, араатны голыг нь тасартал хараадаг юм гэхэд Энхрийхэн:

-Юу болсон юм бэ? гэж үгэнд дурлав.

-Ах, дүү хоёр чинь үлэг гүрвэлийн чулуужсан өндгөөр тоглож байсан юм гэхэд юуг нь ч ойлгоогүй Энхрийхэн нүд нь гурвалжлав. Ээж:

-Энэ явдлыг үүгээр дууссан гэж тооцьё. Харин би та гуравт: Бид хэн бэ? Хэн болж өсөж торних вэ? Ямаршуу газар орон, эзэмшил нутагт амьдардгийг цухас боловч хэлж өгье гэв.

Ирвэсүүд бид чинь Мий овгийнхон дотроо тийм ч олуулаа биш ээ. Дэлхий дээр нийтдээ зургаан мянга хүрэхтэй үгүйтэй л  байх. Садан сүлбээнийхэн гэвэл:  Арслан, Бар, Леопард, Геопард, Шилүүс, Мануулаас авахуулаад гэрийн муур хүртэл  оролцуулвал харин  ч овоо  олуулаа болоод явчихна.

Бид дэлхий дээр Орос, Хятад, Энэтхэг, Төвд, Балба, Пакистан, Бутан, Киргизстан, Казахстан, Афганистан, Тажикстан гээд арван хоёр улс оронд амьдардаг гэдэг. Эх Монгол нутагтаа гэвэл Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсад ёсөн зуун тавин гурвуулаа амьдардаг. Ээж чинь Гинс, аав чинь Гэнд, та нар бол Гүемнүүд. Үүнийгээ бол эрх биш та нар мэдэж байгаа. Яг бидний амьдран буй газар орон минь Говь гурван сайхан. Ирвэс бид нэг дор олуулаа амьдардаггүй. Гэнд бид хоёр жил болоод дийлэнхдээ ганц гүем төрүүлдэг. Харин та гурав минь гурвын гурвуулаа хүрээд ирсэн нь үнэхээр их аз шүү. Ээж чинь та нарыг хоёр нас хүртэл асарч тойглох үүрэгтэй. Түүнээс цааш та нар өөрсдийнхөө хувь тавиланг өөрсдөө олж, эзэмшил нутгаа тогтоон амьдарцгаах болно. Хаашаа ч явсан та нарын дур. Тэртээ алсад цэнхэртэх Тостын нуруу ч хүрч болно. Тэнд ах дүү нар чинь бас бий л байх. Амьдралын шалгуур хатуу гэдгийг би та нарт олон хэлж байгаа. Өлсөж байсан ч болох болохгүй юманд бүү хүр. Өнөөдрийнх шиг өндөгөнд бүр ч хүрч болохгүй. Угаас ирвэсүүд бид ууж идэх зүйл рүү улангасан дайрч учиргүй олноор нь сэглэж идэхийг цээрлэдэг. Нэг барьсан ангаа л идэж дуусгана. За ийм шив дээ. Одоо унтаж амарцгаа! гэв.

МӨРНӨӨС ҮҮДСЭН МАРГААН БУЮУ ДҮҮГИЙН ЗӨВ БАЙЖ

Маргааш өглөө нь билээ. Эртэчээрээ би түрүүлж сэрлээ гэж бодсон чинь эмэгтэй  дүү хэзээний сэрчихсэн савраараа нүүрээ угаагаад сууж байв. Энэ маань дүү бид хоёроос арай л илүү адтай болоод байгаа юм даа гэж би бодож амжив. Төрөөд  удаагүй байхаас л намайг дөнгөж эхэлсэн юм. Тэртээ нэгэн өглөө Энхрийхэн:

-Ахаа та гараад хар даа. Манай агуйгаас холгүйхэн хөх тэнгэрээс шовх хадан дээр алаг өнгийн эрээн зүйлс буусан байна. Та түүнээс дүүдээ жаахныг аваад ирээч гэхээр нь би үсрээд гарав. Нээрэн л яг агуйн үүдээр гартал хажууд шахам өнгө алагласан тоглоом шиг зүйлс тодрон байв. Би энэ зүйлсээс хоёр дүүдээ жоохныг тасдаж авчирч өгье гээд давхиад очтол алслаад явчихаж билээ. Ямар сонин юм. Саяхан л энүүхэнд байсан даа гээд ахиад араас нь элдэв. Ингэж араас нь хөөж барих гээд эцэж унатлаа харайлгасан ч тэр зүйл бүр ор мөргүй агаарт уусаад алга болчихов. Цөхөрч ядарсан би үүрэндээ амьсгаадсаар буцаж ирэхэд ээж:

-Солонго барьж авна гэнэ ээ! гээд шоолж инээснийг нь би санагалзав.

… Бороо орж эхэллээ. Үдийн хагас ороод бороо зогсож, тэнгэр цэлмэв. Борооны дараа би  булаг руу явлаа. Энэ удаад Сэгсээхэйг хэрэггүй гэж шийдсэн тул охин дүүгээ дагуулан явав. Ер нь энэ бид хоёр амь нэгтэй болоод ч байх шиг. Эрэгтэй дүү зарим өдөр дуу муутай дүнсийж, ээжийг бараадаж өнжих тул эмэгтэй дүүтэй ойлголцох нь илүү хялбар билээ. Бид хоёр булаг дээр ирж баахан тоглоод буцаж явтал шавар шавхайн дунд шал сонин нэг мөр байлаа. Палигар өргөн энэ мөрний дэргэд ирвэсийн гүем бидний мөр инээд хүрмээр жижигхэн аж. Энэ мөрийг ажвал асга хад болон агуйн ханан дээр байдаг амьтдын дүрс зурагтай дүйцүүлэх ч юм алга.  Эзэмшил нутгаа тэмдэглэсэн ээжийн самардастай ч бүр төс алга.

-Алмасынх биш байгаа? хэмээн дүү маань айсандаа сулхан дуугарахад

-Нээрэн юу билээ! гээд би дуугүй болов.

… Бүх бие нь битүү үсэнд хучигдсан аварга биет алмас гээч амьтан цавчим өндөр, цаст сарьдагаар хэсүүчлэн явдаг юм. Аав ээжийнхээ үгнээс зөрсөн хэний ч болов  үр төлийг анаж байгаад барьж аван, сугандаа хавчуулж явсаар агуйдаа аваачиж хорьдог. Агуй үүрнээс холдвол тэр алмас аваад явчихна шүү. Иииййй, аймаар!  гэж ээжийн ярьж байсан яриа энэхэн зуурт зурсхийн орж ирэв.

Алмасных баймааргүй бага болохоор баахан зориг орсон дүү бид хоёр уг мөрийг мөшгин болгоомжтойхон булгийн эх өөд хавцлыг өгсөн явлаа. Мөр алсарсаар асга хадны ирмэгт ирээд бүүр алга болов. Нуранги асганы дор нуугдсан байж магадгүй гэж дүү бид хоёр тааварлаад өндөрт байгаа асган дээрээс доош өлийж харлаа. Царай зүсээр барагтайхан нэг бяцхан бүрзгэр бор амьтан, асганы ёроолд суугаад муйтгар савраараа хармагны бут самардаж суув. Дүү надад:

-Энэ яалт ч үгүй алманцаг байна. Бидний хэрийн бие хаатай балчир амьтан гэдгийг нь та харж байгаа биз дээ. Бас чихэр амттай юманд дурлаж, гоёо сугалж хаясан байгааг нь харав уу. Хэрвээ ээж нь байсан бол том биерхэг байх ёстой гэв.

Би ах нь мөртлөө дүүгээсээ долоон дор юм мэддэг байж болохгүй гэж бодоод:

-Энэ амьтан их шуухитнаж байна. Хөгшин юм биш үү? гэхэд дүү:

-Хаанаас даа ах минь. Та бид хоёр ч гэсэн бороонд нороод бээрэхээрээ яадаг билээ. Энэ алманцаг хоол хайж энүүгээр тэрүүгээр бэдрээд амьсгаадаад байж байхад нь хоёулаа дээрээс нь орчихов бололтой гэхэд нь би:

-Чи ч мөн сайхан мэдэмхийрч байх шив. Тэгвэл их мэдэгч та ирвэс бид хэд насалдгийг мэддэг юм биш биз гэв.

-Та энүүхнийг мэдэхгүй гэж үү. Ирвэс бидний хорвоод амьдрах хугацаа арван гурван жил шүү дээ ах минь.

-Тийм бага уу? Үгүй байлгүй дээ. Ядаж гучин жил амьдардаг гэж би бодож байна гэв. Энхрийхэн:

-Дээд нас арван гурав гэж би таньд хэлээд байна шүү дээ. Ээжээс та асуугаад үзээрэй гэв.

Агуйдаа эргэн ирээд ээжээс би асуулаа. Ээж:

-Энхрийхэн зөв хэлжээ. Ирвэсүүд бид чинь ийм богинохон насладаг юм. Иймээс бие биенээ л хайрлаж амьдрах хэрэгтэй гэв.

Энэ удаа ч элдэвтэй дүүгийн зөв болж таарлаа. Энхрийхэн чамайг даа, хэзээ нэгэн өдөр ур ухаанаараа урд нь заавал гарна даа… хэмээн өөртөө ам тангараг өгсөн Сагсаахай урамгүйхэн унтахаар хэвтлээ.

Үргэлжлэл бий

П.Наранбаатар /Монгол ирвэс ТББ/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-14 150.129.140.31

Ямар хөөрхөн бичээ вэ? Яг л ингэдэг байх даа гэж нүдэндээ харж уншлаа. Үргэлжлэлийг уншихыг хүсэж байна. Амжилт

Avatar

Зочин 2021-05-14 192.82.67.240

Ямар хөөрхөн юм бэ

Avatar

зочин 2021-05-14 103.80.210.111

хөөрхөн ёстой нэг хайрлахгүй байхын арга алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж