Чуулган: Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум доллар байна

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум доллар байна

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, May 12, 2021

12 : 48
2021-5-13

2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Сангийн яамнаас 2022 онд Оюутолгойн ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлж буйгаа дурдахын зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлт хийх графиктай ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр байнгын хорооноос гаргасан саналын дагуу уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатыг хамтатган явууллаа. Хуралдаанд оролцон гишүүдийн 73 хувийн саналаар 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Хуулийн төслийг батлахаас өмнө гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Монгол Улс ойрын гурван жилд гурван тэрбум ам.доллар төлөх байх. Энэ их өрийг яаж төлөх вэ? 2016 онд урсгал зардалд 6.7 их наяд төгрөг байсан бол таван жилийн дараа буюу 2021 онд 11 их наяд төгрөг буюу 60 хувиар өссөн. Ийм айл өөдлөх үү. Аав, ээж нь яваад хэдэн төгрөг олоод ирэхээр баруун солгойгүй хэрэгтэй, хэрэггүй юманд үрдэг айлын хүүхэд шиг байх юм. Урсгал зардал таван жилд 60 хувиар өснө гэдэг юу гэсэн үг юм бэ? Өнгөрсөн жил цар тахал гээд 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь Монгол Улсын 2016 оны бүтэн жилийн орлогыг өнгөрсөн жил зарцуулсан. Дээр нь 700 орчим сая  ам.долларын зээл авсан. Үүнээс 500 сая ам.доллараар нь төсвийнхөө хагархай, цоорхойг битүүлэх гэж оролдсон. Тэгсэн ч цаана нь цоорхой үлдэж л таараа.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Сангийн яам эдийн засгийн өсөлтийг анх тооцож байсан тэр хэвээр нь оруулж ирсэн. 2021 онд эдийн засгийг 7.2 хувиар өснө. Харин 2022 онд өсөлтөө 0.2 функтээр нэмээд 4.6 хувиар, 2023 онд 6.3 хувиар өснө гэсэн тооцоолол хийсэн. Өөрөөр хэлбэл, цаашдаа эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьтай байлгахад эдийн засаг савлахгүй гэсэн үг. Төсвийн алдагдлын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь тогтмол -3.6, -2.8, -2 хувиар буурна гэх төсөөлөлтэй байна. Ирэх гурван жилийн төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг хууль болгож баталдаг жишиг хэр зөв юм бол доо гэсэн эргэлзээ надад байгаа.Төсөөллийг хууль болгож гаргадаг улс ховор. Энэ нь зөв биш байх. Дүр зургаа сайн тод харах ч боломж гарахгүй байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын реформыг Сангийн яам 2019 оноос эхлээд хэрэгжүүлээд явж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Төсвийн хүрээний мэдэгдлийг гаргахдаа өмнөх оны тоог бага зэргээр өөрчлөөд тавьсан юм шиг л харагдаад байна. Ямар төсөөлөл,  шинэлэг санаа гаргасан юм бэ. Хамгийн гол үе нь цар тахлын үеийн эдийн засаг. Гэтэл цар тахлын үеийн эдийн засгийн онцлогийг огт тусгаагүй байна. Гадаад өрийн нэмэгдлийн эрсдэл, ханш, инфляцийн эрсдэл хаана байна. Эдийн засгийн гол түнш болох хөрш орнуудын эдийн засгийн хөгжлийн бодлого нөлөөг хэрхэн тооцсон юм бэ. Хоёрдугаарт, төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн байна. Гэхдээ хэрхэн, ямар аргаар нэмэгдүүлэх юм бэ. 2024 он гэхэд хэдэн тэрбумын нөлөө үзүүлнэ гэж тооцов. Гуравдугаарт, газрын тосны хэмжээ яагаад буурч орж ирэв. Ер нь энэ тооцоог харахад гурван иргэнд нэг төрийн албан хаагч оногдохоор байна. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлага хэтэрхий өндөр байгаа. Реформын чанартай шинэчлэлт хийхгүй л бол шууд бус утгаараа халамж. Баахан хэрэггүй төрийн албан хаагч тэжээгээд, татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа хүндрээд л байдаг.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Хоёр хөрш болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг сайн судалж оруулж ирсэн. Хятадын эдийн засаг дунджаар 6 хувьтай байдаг бол 2021 онд 8.4 хувь өснө гэж тооцсон. Харин Оросын эдийн засаг тогтвортой 3.8 хувийн өсөлттэй байна. Өмнө нь Оросын эдийн засаг дунджаар 2 хувь өсдөг байсныг энэ жил Сангийн яам 3.8 хувиар тооцсон нь эрдэс баялгуудын үнэ, ашигт малтмалын үнэ өндөр байгаатай холбогдуулж өндөр тооцсон. Орос, Хятадын эдийн засгийн өсөлт өндөр байгаа учраас Монголд дагаад эдийн засгийн өсөлт өндөр байна. Миний харахад Засгийн газар ирэх гурван жилд их хатуу үүрэг авч байгаа. Засгийн газар төсвийн тогтвортой байдлын хуульд заасан үзүүлэлтүүдээ барихыг хичээж орж ирсэн байна лээ. Энэ нь үнэндээ Засгийн газрын хувьд хатуу, өндөр босго гэж харж байна. Төрийн өмчит ААН-үүдийн заримыг нь төр хувьчлах болов уу. Үүн дээр нэг зүйл хэлэхэд төрийн өмчит байгууллагыг бүхэлд нь харлуулах хэрэггүй. Цар тахлын үед зарим төрийн өмчит байгууллагууд хариуцлагатай сайн ажиллаж, нийгмийн үүргээ сайн биелүүлж байгаа. Гэхдээ төрийн өмчит ААН-үүдэд хийгдэх реформын шинэчлэлтийг 2021 онд хийж байж үр дүн нь 2022 онд гарна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Ирэх гурван жилд төлөх гурван тэрбум ам.долларыг яаж төлөх вэ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Дэлхийн улс орнууд өрөө дарахдаа тодорхой хугацаанд бонд гаргаж шийддэг. 2019 онд УИХ Монгол Улсын дунд хугацааны өрийн стратегийг баталсан. Үүнд өрөө дарахдаа бонд гаргаж, тодорхой хэмжээг нь улсын төсөв дээрээс мөнгө тавьж төлнө гэж тусгасан. Бондыг бондоор гаргаад төлөөд байвал өрийн дарамт үүсэхгүй ч өрийн хэмжээ нь буухгүй. Тэгэхээр тодорхой хэмжээг нь төлөөд явбал өрийн хэмжээ нь буурдаг. Үүний дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулдаг.

Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 10.402.0 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 5.9 хувиар буюу 654.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төсвийн орлого ийнхүү буурахад ААН-ийн орлогын албан татварын орлого 343.5 тэрбум төгрөгөөр, Хувь хүний орлогын албан татварын орлого 191.2 тэрбум төгрөгөөр, Импортын НӨАТ болон гаалийн албан татварын орлого 127.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлох нөлөө үзүүлжээ. Ирэх 2022-2024 оны төсвийн орлогын төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсрууллаа.

Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2022 онд 13.206.4 тэрбум төгрөг, 2023 онд 14,515.2 тэрбум төгрөг, 2024 онд 15.958.4 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцов” гэжээ.

12 : 26
2021-5-13

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Нийгмийн даатгалын сан гэдэг буяны сан биш. Нийгмийн даатгалын сангийн алдагдал өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгт хүрээд байна вэ? 

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа:

-Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр олгогддог 500 орчим тэрбум төгрөг тавигддаг. Энэ жилийн хувьд 499 тэрбум төгрөг суугдсан. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72.6 тэрбум төгрөг. Нөгөөтэйгүүр төрөөс нийгмийн даатгалын сангийн тогтолцоо үүсэхээс өмнө буюу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр болох 231.3 төгрөгийг даадаг.

Цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэвэрт олгох 173 тэрбум, зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийг тухайн үед гаргаж байсан зохицуулалтаар 19 тэрбум, 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төрөөс даадаг. Нийтдээ төсвөөс татаасанд 500 орчим тэрбум зарцуулдаг. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72 орчим тэрбум төгрөг.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ батлагдахаас хамаараад хэдэн төгрөгийн орлого төлөвлөснөөсөө тасрах вэ гэдгийг тооцоолно. Хэрэв ирэх долдугаар сараас хэрэгжихээр тогтвол 140 орчим тэрбум, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэвэл 189 тэрбум төгрөгийн орлого тасарна гэсэн үг. Тэгэхээр энэ нь авлага талдаа бүртгэгдээд, өнгөрсөн оны дөрвөн сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт урамшууллаар 789 тэрбум төгрөгийг авлагаар бүртгээд явсан.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад хадгаламж ерөөсөө байршуулаагүй. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Засгийн газар  хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхдээ сан хооронд мөнгө гүйлгэх зохицуулалт оруулсан. 789 тэрбум төгрөгөөр сан хоорондын зохицуулалт хийсэн. Ингэснээр энэ нь эргээд авлагаар бүртгэгдэж, төсвийн нөхөн олголт дараа нь хийгдэнэ. Хадгаламж бус, тэтгэвэр хэлбэрээр 400 орчим тэрбум төгрөг Төрийн болон Хаан банкинд байршиж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байна. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40-өөд мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдсан. Нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч болон даатгуулагчаас НДШ-ийг 8.5 хувиар тооцож авснаар 198 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бололцоог бүрдүүлж өгсөн. НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны долдугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190 тэрбум төгрөг шаардлагатай болно. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болно.

НДШ-ийн хоёр хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжлээ. Чуулганд нийт 61 гишүүн буюу 81.3 хувь нь саналаа өгснөөс үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 75.4 хувь буюу 46 нь зөвшөөрлөө. Хэлэлцэхийг дэмжсэнд тооцсоноор УИх-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

11 : 40
2021-5-13

"Капитал банкнаас авах 102.6 тэрбум төгрөгийн авлага бий"

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг түр хойшлуулж байгаа юм уу.  Эсвэл бууруулж тогтож байгаа юм уу. Энэ хоёр тусдаа асуудал. Нийгмийн даатгалын хулгай тонуулд хэзээ хамгийн сүүлд шалгалт хийсэн бэ. Хэр хэмжээний зөрчил илрэв. Нийгмийн даатгалын санд хүн итгэх ёстой. Гэтэл итгэхгүй бол мөнгө нь алдагддаг газар хэн татвараа төлөх вэ дээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

-Хоёр хувийг 2017 онд УИХ-аар батлагдсан хуулийн дагуу үе шаттай нэмэгдүүлсэн. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр нэг жил хойшилсон. Covid-19-ийн хуулиар энэхүү шимтгэлийг бууруулах нь зүйтэй гэж үзээд, гишүүд хуулийн төслийг өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Капитал банкнаас авах ёстой байсан 340 орчим тэрбум төгрөгийн асуудал юу болов. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: 

-Банкны эрх хүлээн авагчтай 33 удаа уулзсан. 28 албан бичиг, 40 шуудан хүргүүлсэн байна. Бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр огт гараагүй, процесс нь хэвээрээ байгаа учраас хүндрэл учирч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Монголбанкнаас тусгай ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм билээ. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ тавдугаар сард Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан сонсоно. Энэ тайлан дээр Капитал банктай холбоотой асуудлыг эцэслэн шийдэхийг даалгасан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад арилжааны банк болон бусад айлаас авна гэж бүртгэгдсэн хичнээн төгрөг байна вэ?

НДЕГ-ын дарга Д.Зоригт:

-Ажил олгогчдоос авах 256 тэрбумын төгрөгийн авлага бий. Өнгөрсөн онд 128 тэрбумын авлага нэмэгдсэн. Цар тахлаас үүдэн  ажил олгогчдоос авах авлага нэмэгдсэн. Банкнаас авах 102.6 тэрбум төгрөг байгаа. Эрүүл мэндийн даатгал 130 тэрбум төгрөг бий. Капитал банкнаас үүдэн 104 тэрбумын алдагдал хүлээсэн. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбумын авлага барагдуулсан. Одоо 102.6 тэрбум төгрөгийн авлагатай байна. Нийт 492 тэрбумын сардаа тэтгэвэр 190 орчим тэтгэвэр тавьж байгаа. Одоогийн байдлаар арилжааны банкуудад Covi-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой нэг ч төгрөг байршуулаагүй. Хаан, Төрийн банкны харилцах дансанд байршиж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Иргэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй гэцгээж байна.  Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банкинд байршуулаад, алдсан гэдэг зүйл ярьж байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хангалтгүй ажиллаж байна. Хянаж шалгадаг, олон байцаагчтай хэр нь иргэдийг нийгмийн даатгалд хамруулах гэж явдаггүй. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. Хорин хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд, өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү харагдаж байна. Нийгмийн даатгал төлөөд, ямар үр шим хүртэх вэ гэдгээ Баялгийн сантай ч юм уу, бусад зүйлтэйгээ уяж өгөлгүй өнөөдрийг хүрсэнд иргэд бухимдаад байгаа юм. НДШ төлөгч цаашид ямар үр шим хүртэх юм бэ?

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

-Нийгмийн даатгалын реформын тухайд олон давхаргат тогтолцоонд шилжин хуримтлалын нэгдсэн сан, Байгалийн баялгийн сан гэсэн тусдаа ажлын хэсэг ажиллаад, тэтгэврийн тогтолцоонд байгалийн баялгаас үр шим хүртээх, эргүүлээд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын өгөөжийг илүү сайжруулах тал дээр бид анхаарах ёстой.

Нөгөө талдаа хөрөнгө оруулалтаа илүү сайн хөгжүүлэх ёстой. Нийгмийн даатгалын хуулиар Нийгмийн даатгалын сангийн мөнгөн үлдэгдлийг арвижуулах гурван арга байдаг. Нэгдүгээрт, арилжааны банкинд байршуулах, үнэт цаас, бонд худалдаж авах гэсэн гурван төрлийн хөрөнгө оруулалтын боломж бий. Монголд өнөөгийн нөхцөлд арилжааны банкинд байршуулах нь хүүгийн өгөөжөөрөө илүү найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр юм.

Өнгөрсөн хугацаанд 630 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн орлогоос олсон. Капитал банкинд анх 2007 оноос байршуулж эхэлсэн. Тухайн үед найдвартай банкинд тооцогдож байсан. Харин эрсдэл үүссэн нь 2019 он. Бид олон нийтийн өмчийг эргүүлэн авах асуудлаар хичээнгүйлэн ажиллаж байна. Яг одоогоор шүүхийн процесс үргэлжилж байна. 

10 : 49
2021-5-13

Чуулган: Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг танилцуулав. Тус танилцуулгад дурдсанаар “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн баталсан хуулиар ажил олгогч даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын хэмжээг долоо хувь байсныг 9.5 хувь болгон баталсан.

Ажил олгогч болон даатгуулагчдад санхүүгийн шууд дарамт үүсгэхгүйн тулд нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулсан.

2021 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь цар тахлын үед ААН, иргэний орлогод хүндээр нөлөөлсөн. Тиймээс төрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувийн зохицуулалтаар хууль хэрэгжиж байна. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах санал оруулж байна.

Ниймийн даатгалын тухай хуулийн 15.1-т зааснаар тэтгэврийн даатгалын хэмжээг 9.5 гэснийг 8.5 буюу ажил олгогч даатгуулагч тус бүрээр 1 хувиар бууруулах хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчдын орлого дунджаар 10 хувиар өсч, ААН-д очих эдийн засгийн дарамт багасч ажлын байраа хадгална. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэнэ. Тиймээс шаардлагатай эх үүсвэрийг 2021 онд багтаан зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийн төслийг дэмжинэ. Цар тахлын үед татвар, шимтгэлийг нэмээд, үр ашиггүй байна. Татвар нэмээд үр ашиг гарч байгаа бол өөр хэрэг. Шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажгаа засах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр сууж байгаад хоёр хувь, маргааш гурван хувь гээд нэмж болохгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмэгдсэн. Энэ нь иргэдийн орлогыг 10 хувь бууруулсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс асар их байгалийн баялагтай. Өнөөдөр зэсийн үнэ дэлхийд өмнө байгаагүйгээр өсч байна. Ийм үед хэдэн ядарсан ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхээ болих хэрэгтэй. Татвар нэмэх хоббитой хүмүүс МАН-д цугларчихсан юм уу. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахаар төсөвт ямар нэгэн дарамт үүсэх үү. Энийг хэрхэн шийдэх вэ. Ер нь цар тахалтай үед шимтгэл нэмэх нь туйлын буруу. Татвар нэмэгдсэн орнууд үр ашигтай зарцуулдаг учраас иргэд нь дургүйцдэггүй. Харин өнөөдөр Монгол Улсад татвар нь багадаа биш маш үр ашиггүй зарцуулагдаж байгаад иргэд дургүйцэж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдсэн байсныг хоёр хувиар бууруулах хуулийн төсөл санаачилсан. 2020 оны 4-10 сар хүртэл Засгийн газраас ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан хувиас чөлөөлж өгсөн. 2020 оны 10-3 сар хүртэл таван хувь болгож хөнгөлж өгсөн. 2021 оны 1-7 сар хүртэл 8.5 хувь болгож хөнгөлж чөлөөлж өгсөн. Үүний үр дүнд 38 мянган ААН, 572 даатгуулагч хамрагдаж, нийтдээ 715 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлсэн. Төсөвт долдугаар сарын 1-нээс хөнгөлбөл 94 тэрбумын нэмэгдэл, нэгдүгээр сарын 1-нээс гэвэл үндсэндээ 140 тэрбумын нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардагдаж байна. Үүнийг төсвийн тодотгол юм уу, 2022 оны төсөв батлахад суулгаж өгөх бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Цар тахлын үед НДШ-ийг бууруулах нь зарчмын хувьд зөв. Иргэдийн дунд тэтгэврийн хэмжээ бага байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс дургүйцдэг. Тэр дундаа залуучууд шимтгэл төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэж үзэж байна.  Гарц, гаргалгаа  шийдэл байна уу? НДШ-ийн тогтолцоонд хийх шинэчлэлийг хэзээ хийх вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын /ХНХ/-ын сайд А.Ариунзаяа:

-Нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдрийн хоёр хувийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна. Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо харьцангуй шинэ. Хууль батлагдсанаас хойш 22 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой энэ гажуудал үүссэн. Аливаа бодлого тогтвортой байх ёстой гэдэгт бид илүү анхаарч ажиллана. 1995 онд тэтгэврийн шимтгэл 19 хувь байсан бол 2008 онд эрс бууруулаад 14 хувьд хүргэсэн. 22 удаагийн өөрчлөлтүүд олголт тал дээр хөнгөлөлтүүдийг бий болгосон.

Өнөөдөр тэтгэвэртээ гарч байгаа хүмүүсийн 54 хувь нь дөнгөж ердийн горимоор гарч байгаа. Үлдсэн хувь нь дандаа хөнгөлөлттэй нөхцөлд гарч байгаа нь сангийн алдагдлыг бий болгож байна. Нөгөө талдаа 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэхэд тухайн үед Монгол Улс дефолтод орохгүйн тулд санхүүгийн гажуудлаа засах ёстой гэсэн зөвлөмжүүд өгснөөр эргээд НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр нь 2021 оноос 19 хувьд хүрч байгаа нь 2095 оны хувьд хүргээд байгаа юм.

Гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдрийн хоёр хувийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна. Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого 2015 онд батлагдсан. Үүнд 2030 он гэхэд тэтгэврийн тогтолцоо олон давхаргат тогтолцоонд шилжсэн байна гэсэн бодлого дэвшүүлсэн. Үүнийхээ дагуу нийгмийн даатгалын багц хуулиудаа бэлэн болгосон.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-2021 оны долдугаар сар биш нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгаж болоогүй юу. Хойшлуулна гэдэг нь хэзээ нэгэн цагт төлж л таараа. Тиймээс 2021 нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр төсөлдөө тусгаж болоогүй юм уу? Хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлбэл ард иргэддээ бодитой дэмжлэг болно шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-2021 оны 1-7 сар хүртэлх хугацаанд иргэд, сайн дурын даатгуулагч нар 8.5 хувиа төлөөд явж байгаа. Тиймээс бид хуулийн төсөлдөө долдугаар сарын 1-нээс хойш тэтгэврийн даатгалыг ажил олгогч, ажилтан 8.5 хувиар үргэлжлүүлээд хуульчлаад явъя гэж оруулж ирсэн. Олон гишүүн санал гаргавал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх бололцоо бий.

11 : 03
2021-5-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж