Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөхийг санал болголоо

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөхийг санал болголоо

Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөхийг санал болголоо

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар Covid-19-ийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож байна.

Цар тахлын хүндрэл, нөхцөл байдлаас үүссэн энэ үеийг ашиглаад, дэлхийн улс орнууд эдийн засгийн алдаатай бүтцээ сууриар нь засч сайжруулах, ижил гараанаас урагшлах нь зүйтэй гэж үзжээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр (2021.05.12) “Covid-19-ийн дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж, хамтдаа эхлүүлэхийг уриаллаа.

Монгол Улсын хувьд 2020 онд цар тахлын улмаас 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал тохиож, энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшив. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлал, үйлчилгээ тэргүүтэй эдийн засгийн нөлөө бүхий салбар хямралд илүү ихээр нэрвэгджээ.

Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байгаа аж. Иймд Дэлхийн эдийн засгийн форум 2021 онд Дэлхийн эдийн засагт “Их сэргэлт” хийхийг уриалж эхэлсэн билээ.


ЦАР ТАХЛЫН УЛМААС ХҮНДРЭЛД ОРСОН ААН-ҮҮД, ИРГЭДДЭЭ НЭГ УДАА ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХИЙГ САНАЛ БОЛГОВ

МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх санаачилгыг дэвшүүллээ. Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах нь дээрх үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх, эдийн засаг эрчимтэй сэргэхэд чухал үр дүнтэй гэж үзэж байна. Тухайлбал:

Өршөөл нэг удаа үзүүлэх ажлын хүрээнд,

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх,
  2. Татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх,
  3. Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алданги чөлөөлөх,
  4. Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах саналыг МҮХАҮТ гаргав.

ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН ХУДАЛДААНЫ ЯАМ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: 

-Манай улсын бизнесийн орчныг эдийн засаг, засаглал, хууль эрх зүй, дэд бүтэц, технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гарсан.

Монголын бизнесийн орчны судалгаагаар, оролцогчдын 79.7 хувь нь бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна гэж хариулсан. Энэ нөхцөлд тааруулсан жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөг хүртэлх зээлийн эдийн засгийг сэргээж, ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлд 5.542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирснээс 648.7 тэрбум төгрөгийг 9400 зээлдэгчид олгож, 366.7 тэрбум төгрөгийн 2850 хүсэлтэд татгалзжээ.

Бизнес эрхлэгчдээс авсан асуумжийн дүнгээр, зээл хүсэгч бизнес эрхлэгчдийн 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу, 32 хувь нь банкны барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, 8 хувь нь бизнесийн эрсдэл өндөр, 5 хувь нь зээлийн мэдээллийн санд сөрөг бүртгэлтэй байна.

НДШ болон татвар, Зөрчлийн хуулиар тавьсан өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлж хөнгөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй, муу зээлдэгч ААН, иргэдийн ангиллыг сайжруулах хэрэгтэй байна.

Эдийн засгийн болон худалдааны яам байгуулах хэрэгтэй байна. Ингэснээр эдийн засгийн салбаруудыг цогц, хоршсон кластер хэлбэрээр зохион байгуулж хөгжүүлэх боломжтой.

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн байдал:

-Дэлхийн банк Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байна.

-Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө таамагласан.

-2020 оны Монгол Улсын нийт экспортын 93%-ийг Уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн байна. ДНБ 5.3 хувиар буурав.

-Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.

-Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдэв.

-Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжпэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай байна гэв.

-2020 оны бизнес итгэлийн индекс -0.28 гарсан ба энэ нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, ГШХО буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болж байна. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг бөгөөд үндсэн үзүүлэлтүүд бүгд өмнөх оноос буурсан дүнтэй байна.

-2020 онд нийт 132 мянган ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч, үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна.

-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар шат дараалан нэмэхээр болсон. Үүнд 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон.

-2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН (160 мянган даатгуулагч), НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.

-Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлэнд 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9,400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид олгож 366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэд татгалзжээ.

-Монголбанкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгжүүд 8000, иргэн 300 мянга орчим болжээ.

-2020 оны байдлаар нийт 2,276,868 зөрчил гарсан бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 66 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2021 оны эхний 4 сарын байдлаар нийт 449,165 зөрчил бүртгэгдсэн бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ 16.7 тэрбум төгрөг байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж