АНУ-ын хамгийн том түлш дамжуулагч “Colonial Pipeline” өнгөрсөн долоо хоногт хакерын халдлагад өртөж, үйл ажиллаагаа нь бүрэн доголдсон билээ. “DarkSide” гэх хакерын бүлэглэл энэ халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, мэдээллийг нууцлан шифрлэснийг тайлахын тулд мөнгө нэхсэн байна.
Хэд хоногийн турш саатсаны дараа түлш дамжуулах ажлыг хэсэгчлэн сэргээж эхэлснээ “Colonial Pipeline” мэдэгджээ. Гэхдээ хакерын халдлагын дараа үйл ажиллагааг бүрэн сэргээхэд дахин хэдэн өдрийн хугацаа шаардагдах аж. Харин хакерууд хэдий хэмжээний мөнгө нэхсэн, нэхсэн мөнгийг нь төлсөн эсэх талаар “Colonial Pipeline” мэдээлээгүй хэвээр байгаа юм.
Өдөр бүр 2,5 сая баррель газрын тосны бүтээгдэхүүнийг дорнод болон өмнөд мужууд руу дамжуулдаг “Colonial Pipeline” хийн хоолой нь АНУ-ын дорнод эргийн шатахууны нийлүүлэлтийн тал орчим хувийг хангадаг.
Энэ хооронд АНУ-ын хэд хэдэн мужид шатахууны нийлүүлэлт тасалдаж, зарим шатахуун түгээх станцууд хаагдсан байна. Шатахуун түгээх газруудын гадна автомашины урт дараалал үүсч, иргэд зориулалтын бус саванд задгайгаар шатахуунаа нөөцлөх тохиолдол ихэсчээ. Зарим хүмүүс бүр гялгар уутанд ч шатахуун нөөцөлж, шатахуун авах гэж ирсэн иргэд гар зөрүүлсэн тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Мөн зарим шатахуун түгээх станцууд нэг хүнд худалдах шатахууны хэмжээнд хязгаарлалт тавьсан байна.
Хомсдол нүүрлэсний улмаас түлшний үнэ 2014 оноос хойших хамгийн өндөр хэмжээндээ хүрчээ. Иймд эрх баригчид америкчуудыг түлш нөөцлөхгүй байхыг уриалсаар байна.
Эх сурвалж: ABC.NET.AU
Холбоотой мэдээ