Японы цэргүүд АНУ, Францын талтай хамтран анх удаа гурван улсын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна. Гурван улсын хамтарсан сургуулилалтын зорилго нь цэрэг, армийн харилцаагаа бэхжүүлэх гэдгийг албаны эх сурвалжууд онцолжээ. “ARC21” гэж нэрлэгдсэн хамтарсан цэргийн сургуулилалт Япоын Нагасаки муж дахь Айноура баазад энэ долоо хоногийн эхээр эхэлсэн байна. Япон нь АНУ төдийгүй түүний холбоотон Франц зэрэг орнуудтай харилцаагаа цэрэг, армийн хүрээнд өргөжүүлэхийг хичээж буйн илрэл нь энэ цэргийн сургуулилалт гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгджээ. Японы талаас 100 орчим явган болон усан цэрэг хамтарсан цэргийн сургуулилалтад оролцож байгаа бол Франц, АНУ-ын талаас тус бүр 60 хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ.
Цэргийн сургуулилалт Японы алслагдсан арлыг гадаадын дайсны дайралтаас хамгаалах сэдвийн дор зохион байгуулагдсан нь олон улсын анхаарлыг илүүтэй татаж байна. Ерөнхийдөө иймэрхүү олон улсын хамтарсан цэргийн сургуулилалт нь цэрэг, армийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд зэвсэгт хүчний чадамжийг сайжруулах, мэдлэг, туршлагаа солилцоход илүүтэй чиглэгдсэн байдаг. Гэтэл энэхүү цэргийн сургуулилалт нь гадаадын дайралтын эсрэг авах арга хэмжээнд чиглэгджээ. Бүс нутаг дахь далай тэнгист Хятадын үйл ажиллагаанаас үүдэн хөрш орнуудад зөрчил нэмэгдэж буй энэ үед Японы талаас цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хичээж байгааг албаныхан мэдэгдэв. Зүүн Хятадын тэнгист явагдаж буй цэргийн сургуулилалтад Австрали улс мөн оролцохоор болсон аж. Япон нь Сенкакү/ Хятадаар Дяоюйдао/ бүлэг арлыг тойрсон газар нутгийн маргааны улмаас Бээжинтэй зөрчилддөг.
Киши Нобуогийн хэлсэнчлэн Франц нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байнга цэргээ байршуулсан Европын цор ганц орон бөгөөд бүс нутгийг нээлттэй, чөлөөт байдлыг дэмжсэн бодлого баримталдаг аж. Тиймээс Япон нь бүс нутаг дахь Франц улсын хөндлөнгийн оролцоог хүлээн авч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна.
ЕВРОПЫН ХОЛБОО
Франц нь Энэтхэгийн далай болон Өмнөд Номхон далайн бүс нутагт эзэмшил газар нутагтай тиймдээ ч энэ бүс нутагт стратегийн ашиг сонирхолтой юм. Түүнчлэн Их Британи нь бүс нутаг дахь оролцоогоо илүү нэмэгдүүлэхийг зорьж, энэ оны сүүлээр Элизабет хатаны нэрээр нэрлэгдсэн нисэх онгоц тээвэрлэгчээ илгээхээр төлөвлөж байна. Мөн Герман улсын зүгээс ч энэ бүс нутагт харуулын хөлөг онгоцоо илгээхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Европын орнуудын ашиг сонирхол, оролцоо нэмэгдэж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулна” хэмээн Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгджээ. Нөгөө талд Хятад улс нь нээлттэй, чөлөөт Энэтхэг-Номхон далайн Европын холбооны үзэл баримтлал нь хүйтэн дайны үеийн сэтгэхүйн дээр суурилсан хэмээн шүүмжилдэг.
АНУ
АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед гадаад бодлогын үндсэн чиглэлийг Ази, Номхон далайн бүс нутагт чиглүүлж, “дахин тэнцвэржүүлэх” бодлогыг зарласан ба тус бодлогын хүрээнд “Номхон далай дамнасан түншлэл”-ийг байгуулсан. Харин түүний дараагийн Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын үеийн мөрийн хөтөлбөрийн дагуу үүнийг цуцалсан боловч АНУ-ын гадаад бодлогод тус бүс нутгийн ач холбогдол үлэмж учир дээрх түншлэлийг дахин эхлүүлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ бүс нутгийн нэршлийг “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” болгон өөрчилсөн юм. Дональд Трампын Хятадын талаар баримталсан гадаад бодлого нь хоёр орны харилцааг өрсөлдөгчөөс илүүтэй сөргөлдөгч талууд болгон өөрчилсөн гэж судлаачид дүгнэдэг. Улмаар Хятад, АНУ-ын хооронд улс төр, эдийн засгийн зөрчил хурцдаж, худалдааны дайн эхэлсэн билээ.
ЯПОН
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн санаачилгаар анх 2007 онд ”Дөрвөлсөн“ хамтын ажиллагааг эхлүүлж, цэргийн хамтарсан сургуулилтад 2015 оноос хойш Япон байнгын оролцогч, Австрали нь албан бус оролцогчоор хамтран ажиллах болжээ. Харин тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт дахь Австралийн оролцоог байнгын, албан болгохыг энэтхэгүүд хүчтэй эсэргүүцдэг. Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилгыг бусад улс гүрнүүд Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг, эдийн засгийн хүчин чадлыг тогтоон барих оролдлого гэж үздэг. Мөн Хятадын Засгийн газрын зүгээс ч албан ёсны эсэргүүцлээ удаа дараалан дипломат шугамаар илэрхийлж ирсэн.
Абэ Шинзо нь Японы цэргийн хүчийг нэмэгдүүлж, олон улсын дипломат, аюулгүй байдлын харилцаанд үзүүлэх Токиогийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж ирсэн. Улмаар цэргийн амбицаа гүйцэлдүүлэхийн тулд түүний Засгийн газар дэлхийн II дайны дараа батлагдсан “Энхтайванч Үндсэн хуульдаа” өөрчлөлт оруулах алхмуудыг хийсэн нь дотооддоо нэлээдгүй маргаан, шүүмжлэл дагуулсан юм. Үндсэн хуулиа өөрчилсөнөөр Япон нь өөрийгөө хамгаалах хүчин гэж нэрлэгдэх армийн хүчин чадлаа өргөжүүлж, дэлхийн II дайнаас хойш анх удаа Токио холбоотон орнуудаа цэргийн хүчээр хамгаалах боломжтой болохыг зорьжээ.
Холбоотой мэдээ