Оскарын үдшийг эзэгнэсэн “нүүдэлчин” бүсгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

Оскарын үдшийг эзэгнэсэн “нүүдэлчин” бүсгүй

Оскарын үдшийг эзэгнэсэн “нүүдэлчин” бүсгүй

“Ньюс Агентлаг” долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг “ХҮМҮҮС” булангийнхаа энэ удаагийн дугаарт хятад гаралтай, Америкийн найруулагч Хлое Жаог онцолж байна.


Энэ жилийн Оскарын наадмын хамгийн гол шагналын нэг "Шилдэг найруулагч"-ийн шагналыг хятад гаралтай эмэгтэй найруулагч Хлое Жао "Nomadland" киногоороо хүртсэн билээ. Хлое Жаогийн хувьд энэ шагналыг хүртсэн анхны ази гаралтай эмэгтэй болсон юм. Мөн энэ киноны гол дүрийн жүжигчин Фрэнсис МакДорманд Оскарын наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн бол "Шилдэг зураг авалт" төрөлд мөн тэргүүлсэн юм.

Нийт зургаан төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээлд эдийн засгийн хямралын үеэр нөхөр нь нас барж, цорын ганц амь залгуулах найдвар болсон үйлдвэр нь хаагдсаны улмаас бүхээгтэй машинтайгаа Баруун Америкаар хэсүүчилж буй 60-аад насны эмэгтэйн тухай өгүүлдэг.

Тус бүтээл нь 2020 оны есдүгээр сарын 11-нд олны хүртээл болсон юм. Зохиолч Жессика Брюдерын “Нүүдэлчдийн нутаг: XXI зуунд амьд үлдсэн Америк” номоос сэдэвлэн энэхүү киног бүтээжээ.

Хлое Жао 1982 оны гуравдугаар сарын 31-нд Бээжин хотноо мэндэлжээ. Тэдний гэр бүл харьцангуй боломжтой айл байв. Эцэг нь тухайн үед улсдаа томд тооцогддог байсан төрийн өмчит “Shougang Group” гангийн үйлдвэрийн захирал, ээж нь эмнэлгийн ажилтан, Ардын чөлөөлөх армийн уран сайхны багийн гишүүн байжээ. Жаог өсвөр насны охин байхад эцэг нь үл хөдлөх хөрөнгийн салбар руу орж, удалгүй ээжээс нь салсан байна. Түүний эцэг ээжээс нь салаад, Хлоеын зурагтаар шимтэн үздэг байсан инээдмийн киноны жүжигчин бүсгүй Сүн Дандантай гэрлэжээ.

Багаасаа барууны соёлд дурлаж өссөн Хлое өөрийн өсвөр насаа “тэрслүү, сургуульд явах дургүй хүүхэд байсан” хэмээн тодорхойлсон байна. Сургуульд байхдаа хичээл хийхээс илүү манга зурж, уран зөгнөлт зохиолууд бичдэг байж. Хичээл хийх дургүй байсан ч барууны соёл урлагийг сонирхдог байсан учир англи хэлийг хичээнгүйлэн сурдаг байжээ.

Түүнийг 15 настайд нь эцэг эх нь Их Британийн Брайтон коллежид сургахаар явуулсан байна. Тэнд очоод Хлое дотуур байранд амьдрав. Дараа нь Лос Анжелес рүү нүүж, тэндээсээ АНУ-ын Массачусетс муж руу нүүж, Маунт Холиок коллежид улс төр судлал, кино судлалын чиглэлээр мэргэшиж, 2005 онд төгсчээ. Маунт Холиок коллежид суралцаж байхдаа давхар Канбарын кино, телевизийн дээд сургуулийн төгсөгчдийн киноны хөтөлбөрт хамрагдаж байв. 2005 онд коллежоо төгссөний дараа тэр Нью-Йоркийн их сургуулийн Тишийн урлагийн сургуульд суралцжээ.

Оскарын шагнал авсан хүнийг эх орон нь “Баатар”-ын энтэйгээр угтан авч, хөл хөөр болдог бол угаас АНУ-тай харилцаа тааруу Хятад улс Хлоеын амжилтыг юман чинээ тоосонгүй, харин ч эсрэгээрээ барууны үзэл суртлыг сурталчилсан хэмээн түүний киног бойкотлож эхэлсэн юм. Хайлтын сайтуудаас түүний нэр болон, киноны нэрийг хүртэл устгасан байна.

Оскарын тайзан дээрээс “Хүн болж төрнө гэдэг л их хувь заяа” гэх утгатай Хятадын алдарт хэлцийг хэлж, үндэс угсаагаараа бахархдаг гэдгээ илэрхийлсэн нь түүнийг аварсангүй.

Хятадын цахим сүлжээгээр түүнийг чинээлэг гэр бүлээс гаралтай учир АНУ зэрэг улсуудад боловсрол эзэмшсэн, эцэг нь төрийн өмчит компаниас хураасан хөрөнгөөрөө охиноо гадаадад сургасан, хятад хүмүүсийн дийлэнх нь ийм түвшинд хүрч чадахгүй хэмээн шүүмжилж байв.

Түүний анхны бүтээл “Songs My Brothers Taught Me” (2015) кино байв. Энэ киногоороо тэр “Сандэнс” кино наадмын “Үзэгчдийн талархлыг хүлээсэн уран бүтээлч” болж байжээ. Харин хоёр дахь уран бүтээл болох “The Rider” (2017) кино шүүмжлэгчдээс өндрөөр үнэлгээ авч, хэд хэдэн номинацид нэр дэвшиж байв.

Тус киноны гол дүрд Хлоеын найз залуу жүжигчин Жошуа Жэймс Ричардс тоглосон юм. Тэд Нью-Йоркийн их сургуулийн урлагийн сургуульд танилцаж байжээ. Жошуа Хлоеын киноны гол дүрд нь тоглосноос гадна түүний гурван кинон дээр бүгдэд нь хамтран ажилласан байна. Жошуа, Хлое нар одоо Калифорнийн Охай хэмээх жижигхэн хотод гурван тахиа, хоёр нохойтойгоо амьдардаг.

Ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх Марвелийн цуврал “Eternals” киног мөн Хлое Жао найруулсан бөгөөд тус кино үзэгчдийн дунд ихээхэн хүлээлттэй байгаа билээ. Хэдий эх орондоо соёлын ялгаа, дипломат маргаанаас болж амжилтаа үнэлүүлж чадахгүй байгаа ч барууны кино ертөнцөд энэ хятад бүсгүй аль хэдийнэ өөрийн гэсэн байр сууриа олж, шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор багтаж чаджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж