Сагсан бөмбөгийн домогт тоглогч, тэрбумтан Майкл Жордан нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар өөд болсон Коби Брайанттай бичсэн сүүлийн мессэжүүдээ ил болголоо. Энэхүү мессэжийг Коби Брайантыг таалал төгсөхөөс 49 өдрийн өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр бичжээ.
Коби: "Текила янзтай байлаа" (Жордан өөрийн Синкоро текилагаа Коби Брайантад бэлэглэсэн гэнэ)
Жордан: "Баярлалаа, дүү минь"
Коби: "Зүгээр дээ. Гэр бүл сайн биз дээ?"
Жордан: "Бүгд сайн. Танайхан сайн уу?"
Коби: "Бүгд сайн"
Жордан: "Баярын мэнд хүргэе. Удахгүй уулзана гэж найдаж байна. Дасгалжуулагч Коби ??!"
Коби: "Би бас тэгж найдаж байна. Та ч гэсэн дасгалжуулагч шүү дээ. Дасгалжуулагч аа, би яг одоо сэлгээний сандал дээр сууж байна. Баг маань эсрэг багаа 45-8 гэсэн харьцаатай бут ниргэж байна".
Дээрх мессэжнийхээ талаар Майкл Жордан ESPN телевизэд өгсөн тайлбартаа “Би зүгээр л энэ мессэжид хайртай. Учир нь эндээс Кобигийн байгалийн тэмцэгч зан чанар харагддаг” хэмээжээ.
Коби болон түүний охин Жижи тэргүүтэй есөн хүн 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорни мужийн Калабасас дахь толгод орчимд нисдэг тэрэгтэйгээ осолдсон билээ.
Кобид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Лос Анжелес хотын Стэйплс центрт зохион байгуулагдахад Майкл Жордан хайрт дүүгийнхээ талаар 11 минутын турш тайзан дээр ярьж, түүний талаарх сайхан дурсамжуудаа хуваалцсан. Тэрбээр хэлсэн үгэндээ “Кобиг үхэхэд миний нэг хэсэг үхсэн. Энд цугласан хүмүүс болон дэлхий даяарх хүмүүсийг харахад ч гэсэн тэдний нэг хэсэг үхжээ. Энэ өдрөөс эхлэн би бүх талаараа туслахыг хичээдэг байсан бяцхан дүүтэйгээ өнгөрүүлсэн дурсамжтайгаа амьдарна гэж амлаж байна. Тайван нойрс доо, дүү минь” хэмээн ярьж байжээ.
Коби Брайантыг ирэх Ням гаригт Жеймс Нейсмитийн сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхлөх бөгөөд Майкл Жордан болон Ванесса Брайант нар түүнийг алдаршуулах болно. Коби Брайанттай хамт Тим Данкан, Кевин Гарнетт, Тамика Катчинс зэрэг домгууд алдрын танхимд мөнхрөх болно.
Холбоотой мэдээ