Допингтой бөхчүүдийн цолыг хурааж, маргааныг цэгцлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Допингтой бөхчүүдийн цолыг хурааж, маргааныг цэгцлэх ёстой

Допингтой бөхчүүдийн цолыг хурааж, маргааныг цэгцлэх ёстой

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын талаарх яриа ойрын өдрүүдэд эрчийг авч байна. Нийт 1024 бөх барилдуулж, баяр наадмыг үзэгчидтэй зохион байгуулахаа албаны хүмүүс зарлах болсон. Гэвч эргэлзээтэй үлдсэн өмнөх асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх вэ. Допинг тойрсон хэрүүлүүд, цол нөхөн олгох, хураах маргаанууд хоёр жил тойрон үргэлжиллээ.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЦОЛ ХУРААЖ, ЦОЛ НӨХӨН ОЛГОНО

Наадам болгоныг дагасан допингийн маргаан, цолны хэрүүл өдийг хүрлээ. Улсын цол, чимгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, мөн хураах хуультай. Тэгэхээр Э.Оюунболдын Монгол Улсын аварга  цолтой хураагдаагүй гэсэн үг. Мөн 99 жилийн ойн баяр наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын цол, чимэг ч хэвээр байгаа.

Тэгвэл ерөнхийлөгч олгосон цолоо хураах, допингийн золиос болсон бөхчүүдийн цол чимгийг нөхөн олгох зарлиг гаргавал дараах бөхчүүд цол чимэг хүртэнэ.

Улсын аварга Э.Оюунболдод унасан бөхчүүд:

  • Улсын начин Н.Мустафа Өсөх идэр чимэг
  • Улсын начин Б.Цэдэнсодном Улсын харцага цол
  • Улсын харцага Д.Анар Улсын заан цол
  • Улсын харцага Д.Содномдорж Үлэмж бадрах чимэг
  • Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цол тус тус нөхөн хүртэнэ.

Улсын аварга Н.Батсуурьд унасан бөхчүүд:

  • Аймгийн арслан Б.Суманчулуун Улсын начин цол
  • Улсын начин Ц.Мөнхбаяр Улсын харцага цол
  • Улсын харцага Ц.Одбаяр Улсын заан цол
  • Улсын заан М.Бадарч Улсын гарьд цол тус тус нөхөн хүртэнэ.

Улсын арслан Р.Пүрэвдагвад унасан бөхчүүд:

  • Улсын начин Б.Эрдэнэхүү Өсөх идэр чимэг
  • Улсын начин Ш.Пүрэвгарьд Улсын харцага цол тус тус нөхөн хүртэнэ.

Улсын харцага Б.Бат-Оршиход унасан бөхчүүд:

  • Аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын начин цол
  • Улсын начин Б.Орхонбаяр Улсын харцага цол тус тус нөхөн хүртэнэ.

Үүнээс гадна дараах бөхчүүдийн цол, чимгийг хураана.

  • Э.Оюунболдын Улсын аварга цолыг
  • Н.Батсуурийн Тод сонин чимгийг
  • Р.Пүрэвдагвын Үнэн зоригт чимгийг
  • Б.Бат-Оршихын Улсын харцага цолыг тус тус хураана.

Допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын начин Д.Цэрэнтогтоход тавын даваанд унасан О.Хангай харцага өнгөрсөн жил “Өсөх идэр” чимгээ нөхөн хүртсэн билээ. Харин Д.Цэрэнтогтохтой адил допингийн шинжилгээнд нэг жил хамт бүдэрсэн Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг одоог хүртэл нөхөн олгоогүй байгаа нь хачирхалтай.

Цол, чимэг нөхөн хүртэж байгаа бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хуулийн зохицуулалт байхгүй.

Цол, чимэг нөхөн олгох асуудал дээр бөх сонирхогчид хоёр байр суурьтай байгаа. Нэг тал нь допингтой бөхөд унасан бөхчүүдийн цол чимгийг нөхөн олгох нь зөв гэж үзэж байгаа бол нөгөө тал нь даваагүй бөхөд яаж цол, чимэг олгох юм бэ гэсэн бодолтой байна. Өөрөөр хэлбэл, тав даваагүй хэрнээ допингтой бөхөд унасан гэх шалтгаанаар улсын начин цол авах гэж байгаад зарим бөхийн хорхойтнууд дургүй байна. Угтаа олон улсын жишигт допингтой нэр холбогдсон тамирчны амжилтыг хүчингүйд тооцож, медаль, шагналыг нь хурааж, дараагийн тамирчинд нь нөхөн олгодог журамтай. Олимп, дэлхийн аваргын медалиа хураалгасан, мөн медалиа нөхөн авсан олон тохиолдлыг бид мэднэ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо элдэв будлиангүй цолын эрэмбээ зөв гаргаж, наадъя.

ДОПИНГИЙН ШИЙТГЭЛИЙГ ЧАНГАТГАНА

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд допингтой нэр холбогдсон бүх бөх барилдах болно. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболд, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших зэрэг бөхчүүд бүгд ирэх наадмаар зодоглоно. Тэдний барилдах эрх сэргэсэн гэсэн үг. Угтаа допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасч, хүртсэн цол, шагналыг нь хураана гээд Үндэсний баяр наадмын тухай хуулинд заачихсан байдаг. Харин ямар шалтгаанаар дээрх бөхчүүдийн барилдах эрхийг нэг жилээр ч биш 11 сараар хассан юм бэ? WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмэнд зааснаар тухайн тамирчин нь санамсаргүйгээр, болгоомжгүй байдлаасаа болж допингийн шинжилгээнд бүдэрсэн гэдгээ нотолж чадвал эрхийг нь нэг жилээр хасдаг аж. Харин дээрх бөхчүүд санамсаргүй байдлаар допингийн золиос болсон гэдгээ нотолсон эсэх нь нууц хэвээр. Эсвэл 100 жилийн ой тохиолдож байгаа гээд өршөөл үзүүлсэн юм болов уу? Бөхийн салбар хороо яг ямар шалтгаанаар допинг илэрсэн бөхчүүдийн эрхийг 11 сараар хасах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлж, энэ санал нь дэмжигдэв?

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоогийн Бөхийн салбар хороог татан буулгах нь зүйтэй хэмээн үзэж байсан. Өчигдөр/2021.05.13/ тэрбээр “Допингийн асуудалд МҮБХ-ны 2017 онд допингийн талаар гаргасан журмыг баримтлан хатуу байр суурьтайгаар ажиллана. Хуулийн төсөлд допинг хэрэглэвэл дөрвөн жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа. Энэ цаг үед ажиллаж байгаагийн хувьд монгол бөхөд гарч байгаа допинг, бусад ёс бус үйлдлүүдийг арилгахын төлөө хичээн ажиллах бөгөөд хэн нэгэн иргэн, төрийн өндөр албан тушаалтан, бөхийн нөлөөлөлд автахгүйгээр ажиллана” хэмээн мэдэгдсэн.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 27-ны хуралдааны үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Допингийн тухайд шинжилгээг нь Монголд хийх боломжгүй. Манайд лабораторийг нь оруулж ирэх ямар нэгэн боломж байхгүй. Хятад улс гэхэд л лабораторийнхоо эрхийг дэлхийн допингийн эсрэг агентлагаас хасуулаад бараг таван зуугаад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж эргэн эрхээ сэргээсэн. Манайд тийм их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах боломж нь байхгүй. Тийм учраас бид нар Солонгос руу дээжээ явуулаад, тэндээсээ шинжилгээнийхээ хариуг авчирдаг. Манайд допингийн эсрэг үндэсний дүрэм гэж байхгүй. Зөвхөн олон улсын дүрмийн хэмжээнд яваад байдаг. Тийм учраас яаралтай допингийн эсрэг байгууллага маань допингийн эсрэг үндэсний дүрмээ батлуулах шаардлагатай байгаа юм. Тэгэх юм бол, түүн дээр бүх заалтууд нь ороод тэр шинжилгээ хийгээд эргээд хариу нь ирэх хугацаа, дээрээс нь нэмээд хэн нь зарлах вэ гээд асуудлуудыг шийдчих боломжтой” гэж ярьсан.

Ямартай ч дээдчүүд баяр наадмын тухай хууль дүрмээ шинэчлэн баталж, цол, чимгээ хураах эсэх талаар хэлэлцэж байх хойгуур бөхчүүд ч 100 жилийнхээ бэлтгэлийг чамбайруулж байгаа сурагтай. Э.Оюунболд аварга тэргүүтэй Хэнтийн бөхчүүд, Э.Бүрэнтөгс аварга тэргүүтэй Аврагч спортын хорооны бөхчүүд, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй Төв аймгийн бөхчүүд хэдийнэ цугларалтанд гарсан гэнэ. Аймаг, спорт хороодын бөхчүүд бүгд л тус тусынхаа бэлтгэлийг хийж, 100 жилийн ойн баяр наадамдаа урамтай сайхан барилдахыг хүсч байгаа нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж