НЭМЭЛТ:
ШШГЕГ-ын харъяа 401 дүгээр хаалттай хорих ангиас 18.00 цагт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргалаа.
Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАНА
НЭМЭЛТ:
Хуралдаанаас шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэв.
Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Ц.Амгаланбаатар нь өөр хэрэгт хорих ял шийтгүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгааг дурдлаа.
ӨМГӨӨЛӨГЧИД Б.ЦОГТ ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗСАН Ч ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
НЭМЭЛТ:
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох шүүх хурал эхэлж, өмгөөлөгчдийн зүгээс шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн талын С.Оюуны өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан юм. Харин шүүгч Б.Цогт "Би өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлсэн өргөсөн тангарагтаа үнэнч явна. Дээд шүүхийн шүүгч нарт хэрэг хуваарилахад программ хуваарилдаг. Надад ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй учраас хэрэгтэй танилцаж, хуралдаанд оролцож байна. Төрийн албан хаагчдын хувийн, улстөрчдийн башир аргаар гутаан доромжилдог байдлаа болих хэрэгтэй. Мэргэжлийн өмгөөлөгч, хуульч хүн ийм байж болохгүй. Энэ хэрэг, маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хуваарилах нь компьютер программаар хуваарилагддаг учраас хэн нэгэн нь би өөрөө хүсээд сайн дураараа хийсэн зүйл байхгүй. Надад энэ хэргийг үнэн зөв шийдэх гэсэн хүсэл байгаа болохоос ямар нэг байдлаар хууль буруу ашиглах зүйл байхгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн дагуу шийдвэр гаргана" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ингээд шүүгчид зөвлөлдөж, Б.Цогт шүүгчийг шүүх хуралдаанаас гаргах үндэслэл байхгүй учраас хүсэлтийг хүчингүй болгон шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлэхээр шийдвэрлүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.05.14/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж байна.
Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн байна.
Ийнхүү дүгнэлт бичихдээ эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт "Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно" гэх заалтыг үндэслэх аж.
Холбоотой мэдээ