АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна

АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна

Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Засгийн газарт "Дүн тавих" цаг – 4:11″ мэдээллээ хийлээ. Тус нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоног хангалтгүй ажилласан гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. Улсын хэмжээнд 46800 хүн Covid-19-т өртсөн байдалтай Засгийн газар 100 хоногтойгоо золголоо. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо эрс нэмэгдсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд 18.4 тэрбумын зардал гаргасан ч сөрөг үр дагавар авчирлаа. Халдвар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдсэн үед өвдсөн иргэд хаана, хэнд хандахаа мэдэхээ больсон. Төрийн байгууллагууд нь утсаа авдаггүй, эмнэлгүүд нь тоохоо больсон. Халдварт өртсөн иргэд алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эмч, эмнэлгийн ажилтны нөөц шавхагдаж, эмнэлгийн нөөц тусламж хүрсэнгүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг шийдэж чадалгүй, зохион байгуулалтгүй байлаа. Хөл хорионы үеэр автомашин хориглож автобусанд чихэх, цагийн хязгаарлалт тогтоож, нэг дор бөөгнүүлэх арга хэмжээнүүд авсныг иргэд шүүмжилсэн. Яагаад ийм арга хэмжээ авсан нь тун ойлгомжгүй байлаа.

2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна. Энэ төсөв мөнгөний зарцуулалт үр ашиггүй байсан, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай. Эдийн засаг маш хүнд байдалтай байна. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчиж, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл болсныг шүүмжилж байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авах чиглэлээр хэрэгжиж байна.

Өнгөрсөн онд улсын төсөвт тодотгол хийлгүй, үр ашиггүй үрэлгэн цаг үеийн нөхцөлд тохироогүй төсөв мөнгөний асар их зарцуулалт хийсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо. Энэ оны эхний таван сард ч энэ байдал үргэлжилж байна. Мөн адил Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төсөв мөнгөний зарцуулалтад болгоомжилж байна.

Ажлын байрыг дэмжих зээл ойлгомжгүй, хүртээмжгүй байна. Энэ зээл хаана, хэнд олгогдож байгаад бид хяналт тавина. Дашрамд дурдахад, улсын гадаад өр нийт 32.2 тэрбум ам.доллар болж өссөн байна. Өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969 сая ам.доллараар тус тус өссөн байдалтай. Эдийн засгийн суурь үзүүлэлт маш хүнд байна. Удаа дараалсан таван удаагийн хатуу хөл хорионы үр дүнд Монгол Улсад давхар стандарт үүсчихлээ. Иргэд хоригдож, танилтай нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж, QR кодоо авдаг. Жишээ нь, Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн улаан бүсэд дураараа явж байхад иргэд өвчин нь хүндэрсэн эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй хагацсан олон тохиолдол бий. Цар тахлын нөлөө, хатуу хөл хорио иргэдэд хүнд тусч байхад дарга нарт зөөлөн бас ашигтай  байна. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын салбарт цэрэг амиа алдсан, даргаа буудаж хөнөөсөн асуудлууд гарч байгаа ч Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй, бас хариуцлага хүлээсэнгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдээ цэрэгт явуулна гэсэн болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийгээ дарах гэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож ял эдэлж буй Т.Чимгээг хорих ангид эргэж, шоу болгосон. Эргээд энэ нь хууль хүчний бие даасан үйл ажиллагаанд нөлөөлсөн зохисгүй үйлдлээрээ болчимгүй мэдээллийг дарсан.

Мөн “Карентин-14” шоу, “Мэдээллийн урсгал” зэрэг олон нийтийг тайвшруулсан үзэл суртлын, коммунист шинж чанартай шоу арга хэмжээ зохион байгуулсан. Ерөнхийд нь дүгнэвэл, Засгийн газар 100 хоногт гал унтраах маягтай, амиа аргацаасан популист арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, асуудлыг ул үндсээр нь шийдэж чадаагүйг дээрх бүх ажлын үр дүн харууллаа.

