"Хүннүгийн булшны дурсгалууд олон айлын хашаанд орсон"

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

"Хүннүгийн булшны дурсгалууд олон айлын хашаанд орсон"

"Хүннүгийн булшны дурсгалууд олон айлын хашаанд орсон"

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.


-Дэлхий нийтээр тэмцэж буй цар тахал Археологийн шинжлэх ухааны салбарт хэрхэн нөлөөлөв?

-Цар тахал дэгдэж, археологийн судалгааны цар хүрээ 2020 онд өмнөх оноос дөрөв дахин багассан. Хил хаагдсан тул гаднын улс орнуудаас хамтран ажиллах малтлага судалгааны төслүүд ирээгүй. Тиймээс том хэмжээний малтлага зогссон. Энэ бол хамгийн хортой нь юм. Монголын археологийн шинжлэх ухааны салбар хүндхэн байдалд орно гэсэн үг. Энэ салбар нь өөрөө өртөг өндөр учраас том төслүүдэд их хэмжээний мөнгө шаардлагатай. Жишээ нь, томхон судалгааны малтлага явуулахад 100 сая болно. Цаашлаад өчнөөн сая, тэрбумаар яригдана. Иймд гаднын эрдэмтэдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж, малтлага судалгааг үргэлжлүүлдэг юм. Нөгөөтэйгүүр гаднын улс орнуудын шилдэг эрдэмтдээс бид туршлага солилцож байдаг.

Археологи хэдийгээр зардал өртөг ихтэй ч эргээд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой салбар. Баригдаж буй шинэ музейг юугаар дүүргэх вэ? гэхээр археологийн олдвор. Үүнийг гаргаж үзмэр болгосон нь археологичид. Археологийн судалгаа нь эдийн засгийн үр өгөөжтэй, аялал жуулчлалын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой. Эдийн засагт шууд болон шууд бус утгаараа өгөөжтэй.

Дээр нь мэдээж өвөг ба эртний түүхийн судалгааны гол сурвалж болно. Тиймээс археологийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.  Сүүлийн 1.5 жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр гадаадтай хамтарсан том төслүүд зогссон болохоор нуулгүй хэлэхэд археологийн салбар хүндхэн байлаа. Товчхондоо Монголын археологи хөрсөн дээрээ бууж байна. Гэхдээ бид дотоодын санхүүжилттэй цөөнгүй судалгаа хийсэн. Энэ жилээс гадаадын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах төсөл эргэн сэргээсэй гэж хүсч байна.

-Археологийн салбар өртөг өндөр, бас эдийн засагт үр өгөөжтэй. Энэ салбараас ашиг хонжоо хайж, баяжих эх үүсвэрээ болгосон мэргэжилтэн байхыг ч үгүйсгэхгүй байх?

-Хувь хүний тухай яриагүй, үндэстнээрээ баяжна. Эдийн засаг гэх ерөнхий утгаар нь үр өгөөжтэй гэж хэлж байгаа юм. Зарим улс орнууд археологийн салбараар хоолоо олж идэж байна. Жишээ нь, Грек, Египет улс археологийн салбараа аялал жуулчлалтай холбож хөгжүүлсэн.

-Археологийн үнэт олдворыг алт, мөнгөөр хэмждэг үе өнгөрсөн гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Гэвч, энэ үзэл амь бөхтэй байгаа. Түүхийн үнэт олдворууд сүйдэж байна. Археологичид өөрсдөө булш тоногчид болсон тухай  мэдээлэл цацагдсан?

-Археологичид өөрсдөө булш тоногчид байх боломжгүй. Мэргэжлийн хүнд тонуул хийх ёс зүй байхгүй болов уу. Цагдаагийн байгууллагын 2015 оны судалгаагаар улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг 26 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт орон нутгийн иргэд ямар нэгэн байдлаар оролцсон байгаа юм. Зарим нь хотоос ирсэн хүмүүс. Харин мэргэжлийн хүн нэг ч холбогдоогүй. Хүмүүсийн хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ археологич болох замналд түүхийн үнэт олдвороо хайрлах, хүндлэх үзэл суухаас биш, хувийн ашиг сонирхол хайх сэдэл гардаггүй.

Би энэ салбарт 20 гаруй жил ажиллахдаа түүхийн үнэт олдвороо шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнийг нь харснаас биш ашиг хонжоо хайсан нэг ч эрдэмтэн, судлаач, ажилтан харж байгаагүй. Тиймээс энэ асуудал зарим хүмүүсийн ойлгодгоос өөр болов уу.

Энэ талаар баттай нотолгоотой зүйл ярихгүй бол бүтэн салбарыг харлуулж, нийгэмд буруу ойлголт өгөх хор нөлөөтэй. Хүмүүс археологичдыг судалгааны ажлаар биш, хулгайч гэж харж эхэлбэл сөрөг үр дагавар нь их. Ийм асуудал гарсан байлаа гэхэд нийт олныг хамааруулж, харлуулж болохгүй.

-"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг. Цөөн хүний шуналаас болж хууль хүчний байгууллагынхан төдийгүй археологичид өөрсдөө ч ил зарладаггүй, нуудаг юм биш үү?

-Хэрэв археологич булш тоносон асуудал гарлаа гэхэд археологийн салбарт төдийгүй нийгэмд маш хор хөнөөлтэй. Ер нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын асуудал хариуцаж буй хууль сахиулах байгууллагын хүч чадал их сул дорой байна. Үүнийг бүгд мэдэх хэрэгтэй. Улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг ганц л хүн бий. Энэ бол үнэхээр хангалтгүй. Хариуцсан тасаг нэгж гарвал хүмүүс ажил хийнэ, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд л соёлын өвийн хадгалалт хамгаалалтын түвшинд эрс өөрчлөлт гарна гэж бодож байна. Ер нь хууль эрхзүйн орчны хувьд соёлыг өвийг хамгаалах боломжтой болсон. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар соёлын өвийн эсрэг бүлэг анх удаа тусгасан. Гэтэл бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байна.

Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүмүүсээ мэргэшүүлж амжихгүй, бололцоо олгохгүй байгаатай холбоотой. Хэрэв хуулийг хэрэгжүүлж чадвал Монголд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг буурах боломжтой.

-Та булш тонох гэмт хэрэг их гарч байгааг ч онцолж байсан. Хэн дуртай нь булш тонож, түүхийн үнэт олдвороос ашиг харж байна гэсэн үг үү?

-Хэн дуртай нь л булш тонож байна. Хэн дуртай нь л хулгай хийж байна. Зарим газар бүр гэмт хэрэг гэж боддоггүй бололтой. Хулгай, гэмт хэрэг гэж ойлгодоггүй. Газар шороотой харьцдаг нинжа нарын бүлэг бий болчихлоо. Алт харсан хүмүүст соёлын өвийг хайрлах сэтгэл байхгүй. Металл хайгчаар зэвсэглэсэн, домог цуу ярианы араас хөөсөн хүмүүс маш их байна. Зарим аймаг, суманд бүтэн үлдсэн дурсгал байхгүй болсон. Жишээ нь, Өмнөговь аймгийн Номгон сумыг судлаачид дурддаг. Ерөнхийдөө булшны тонуул маш их болсон. Энэ асуудалд сэтгэл их өвддөг. Байгальтай зүйрлэвэл соёлын цөлжилт гамшгийн хэмжээнд хүрлээ. Ер нь Монгол Улс археологийн дурсгалт газар, түүхийн үнэт олдвороор баялаг. Дурсгалт газаргүй бүс, газар гэж байхгүй.

-Таны хувьд эл салбарт олон жил ажиллахдаа 50 гаруй малтлага судалгаа явуулж, дэлхийд гайхагдах олдворууд нээж байсан. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ хаанаас бүрдүүлж байв?

-Археологийн малтлага, судалгаа зардал их боловч үр өгөөжтэй. Цар тахлаас өмнө судалгаа шинжилгээний ажлыг гадаадын төслүүдтэй хамтран зохион байгуулдаг байлаа.

-Таны ерөнхий чиглэл Хүннү судлал болон Монголын хүрэл, төмрийн үеийнх. Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна?

-Хүннүчүүд бол монголчуудтай генетикийн удамшлын шууд холбоотой. 2004 онд Хүннүгийн жирийн иргэдийн булшаар докторын зэрэг хамгаалж байлаа. Үүнээс хойш Хүннү судлалыг орхиогүй. Ерөнхийдөө 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Тамирын Улаан хошуу гэх Хүннүгийн хамгийн том жирийн иргэдийн оршуулгын газарт судалгаа хийж байгаа юм. Энд хийгдсэн цогц судалгаанаас хүннүчүүдийн эртний генетикийн судалгааг онцлон дурдууштай. Өөрөөр хэлбэл, монголчуудын гарал, үүслийг тогтооход нэмэр болохуйц судалгаа хийгдэж байгаа юм. Түүх сөхвөл, Хүннүгийн өмнөх үе буюу скифийн үед европжуу, монголжуу холимог хүн ам Төв, Баруун Монголд оршин байжээ. Үүний дараа мандсан Хүннү бол их гүрэн учраас олон үндэстэн, ястнаас бүрддэг байсан байгаа юм. Өмнөх үеийн хүн ам Хүннүгийн бүрэлдэхүүнд багтан орсон нь тогтоогдож байна.

Тамирын улаан хошууны судалгаагаар Монголд анх удаа нэг гэр бүлийн таван үеийг илрүүлсэн. Ах дүүс, аав ээж, хүүхэд, эцэг эх зэрэг. Нэг оршуулгын газрын хүрээнд бид бичил он цагийг тогтоож, 100 жилийн түүхийг харж болохоор байгаа юм. Энэ бол археологийн шинжлэх ухааны салбарт том ололт, бас нэг шатаар ахисан алхам боллоо.

Харамсалтай нь, эдгээр нэг гэр бүлийн таван үеийн булш бүгд тоногдсон байсан ч яс нь хэмхэрч, гэмтээгүй байснаараа судалгааг үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Ерөнхийдөө Хүннүгийн оршуулгын дурсгалт газрууд олдвороор баялаг байдаг. Ялангуяа Тамирын Улаан хошууны булшны дурсгалт газар маш онцгой. Манай судалгааны багийнхан өнөөдрийг хүртэл 50 гаруй булшны малтлага явуулахад 10 цоо шинэ хэлбэрийн шавар сав суулга олдсон. Эдгээр ваар нь дахин давтагдашгүй маш өвөрмөц хэлбэртэй. Тамирын Улаан хошууныхан ваар урлахдаа маш шинэлэг байдлаар ханддаг байсан. Одоогийн хэллэгээр бол инновацлаг хүмүүс байсан юм.

-Археологийн судалгааны гол зорилго, ач холбогдол юу вэ?

-Сүүлийн үед бидний судалгааны гол зорилго монголчуудын угсаа гарлыг судлах. Монголчууд гэж хэн юм бэ?, Монгол үндэстэн хэзээ бий болсон юм бэ, гадаадын судлаачдын хэлдэг шиг одоогоос мянган жилийн өмнө Зүүн хойд зүгээс Амар мөрнөөс нүүж ирсэн анчид загасчид юм уу, эртнээс нааш Монголын нутаг дэвсгэрт аж төрж байсан юм уу гэдгийг археологийн талаас шийдэх зорилготой.

Хөрш орнууд болон холын хөрш улсууд манай улсын түүхийг гуйвуулсан судалгааг гаргах болсон тул Монголын судлаач, түүхч, археологич, антропологичид хүчээ нэгтгэж, монголчуудын угсаа гарлын чиглэлээр гурван жил ажилласан. Энэ ажлын үр дүнд өнгөрсөн онд гарсан “Археологийн судалгаа: Монголчуудын угсаа гарвал” бүтээлд монголчуудын угсаа гарвал наад зах нь 3000 жилийн өмнөөс эхлэлтэй болохыг тодорхойлсон байгаа.

НТӨ 1000 жилийн үеэс монголчуудын угсаа гарвал нэлээд тодорхой болж эхэлсэн. Тухайн үед монголчуудын өвөг гэж нэрлэж болох үндэстэн манай археологийн нэр томъёогоор дөрвөлжин булшныхан мөн гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэднээс хүннүчүүд залгамжилсан нь зан үйл, олдворын хувьд нягт холбоотой.

-Түүхийн дурсгалт эд өлгийн зүйлс нийслэлд ч бас түгээмэл. Гэвч хүн амын хэт нягтралаас үүдэн бас л сүйдэж байна. Энэ асуудалд Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах судалгааны багийнхан хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

-Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах судалгааны багийнхан зам гүүр, барилга, уул уурхай явуулах газруудад урьдчилан хайгуул хийж, шаардлагатай тохиолдолд авран хамгаалах малтлага судалгаа явуулж чөлөөлдөг. Нийслэлийн хэмжээнд археологийн олдвор баялаг ч хүн амын хэт нягтрал, барилгажилт, газар олголт зэрэг олон шалтгаанаас болж түүхийн үнэт дурсгалууд устаж үгүй болох эрсдэл үүссэн тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Зүүн салааны аманд Хүннүгийн булшны дурсгалууд олон айлын хашаанд орсон. Үүнийг ШУТИС-ийн малтлага судалгааны баг 2010 онд судалж тогтоож байв. Мөн Ар гүнтэд Хүннүгийн үеийн болон хүрэл зэвсгийн үеийн дурсгалууд байгаа ч газар олголтод орж, айлууд хашаалсан. Үүнийг чөлөөлөх шаардлага байна. Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булш байдаг ч бас л эрсдэлд орсон. Тус аманд Археологийн хүрээлэнгээс энэ жил судалгааны ажил эхлүүлнэ. Уг дурсгалт газрыг 1960-аад оны үед манай ахмад археологичид нээж илрүүлж байсан. Түүнчлэн Их тэнгэрийн аманд маш алдартай хадны зосон зураг байдаг ч устах аюул нүүрлээд байна. Хүрлийн үеэс Их Монгол Улсын үеийн хоёр үед хамаарах зосон ба бэхэн зурагт богтаг малгайтай монгол эхнэр хүн ба согооны дүрслэл байдгийг Алун гуа эх ба Гуа марлын дүрслэл гэж таамагладаг. Мөн энд хар бэхээр бичсэн XIII-XIV зууны монгол бичигтэй маш алдартай зураг юм. Гэвч орчин тойронд нь бөөгийн овоо босгож, тос нялаад, түүхэн үнэт дурсгалыг сүйтгэх эрсдэл байгаад анхаарах ёстой. Энэ мэтчилэн нийслэл дэх түүх соёлын дурсгалууддаа хүмүүс хайхрамжгүй, хүйтэн сэтгэлээр хандаж сүйтгэж байгаа асуудал олон байна. Үүнийг нийслэлээс анхаарч, тордон аялал жуулчлалын бүс болгох боломжууд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж