Энэ жил цар тахалтай хэдий ч Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Тэгвэл Үндэсний баяр наадмын концертын найруулагчийг өнөөдөр /2021.05.14/ тодруулах аж.
Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон шалгаруулдаг.
Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн сурагтай. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмыг гурвуулаа хамтарч найруулж магадгүй гэсэн яриа ч сонсогдож байна.
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан.
"Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулсан юм. Хэрвээ 100 жилийн баяр наадмыг Б.Баатар найруулбал ашиг сонирхлын зөрчил гарна гэлцэх хүмүүс ч цөөнгүй байна. Түүний төрсөн дүү нь Л.Оюун-Эрдэнэ. Тиймээс Үндэсний баяр наадмын найруулагчид нэр дэвшээд буй уран бүтээлчидтэй холбогдож, байр суурийг нь сонслоо.
“100 ЖИЛИЙН ОЙГООР ГУРВАН НАЙРУУЛАГЧ НЭГДЭЖ, НАЙРУУЛАХ ТАЛААР ЯРЬЖ БАЙГАА”
Үндэсний урлагийн их театрын захирал, УГЗ Г.Цоггэрэл:
-Үндэсний урлагийн их театр маань 70 жилийн ойгоо тэмдэглэхээр уран бүтээл төлөвлөсөн байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас бүх ажил хойшлогдсон. Одоо Монгол Улсын Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцох гэж байна. Үндэсний баяр наадмын найруулагчаар хэн ажиллах эсэхийг маргааш /2021.05.14/ шийднэ гэсэн.
Миний хувьд 2019 оны Үндэсний баяр наадмын концертыг найруулсан. Өмнө нь 2018 оны наадмын концертын ерөнхий продюсер, 2020 оны наадмын цахим концертод уран сайхны удирдагчаар оролцсон. Өнгөрөгч 2020 оны баяр наадмын цахим концерт бол цэвэр Үндэсний урлагийн их театрын 200 гаруй уран бүтээлчийн нуруун дээр боссон гэж хэлж болно. Би 2022 онд 10 дахь жилдээ Үндэсний урлагийн их театрт ажиллах гэж байна. Энэ жил баяр наадмын концертод ажиллах юм бол тасралтгүй есөн жил ажиллах юм. Би Төрийн хүндэтгэлийн концертыг гурван удаа найруулсан. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Наадмын найруулагчаар Н.Наранбаатар, Б.Баатар, Г.Цоггэрэл бид гурвын нэр явж байгаа гэж сонссон. Бид нэгдэж, Үндэсний баяр наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж ч магадгүй. Энэ асуудлыг Соёл урлагийн хороон дээр шийдвэрлэнэ. Ер нь гурван найруулагч 100 жилийн ойн концертод нэгдэж, нэг санаагаар хийх тухай ярьж байгаа юм билээ. Бидэнд албан ёсоор мэдээлсэн зүйл алга.
“БАЯР НААДМЫН НАЙРУУЛАГЧААР ГУРАВ, ТӨРИЙН КОНЦЕРТЫГ ХОЁР УДАА НАЙРУУЛСАН”
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар:
-Надад албан ёсоор баяр наадмын найруулагчаар ажиллана гэж мэдэгдээгүй байна. Би өмнө нь 2016, 2017, 2018 оны Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулсан. Нэг нь баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нөгөөх нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсныг Соёлын хорооны даргаар ажиллаж байхад 2013 онд юм уу сар шинийн баяраар “Уяхан замбуу тивийн наран” гээд Төрийн хүндэтгэлийн концерт хийсэн юм байна.
Театрынхаа 90 жилийн ойд зориулсан “Хаадын хаан” хэмээх шинэ жүжгээ уран сайхны зөвлөлөөр оруулах гээд бэлтгэл ажлаа базаагаад явж байна.
“ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НААДМЫГ БИ МӨНГӨ АВАЛГҮЙГЭЭР НАЙРУУЛСАН”
“Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар:
-Баяр наадмын комисс л наадмын найруулагчийг тодруулах байх. Ер нь үе үеийн наадамд монгол даяараа урлагийн бүх байгууллагууд оролцдог. Тэгээд л найруулагч нь солигддог шүү дээ. Монгол Улсад анх баяр наадам хэрхэн үүссэн талаарх философийг барьж явах ёстой юм билээ. Цаг хугацаа өнгөрч, удах тусмаа баяр наадмын уламжлалт философи, мөн чанар нь алсарчихаад байна. Тэр түүх рүүгээ жаахан дөхүүлж, баяр наадмыг найруулах нь зөв байгаа юм.
Өнгөрсөн 2020 оны Улсын наадам дээр би өөрөө хувь уран бүтээлч Б.Баатарын хувьд ямар нэгэн мөнгөн төгрөг авахгүйгээр ажилласан. Цар тахлын үе байсан учраас цахим наадмыг найруулж, ажилласан. “Hero” энтертайнментийн уран бүтээлчид хувиараа баяр наадмын концертод ажиллаж болно. Тэрнээс биш “Hero” энтертайнмент баяр наадам, тэр дундаа төртэй холбоотой ажилд орохгүй. Жишээлбэл, Хүүхдийн төлөө фонд, Карантен 14 шоу нэвтрүүлэг, Мэдээллийн урсгал зэрэг үйл ажиллагаатай манайх ямар ч хамааралгүй. Би тэр болгонд гараад яриад байлтай биш. Ер нь “Hero” энтертайнментад тодорхой хэмжээний хувийг өөрөө эзэмшдэг учраас улстай холбоотой бизнес эрхлэх, мөнгө санхүүгийн асуудалд орох нь болохгүй зүйл учраас тийм асуудал байхгүй.
Холбоотой мэдээ