Евро-2020 тэмцээнийг шинжихүй

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

Евро-2020 тэмцээнийг шинжихүй

Евро-2020 тэмцээнийг шинжихүй

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 30 хүрэхгүй хоног үлдлээ. Энэхүү тэмцээний 60 жилийн түүхэнд анх удаагаа Европын 11 хотод нэгэн зэрэг Европын аварга зохион байгуулагдах гэж байна.

Евро-2020 тэмцээн ирэх зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

  • А хэсэг – Турк, Итали, Уэльс, Швейцарь

А хэсгийн гол фаворитаар Итали нэрлэгдэж байна. 2018 оны ДАШТ-ийг өнжсөн Италийн шигшээ Роберто Манчинигийн удирдлага дор сайн тоглолт үзүүлж байгаа юм. Туршлагатай хамгаалагчид, залуу довтолгооны тамирчид тэдэнд бий. Мөн Аарон Рамси, Даньел Жэймс, Гарет Бэйл тэргүүтэй Уэльс ч хэсгийг тэргүүлж болох юм. 2016 оны Европын аваргаар Уэльсийн шигшээ таамаглаагүй амжилт үзүүлж, хагас шигшээ шат хүртэл шалгарч, Португалд тахим буулгаж байв.

  • В хэсэг – Дани, Финланд, Бельги, Орос

Энэ хэсгээс Бельгийг ядах юмгүй шалгарна гэж мэргэжилтнүүд харж байна. Хэдий “Улаан чөтгөрүүд”-ийн гол тоглогчдын нэг Эден Азар форм муутай байгаа ч Ромелу Лукаку, Кевин де Брюйне нар энэ улирал Англи, Италийн лигүүдэд гялалзаж байгаа. 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт, шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн амжилттай он жилүүдийг өнгөрүүлж буй Бельгийн шигшээ багт аюул тарих баг В хэсэгт харагдахгүй байна. Харин хэсгээсээ хоёроор гарахын төлөө Дани болон Оросын шигшээ багууд өрсөлдөх нь дамжиггүй.

  • С хэсэг – Нидерланд, Украин, Австри, Хойд Македони

Италийн адилаар Нидерландын шигшээ баг 2018 оны дэлхийн аваргад оролцож чадаагүй. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд Нидерландын шигшээ эрс өөрчлөгдсөн. Арьен Роббен, Робин ван Перси, Уэсли Снейдер нарын ганган үе дуусгавар болж, цоо шинэ залуус гарч ирж байна. Харамсалтай нь, Нидерландын шигшээ багийн ахлагч Виржил ван Дик энэ удаагийн Европын аваргыг өнжиж, ирэх улирал эргэн ирэхдээ бэлдэнэ гэв. Нидерландын хувьд маш муу мэдээ. Хэсгийн хоёрдугаар байрын төлөөх өрсөлдөөн Украин, Австрийн хооронд явагдах биз ээ. Анх удаа Европын аваргад орох гэж буй Хойд Македонийг таамаг эвдэнэ гэж олон хүн бодохгүй байгаа юм.

  • D хэсэг – Англи, Хорват, Шотланд, Чех

Энэ хэсгийн ч биш, энэ Европын аваргын гол фаворитаар Английн шигшээ баг нэрлэгдэж байна. Английн шигшээн ахлах дасгалжуулагч Гарет Саутгейт ирэх зун хэн хэн гэдэг 26 тоглогчийг багтаа багтаах вэ гээд зовж суугаа. 17-30 насны ид үе дээрээ яваа 40 тоглогч Английн шигшээн дуудлагыг хүлээж байна. Мөн Хорват, Шотланд, Чех гэсэн гурван баг Английн залуучуудаас шалгалт авна. Модрич, Ракитич, Манзукич, Перишич тэргүүтэй Хорват шигшээ багийн алтан үеийн залуучууд сүүлийн сумаа тавина. 2018 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэн түүх бүтээж байсан Хорватын шигшээн гол тоглогчид одоо хэдийнэ гуч гарчээ.

  • E хэсэг – Испани, Швед, Польш, Словак

Испани гэхээсээ илүүтэйгээр Швед болон Польшийн шигшээ багууд анхаарал татаж байна. Златан Ибрахимович шигшээдээ эргэн ирснээр Швед хүчирхэгжсэн бол Роберт Левандовски гэдэг Польш довтлогч сүүлийн хоёр улирал Европ тивийг Месси, Роналдо хоёроос илүү байлдан дагуулж буй гэхэд хилсдэхгүй. Златан АС Миланд эргэн ирээд ямар өөрчлөлтийг авчирсныг бүгд мэднэ. Хүснэгтийн дундуур явдаг байсан баг аваргын төлөө өрсөлддөг болсон. Златан бол Златан шүү дээ.

Испанийн шигшээг хэсгийн шатыг давчих болов уу гэж мэргэжилтнүүд үзэж байна. Европ, дэлхийн аварга болж байсан туршлагатай тоглогчид дээр залуучууд нэмэгдэн энэ удаагийн Европын аваргад оролцоно. Мөн өнөө цагийн Премьер лигийн шилдэг хамгаалагчдын нэг Эмерик Лапорт Францын иргэншлээсээ татгалзаж, Испанийн иргэншил авч, тус улсын шигшээд тоглох болсон.

  • F хэсэг – Унгар, Португал, Франц, Герман

Европын аваргад орж буй Марко Россигийн Унгарын шигшээ багт баяр хүргэе. Энэ тэмцээнд оролцоно гэдэг өөрөө том амжилт юм шүү. 2014 оны ДАШТ-д оролцсон Коста Рикад тохиолдсон зүйл Унгарт тохиолдохгүй л бол тэдэнд энэ хэсгээсээ гарах бүр хожил авах боломж үнэхээр харагдахгүй байна.

2014 оны ДАШТ-ий D хэсэгт Уругвай, Коста Рика, Итали, Англи зэрэг багууд багтаж, хэний ч таамааглаагүй Коста Рика хэсгээ тэргүүлж, Уругвай удаалж байлаа. Харин оддын цуглуулга болсон Итали, Английн шигшээ багууд гэртээ хоосон буцаж байв.

Гол яриандаа эргэн оръё. F хэсэг бол үхлийн хэсэг гэдэг нь ойлгомжтой. 2018 оны дэлхийн аварга Франц, 2014 оны дэлхийн аварга Герман, 2016 оны Европын аварга Португал. Эдгээр багуудад дуудагдах тоглогчдын талаар ч яримааргүй байна. Роналдо, Мбаппе, Нойер гээд өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэрс яригдана. Яг өнөөдрийн байдлаар Франц, Германыг энэ хэсгийг тэргүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ Роналдо байгаа цагт Португалыг хэзээ ч тооцооноос хасч болохгүй гэдгийг 2016 оны Европын аварга хангалттай харуулсан.

Хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн зургаан багаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн дөрвөн баг нь хасагдах шатанд шалгарна. Ийнхүү хасагдах шатанд нийтдээ 16 баг өрсөлдөх болно.

Гялалзах одод

Ирэх Европын аваргын алтан шаахайн эзнээр Килиан Мбаппе, Ромелу Лукаку, Харри Кейн нарын аль нэг нь тодрох магадлал өндөр гэж хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлчид үзэж байна. Харин залуу тоглогчдоос Фил Фоден, Мэйсон Маунт нарыг Евро-2020 тэмцээний чимэг байх болно гэв. Европын аварга бүрээр л хэний ч төсөөлөөгүй шинэ залуу тоглогчид “цоорч” дэлхийд дахинд өөрийгөө харуулдаг. Та бүхэн 2016 оны Европын аваргыг санаж байгаа бол Ренато Санчес, Рафаэль Геррейро, Кингсли Коман тэргүүтэй залуучууд гайхагдсан.

Евро-2020 тэмцээний аваргаар Англи тодрох магадлал хамгийн өндөр буюу +500 байгаа бол тэдний араас Бельги (+550), Франц (+600), Испани (+750), Герман (+800), Нидерланд (+900) нар тус тус удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж