Газын зурваст дайн дэгдэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

Газын зурваст дайн дэгдэж болзошгүй

Газын зурваст дайн дэгдэж болзошгүй

Газын зурвас дахь Палестины зэвсэгт бүлэглэлүүд болон Израиль хоёр тал энэ долоо хоногт хэд хэдэн удаа харилцан нэг нэгэн рүүгээ ноцтой дайралт хийсэн. Энэ нь цаашид жинхэнэ дайн дэгдээж магадгүй хэмээн НҮБ санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Израилийн талаас мэдээлж байгаагаар, сүүлийн 38 цагийн дотор Палестины зэвсэгт бүлэглэлүүд Тель-Авив тэргүүтэй гол хотуудад чиглэсэн нийт 1000 гаруй пуужин харвасан байна. Харин хариуд нь Израиль Газийн зурваст хоёр ч удаа агаарын цохилт өгч, орон сууцны хоёр том барилгыг сүйрүүлжээ.

Энэ долоо хоногт дээрх дайралтуудаас болж Палестины талаас дор хаяж 53 хүн, тэднээс 14 хүүхэд, Израилийн талаас зургаан хүн тус тус амь үрэгдсэн байна. Болж буй үйл явдалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш маш их санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Израилийн талд Газийн зурвасаас харвасан танк эсэргүүцэгчийн суманд хилийн ойролцоо явсан машин оногдож, нэг энгийн иргэн нас барж, гурван хүн шархадсан байна. Түүнчлэн Тель-Авив хотын ойролцоох Лод хотод нэгэн машин пуужинд оногдож, 52 настай аав, 16 настай охины хамт нас баржээ.

Газын зурваст Израилийн агаарын цохилтоос болж орон сууцны барилгууд нурж, нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан байна. Израилийн тал агаарын цохилтуудаа Газад орогнож буй Хамасын удирдагчдыг хөнөөх зорилготой хэмээн тайлбарлажээ.

Түүнээс гадна эрх баригчдын хийсэн үйлдлийг эсэргүүцэж Израиль дахь арабчууд Лод болон Тель-Авив хотуудад жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал үүсгэж, онц байдал зарлахад хүргэсэн байна. Энэ талаар Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху “Засгийн газар Израилийг гадны дайснууд болон дотоодын үймээн самуун дэгдээгчдээс хамгаалахын тулд бүх хүчээ дайчлах болно” хэмээн мэдэгджээ.

Ийнхүү хоёр тал тулалдахаас өмнө мусульманчууд болон еврейчүүдийн хэн хэнийх нь хувьд ариун дагшин Иерусалимд Палестины жагсагчид болон Израилийн цагдаа нарын хооронд хэдэн долоо хоногийн турш үл ойлголцол, ширүүн мөргөлдөөн үргэлжилж байв.

Израиль цэргүүдийн мэдээлж байгаагаар, энэ долоо хоногийн тулаан 2014 оны Газын зурвасын үл ойлголцлоос хойш байгаагүй хөнөөлт тулаан болж байгаа аж. Энэ долоо хоногт тулаан эхэлснээс хойш Палестинын газар нутгаас нийт 1050 гаруй пуужин хөөрсний 850 нь Израильд хүрчээ. Түүний зарим нь байндаа туссан бол олонхийг нь агаараас хамгаалах системийн ачаар агаарт устгагдсан бол 200 орчим нь хил давалгүй Газын зурваст унасан байна.

Пуужингийн дайралтууд голдуу Тель-Авив, Ашкелон, Модийн, Биршеба хотууд руу чиглэжээ. Тиймдээ ч тэдгээр хотуудын иргэд шөнийн тэнгэрт түгшүүрийн дохио хангинаж, агаарт чанга чанга дэлбэрэн буй дүрс бичлэгүүд хийж, цахим орчинд байршуулах болсон байна.

Пуужингийн дайралтуудаас өмнө Израилийн тал Газын зурваст агаараас цохилт өгч, хоёр ч орон сууцны том барилгыг газрын хөрстэй тэгшилж орхисон. Энэ нь Пуужин хөөргөх талбайнуудыг олж устгах, Газын зурвасыг удирддаг "Хамас" зэвсэгт бүлэглэлийнхний ашигладаг өндөр үнэтэй барилга, орон сууцуудыг сөнөөх зорилготой байсан хэмээжээ.

"Хамас" бүлэглэлээс Израиль зориудаар энгийн иргэдийн орон сууц руу довтолж байгааг хүчтэй шүүмжилж буй юм. Дайралтаас өмнө оршин суугчдыг амжиж нүүлгэн шилжүүлсний ачаар хохирсон хүн цөөхөн буй хэдий ч эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр хүний амь эрсдсэн байж болзошгүй аж.

Болж буй тулааны талаар Израилийн Батлан хамгаалахын сайд Бенни Гантз “Энэ бол ердөө эхлэл. Алан хядагч бүлгэмүүд Израильд халдахаар шийдсэнийхээ төлөө хариугаа хүртэх ёстой, хүртсээр ч байх болно. Гэхдээ бид урт хугацааны энх тайван тогтоох чин хүсэл сонирхолтой байгаа юм шүү” гэжээ. "Хамас"-ын удирдагч Исмайл Хание “Хэрвээ Израиль байлдахыг хүсч байгаа бол бид бэлэн. Харин тулааны зогсоохыг хүсвэл бид мөн л бэлэн” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж