Covid-19 халдварын улмаас экспорт, импорт тэг зогсолт хийж, орлого нь багасч, хөрөнгө оруулалт царцан, аж ахуйн нэгжүүд хөл хориот нэг жил гаруй болсон. Ажлын байраа хадгалж үлдэх, ажилчдаа хоолтой байлгахаас гадна тэд ахмадын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын цалинг цагт нь тавьсаар ирэв. Төр халамжаа нэмэгдүүлж, татвар төлөгчид цар тахлын үед байдгаа шавхжээ.
Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгч болон хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг зарлав. Тэдэнд төр төдийгүй тэтгэвэр, тэтгэмж авагчид, төрийн албан хаагчид, эмч багш нар талархах ёстой юм.
Татварын алба өнгөрсөн онд 5.6 их наядын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 5.4 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлжээ.
Хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийн дийлэнх нь бидний ад үздэг уул уурхайн компаниуд. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК зэрэг компаниуд татвар төлөгчдийг манлайлсан байна. "Оюутолгой"-н хөрөнгө оруулагчдыг хөөе, гэрээгээ цуцалъя гэж монголчуул хашгирдаг.
Гэвч, бидний хөөж гаргахыг хүсээд байгаа "Оюутолгой" ХХК өнгөрсөн жил 350.7 тэрбум төгрөгийг татварт төлжээ. Өөрөөр хэлбэл, хүнд хэцүү цаг үед уул уурхай монголчуудыг "тэжээж" байгаа ганц салбар нь уул уурхай болсон байна.
Ингээд цар тахлын үед татвар төлөгчдөд ямар бэрхшээлд зовлон учрав, төр тэднийг бодлогоор хэрхэн дэмжсэн талаарх баялаг бүтээгчдийн байр суурийг сонслоо.
2010 ОНООС ХОЙШ НИЙТ 11.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДОТООДОД ЗАРЦУУЛСАН
“Оюутолгой” ХХК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “2020 онд дэлхий нийтээрээ урьд өмнө тулгарч байгаагүй шинэ сорилт бэрхшээл болох Covid-19 халдвартай нүүр тулсан. “Оюутолгой” компани ч үүнийг тойрч гараагүй. Цар тахлаас шалтгаалан бид ажлын шинэ хэлбэр, арга барилд суралцаж байна. Хамт олны маань цөөнгүй хэсэг уурхайн цогцолбор дээр уртасгасан хуваариар, хэдэн долоо хоног сунан ажилласан. Үлдсэн хэсэг нь гэрээсээ ажиллахын хажуугаар ахуй амьдралаа зохицуулж, олон улсын нислэг зогссон учраас зарим нь гэр бүлээсээ олон сараар хол байх шаардлагатай болсон. Олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч 2020 онд бид хамтдаа мэрийн ажиллаж, үүрэг амлалтаа аюул осолгүй биелүүлж, өндөр бүтээмжтэй ажиллаж чадлаа.
Цар тахлын нөлөөлөлтэй нүүр тулсан хэдий ч ил уурхай, гүний уурхайн төсөл, баяжуулах үйлдвэрийн багууд маань өндөр бүтээмжтэй ажилсан. 2020 онд цар тахлаас урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээний үед баяжмалын тээвэрлэлтээ БНХАУ-ын хилээр зогсолтгүй нэвтрүүлж, зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн.
Монгол Улсын эдийн засгийн чухал тулгуур баганын хувьд бид Монгол орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө тууштай ажилласаар байна. Бид бүс нутаг, орон нутгийн ард иргэдтэй сайн түншийн харилцаагаа улам бэхжүүлэн, үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж, цар тахлын эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хувь нэмрээ оруулсаар байна.
“Оюутолгой” компани 2010 оноос хойш нийт 11.6 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулсан. Энэ бол Монгол Улсад оруулсан гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт.
Бид татвар, хураамж, үндэсний болон орон нутгийн худалдан авалт, цалин хөлс болон бусад шимтгэлд төлсөн төлбөрийн хэмжээгээр өнгөрсөн арван жилийн хугацаанд нийгэм, улс орны эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж ирлээ.“Оюутолгой” ХХК нь татварын хууль, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж татвараа цаг хугацаанд нь, бүрэн төлж ажилладгаараа бахархдаг. 2020 оны эцсийн байдлаар “Оюутолгой” компанийн нийт ажилтны тоо 12364 байснаас ихэнх хувийг буюу 95.4 хувийг монголчууд бүрдүүлж байна. Мөн бидэнтэй хамтран ажилладаг дотоодын ханган нийлүүлэгч компаниуд маань олон зуу, мянган ажлын байр бий болгож нийгэмдээ хувь нэмэр оруулж, үнэ цэнэ бүтээлцэж байна” гэв.
МАШИН, МАХИНИЗМЫН ДАГАЛДАХ СЭЛБЭГИЙГ ХӨЛ ХОРИОНД ТАСРАЛТГҮЙ НИЙЛҮҮЛСЭН НЬ ТАТВАРАА ТӨЛӨХӨД ТУС БОЛСОН
Татварын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий газар татвар төлөгч ААН, байгууллагуудыг том, дунд, жижиг, бичил гэсэн сегмэнтэд хуваажээ. Сегмент бүрд таван компани байх аж. Том сегментээс “Niseech” интернэшнл ХХК-ийг жишээ татаж байна. Тус компани өнгөрсөн жил 500 сая төгрөгийг татварт төлжээ. “Niseech” интернэшнл ХХК нь 2003 оноос уул уурхай, зам, барилгын салбарын машин механизм, тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгслийг нийлүүлж, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Цар тахлын үед татвар төлөхөд тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар тус компаниас тодруулахад “Уул уурхайгаас хамааралтай бизнес учраас хөл хорио мэдээж нөлөөлнө. Манайх Хятадын улсын үйлдвэрлэлийн компанийн Монгол дахь албан ёсны салбар нь. Машин махинизмын дагалдах сэлбэгийг хөл хорионд тасралтгүй нийлүүлсэн нь татвараа цаг тухайд нь төлөхөд тус нэмэр болсон. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үед орон нутагруу борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон сэлбэгийн ханган нийлүүлэлт хийхэд хүндрэлтэй байсан. Бид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш ногдуулсан татварыг хуулийн хугацаанд төлөхийг эрмэлзэж ирсэн, хөл хорионы үед ажилчдынхаа цалинг тасралтгүй олгож байна. Манай компани 2011 онд хамгийн их татвар төлсөн 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч 1.44 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан. Цар тахалын хүнд нөхцөлд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаад манай хамт олон баяртай байна” гэлээ.
Холбоотой мэдээ