Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн Алтанбулаг боомтын нөхцөл байдал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэж буй дархлаажуулалтын ажлын явцтай танилцлаа.
Хилийн Алтанбулаг боомт нь 24 цагийн горимд шилжсэн, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Боомтоор ердийн үед хоногт дунджаар 1,500-2,000 зорчигч, 500-700 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Оргил ачааллын үед буюу 6-8 дугаар сард өдөрт 2,500-3,000 зорчигч, 800-1000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна.
Засгийн газрын тогтоолын дагуу хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж, бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэн, гадаадын жолоочийн ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд нэвтрүүлэхгүйгээр чиргүүлийг нь хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар зохицуулж байна.
Аймгийн болон Мандал сумын гэсэн хоёр нэгдсэн эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн хуучирч муудсан эмнэлэгт Эрүүл мэндийн газар, сувилгаа шаардлагатай хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн хоёр төв байрладаг нь иргэдэд стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулдаг аж. Иймд шинээр эмнэлэг барих, Эрүүл мэндийн газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Эмнэлгийн байранд их засвар, сантехникийн бүрэн шинэчлэлт хийхэд 3,7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд зураг төслийг нь гаргасан байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад аймгийн зорилтот бүлгийн нийт иргэдийн 94,2 хувь нь хамрагдаж нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунд 15.000 хүн хамрагдаад байна. Ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь хил нээгдэх, ачаа, зорчигч тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэхэд чухал юм. Дархлаажуулалтад оролцож байгаа болон халдварын голомтод ажилласан эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цаг, урамшууллыг тухай бүрт нь олгож байна. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд нийт 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Дархлаажуулалтын явц сайн байгаад Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэлж эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлэв.