Маш ховор тохиолддог аюултай төрлийн мөөгөнцрийн халдвар Энэтхэгийн Covid-19 туссан өвчтөнүүдийн дунд эрчтэй дэгдэж, эрүүл мэндэд нь ноцтойгоор нөлөөлж, амь насанд нь аюул заналхийлэх болжээ.
Ард иргэдийн "хар мөөгөнцөр" гэж нэрлэж заншсан мукормикоз өвчин ихэвчлэн хөрс, эсвэл ялзарч буй сэгэн дээр ургадаг мукормицет мөөгнөөс үүсдэг, аминд халтай халдварт өвчин юм. Тус өвчнөөр өвчилсөн хүн нас барах эрсдэл биеийн байдал, хавсарсан өвчин зэргээсээ хамаараад 46-96 хувь байдаг аж.
Сүүлийн арав орчим жилд хар мөөгөнцрийн халдвар авсан цөөхөн тохиолдол Энэтхэгт бүртгэгджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд хэдэн арван мянган тохиолдол бүртгэгдсэн нь эмч нарын санааг асар ихээр зовоох болжээ. Жон Хопкинсийн Блүүмберг сургуулийн олон улсын яаралтай тусламжийн тэнхимийн туслах профессор Бакти Хансоти “Сүүлийн хэдэн долоо хоногт хар мөөгөнцөр маш эрчтэй тархаж байна. Өвчин үүсэх, халдварлахад өнөөгийн Энэтхэгт ажиглагдаж байгаа маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Үүний уршгаар эмнэлгүүд ачааллаа бүр ч дийлэхээ больж эхэллээ” хэмээн ярьжээ.
Хар мөөгөнцрийн халдвар ихэвчлэн Covid-19 туссан болон чихрийн шижинтэй өвчтөнүүдийн дунд тархаж байгаа аж. Халдвар эхлээд хамрын хөндийн салст бүрхэвчид нөлөөлж, цаашлаад тархинд хүрдэг байна. Мөөгөнцрийн халдвар авсан өвчтөнүүдэд ихэвчлэн хоёроос гурван долоо хоногийн дараа нүүр хавагнах, толгой өвдөх, хамар бөглөрөх, хамар, амны дээд хэсэг гэмтэх, халуурах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрч байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хар мөөгөнцрийн халдварын нийт тохиолдлын 75 хувь нь цар тахлын халдвар авсан, чихрийн шижинтэй өвчтөнүүд юм байна. Тэдний 45 хувь нь эмнэлэгт хандахаас нааш оношлогдохгүй байгаа нь халдварын тархалт болон өвчин хүндрэх эрсдэлийг улам нэмж буй аж.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, хар мөөгөнцөр ихэвчлэн уушгинд нөлөөлж, богино хугацаанд ихээр гэмтээдэг ч зарим тохиолдолд элэг, тархи, нүд зэрэг эрхтэн өвчлүүлдэг байна. Ингэхдээ тухайн нөлөөлж буй эрхтнээ идэж, устган эдгэхээргүй болгох аюултай ажээ.
Халдвар авсан өвчтөнүүдийн тархинд мөөгөнцөр хүргэхгүй байхын тулд хагалгаа хийх шаардлагатай, зарим тохиолдолд хагалгаанд зориулж өрөөсөн нүд авахаас өөр аргагүйд хүрдэг байна.
Эх сурвалж: USA TODAY
Холбоотой мэдээ