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хооронд уялдаа байхгүй, хоорондоо зөрчилдсөн шийдвэр гаргаж, цар тахлыг барьж чадаагүй. Энэ бол алдаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хөрөнгө санхүүг оновчтой зарцуулж чадсангүй. Цар тахалтай тэмцэх ажлын хөрөнгө зарцуулалт далд нуугдмал байна. Үүний цаана авлигын сүлжээ байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудалд Ардчилсан нам хяналт тавьж ажиллана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өөрсдийнх нь хэлсэн шиг амжилттай байсангүй. Харин ч өнөөдрийн асуудал бэрхшээл зовлон, хүндрэлийг нэмсэн. 2021-2030 хүртэл Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлнэ гэх дараагийн мөрөөдлөө ярьж, иргэдийг тайвшруулан аргацааж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульдаа зориулсан явуургүй мэдэгдэл хйиж байна. Засгийн газар цар тахлыг арван сар дотоодод алдаагүй гэдгээрээ сайрхаж байгаа ч эсрэгээрээ эдийн засгаа хорьж, бизнес эрхлэгчдээ элгээр нь хэвтүүлж, хүүхдүүдийг хоёр жил дараалан хорьж, дэлхийн боловсролоос хоцроосон.

Мөн 100 хоногийн тайлан мэдээлэлд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл ус, тог, цахилгаан дулааны татварыг хөнгөлж, хүүхдийн мөнгө олгож буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байна гэж хэлсэн. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед хэрэгжих ямар ч боломжгүй хатуу үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Худал төөрөгдүүлсэн мэдээллийг иргэд ойлгох ёстой. Бодит байдал дээр улсын хэмжээнд хэрэгжих ёстой байсан маш том төслүүд зогссон. Дарханы зам хаана байна, төв цэвэрлэх байгууламж хаана байна? Ялангуяа хаврын улиралд тухайн жилийн суурь ажлыг хийдэг ч өнөөдөр бүхлээр нь хорьчихлоо. Улирлын чанартай бизнес эрхлэгчид үгээ барсан байдалтай байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж буй юм.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Засгийн газрын гишүүд өнөөдөр гэмт хэргийн талаар ам булаалдан ярьдаг буруу зарчим тогтлоо. Жишээ нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэрэг ярьдаг боллоо. Энэ хүн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд байхдаа хэрэг ярьдаг байсан. Одоо ч  ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа хэрэг ярьж байна. Прокурор, цагдаагийн байгууллага бодит мэдээлэл ярих ёстой болохоос биш улстөрч хэрэг ярьдаггүй юм. Тиймээс Ардчилсан нам бүх зүйл хуулийн дагуу гэсэн зарчмын байр суурьтай байгааг илэрхийлье.

ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭХНИЙ АСУУДАЛ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

АН-ын Нарийн бичгийг дарга Б.ГАРАМГАЙБААТАР:

-Ардчилсан нам 2012-2015 онд Засгийн газрыг толгойлж ажиллаж байхад Ардын нам гуравхан зүйл хэлж байв. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн бүр 15 саяын өрөнд орсон. Хоёрдугаарт, Ардчилсан нам Засгийн газрыг өрөнд оруулсан. Гуравдугаарт, бусад зүйл. Монгол ардын намын үед буюу өнөөдөр 15 саяын өр гурав дахин өссөн. Уг нь өрийг бууруулах гэж л УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Дараа нь Засгийн газрын өрийн асуудал. Монгол Улсын гадаад өр буураагүй өссөн. Ингэхдээ өрийг өрөөр сольж, цар тахалтай холбогдуулан асар их гадаадын буцалтгүй тусламж, валютын зээлүүд авсан. Үүний тайлан мэдээ нууцлагдмал. Шалтгаан нь цар тахалтай холбоотойгоор мэдээллийн дэлгэрэнгүй тайлангууд өгөхгүй байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон учраас хүмүүсийн зовлон дээр л тоглож байна. МАН иргэдийн тархийг маш сайн угааж байна. Ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролгүй, иргэдээ орлогогүй болгосон бухимдал дээр нь МАН хайр хишгээ хүртээж, ард түмнийг зальдаж байна. Энэ бүхний хариуцлагыг бид хэзээ үүрүүлэх юм бэ? Энэ бүхний хариуцлагыг нь хүлээлгэх эхний асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Ардчилсан намаас нэг намын дарангуйллын эсрэг зайлшгүй хөндлөнгийн хяналт тавих Ерөнхийлөгчийг төлөөллөөр ажиллуулах ёстой гэж үзэж байна.

ШҮҮХЭЭС БҮРТГЭВЭЛ НАМЫН ДОТООД ЗӨРЧИЛ ГЭЖ ХАРАГДАЖ БУЙ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭНЭ

Ардын намын дотоод маргаантай холбоотой асуудлаар М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Б.Гарамгайбаатар нар дараах асуултад хариулт өглөө.

-Засгийн газрын бүрэн хэрэгжээгүй ажлыг өөнтөглөж байгаа Ардчилсан нам өөрсдөө дотроо хуваагдсан асуудлаа шийдэж байна уу. Тамганы маргаантай асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

М.ТУЛГАТ: Ажил хийж буй хүнд алдаа дутагдал гардаг. Алдааг нь бас хэлж байх ёстой. Бид Засгийн газрын ажил 100 хувь сайн байна гэж хэлж болохгүй. Ардчилсан нам үгээ хэлнэ. Бидний хувьд төлөвлөгөөний дагуу намын даргын сунгаа явуулж, Их хурлаа зохион байгуулсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулж, хурлаараа батламжилж, хуулийн дагуу намын бүртгэлээ Улсын дээд шүүхэд өгсөн. Шүүх, холбогдох байгууллагуудыг ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байгаа юм. Бид бүх холбогдох материалаа өгсөн. Шүүх эцсийн байдлаар бүртгэхийг л хүлээж байна. Энэ асуудал удааширснаас болж намын зарим нөхөд маань Ардчилсан намыг жинхэнэ Ардчилсан нам нь энд байна хэмээн намын гишүүдээ, олон нийтийг төөрөгдүүлж байна. Шүүхийн бүртгэлийн асуудал нэг талдаа гарвал намын дотоод зөрчил гэж харагдаж буй зүйл байхгүй болно. Мэдээж бүх асуудал тамгаар шийдэгдэхгүй. Нам бол зөвхөн гэрчилгээ, тамга биш. Гишүүдийн итгэл, хамтын оролцоо юм. Тиймээс эргээд зөв ойлголцох хүчин чармайлтаа гаргана. Аливаа лидер дарга гэдэг нэр төдий биш, жинхэнээсээ хүлээн зөвшөөрөгдсөнөөр лидер болно. Тиймээс намын гишүүд, шинэ удирдлагад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүх талаар хамтран ажиллана.

Б.ГАРАМГАЙБААТАР: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жижиг намын эмэгтэй гишүүнтэй дайтаад байх нь ямар учиртай юм бэ. Тиймээс жижиг асуудлаас илүү том зүйлд анхааарах хэрэгтэй.

Ч.ӨНӨРБАЯР: Тамганы маргаантай холбоотой шүүх хурал хойшилж байгаа. Нөгөө тал өмгөөлөгчөө солиод байгаа юм билээ. Бараг 23 өмгөөлөгч авсан юм билээ. Ямар ч их мөнгөтэй юм бэ. Өмгөөлөгч нар асуудлаа судлах гэж цаг хугацаа алдаж байна. Тиймээс хуульзүйн талаас бидэнд айж эмээж ичих зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг эхэлж байна

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг эхэлж байна

Posted by News.mn on Wednesday, May 12, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж