“Чихэр эмэгтэйн 147 хоног” номын зохиогч Б.Энхжаргал “Нил ягаан secret” нэртэй шинэхэн номоо хэвлүүлэн уншигчиддаа бэлэг бариад удаагүй байгаа билээ. Түүний бүтээл гарсан даруйдаа номын дэлгүүрүүдийн хамгийн эрэлттэй номын жагсаалтыг тэргүүлээд байна. Б.Энхжаргал "ТВ8" телевизэд сэтгүүлч, редактораар ажилладаг бөгөөд утга зохиолын салбарт ороод удаагүй ч амжилттай яваа залуу зохиолч юм. “Нил ягаан secret” хэмээх ялдамхан нэртэй хайр, дурсамжаар дүүрэн шинэхэн номынх нь тухай зохиогчтой ярилцсанаа хүргэе.
-“Нил ягаан secret” номоо гаргаад удаагүй ч номын дэлгүүрүүдийн бэстселлэрүүдэд тэргүүлж байгаад баяр хүргэе. Уншигчид сэтгэгдлээ илэрхийлээд яриагаа эхэлье?
-Баярлалаа. “Нил ягаан secret” номоо хэвлэлтээс аваад удаагүй байна. Гэсэн хэдий ч шилдэг борлуулалттай ном, бэстселлэр номын жагсаалтыг тэргүүлж эхэлснийг мэдээд маш их баярласан. Уншигчид өдөр бүр сайхан үгтэй урмын сэтгэгдэл, нийтлэл явуулсаар байгаа. Хүмүүсийн илгээсэн тэр бүх сайхан үгсийг унших хамгийн гоё байдаг.
-Номоо “Нил ягаан secret” нэрлэсэн учир, анх бичих санаагаа хэрхэн олов. Номынхоо уншигчдыг ямар аялалд хөтлөх вэ?
-Нэг жилийн өмнө номын нэрээ анх бодож олоод дотроо төсөөлсөн. Нил ягаан гэдэг бол өсвөр нас, анхны хайр, хэзээ ч мартагдахгүй дурсамжийг бүгдийг нэгтгэсэн нэр юм. “Нил ягаан нууц” номыг уншсан уншигч хаа нэгтээ үлдээсэн хөнгөн гунигаа үргээж, шүүрс алдмаар тийм аз жаргал гуниг хосолсон мэдрэмжийг олж аваасай бас өнгөрсөн цаг руугаа аялаад ирээсэй гэж бодож бичсэн.
-“Чихэр эмэгтэйн 147 хоног” хэмээх ном өмнө нь хэвлүүлсэн. Эдгээр бүтээлүүдэд адил төстэй талууд байгаа юу. Зохиолоороо юу илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Миний уншигчдын ихэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэр ч утгаараа “Чихэр эмэгтэйн 147 хоног”, “Нил ягаан secret” хоёр ном маань эмэгтэйчүүдэд зориулсан дурсамж, дурдатгал, мөрөөдөл болон өөрийгөө зохиолын гол дүрээс олж харах талаараа ижил төстэй. Уншигчид номоо уншиж дуусаад хөнгөн шүүрс алдаад хэн нэгэнд хайртай гэдгээ илэрхийлэх мэдрэмж төрж, ухаарал олж авч байвал номоо бичсэн санаа минь биелэлээ гэсэн үг.
-Ном бүтээж туурвих хүчийг өгдөг гол урамшуулагч, дэмжигч нь хэн бэ?
-Мэдээж 100 хувь уншигчид гэж хэлнэ.
-Уран зохиолтой холбогдсон түүхээ хуваалцвал?
-Арван жилийн сурагч байх үеэсээ л монгол хэл, бичгийн хичээлд дуртай байсан. Аавынхаа уншсан номыг дагаж уншсаар байгаад номын амтанд орсон. Номон дотор өөр ертөнц рүү орох хаалга байдаг. Номгүйгээр өөрийгөө, ирээдүйгээ огт төсөөлж чадахгүй.
-Цаашдын зорилго, нууц биш бол ямар зохиол бичихээр төлөвлөж байна вэ?
-Кино зохиол бичих миний ойрын зорилго. Гэхдээ ном бичих, кино зохиол бичих хоёр огт өөр учраас зориглож чадахгүй явсаар л байна. Гадаад хэл дээр номоо хэвлүүлж дэлхийд гарахыг хүсч мөрөөддөг. Миний ном хэн нэгний номын тавиур дээр байгаасай. Тэр нь миний хамгийн том шагнал болох болов уу гэж бодож, хүсч явдаг даа.