Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх долдугаар сарын 1-ээс зохион байгуулахаар товлосон. Жил бүр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төгсөгчдийг заавал өгөх монгол, хэл бичгийн шалгалтад хамруулдаг байсан билээ. Тэгвэл энэ жил төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол, хэл бичгийн шалгалт авахгүй байх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн арван хоёрдугаар ангийн сурагчдыг энэ сарын 17-ноос эхлэн ЭЕШ-д бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулахаар болсон байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасан аж. Энэ онд нийт 40,420 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Үүний 19290 нь нийслэлийн, орон нутгийн 21130 төгсөгч бүртгүүлсэн байна.
Монгол, хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг Засгийн газрын тушаалаар гаргадаг бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс тус шалгалтыг зохион байгуулахтай холбоотой саналаа Боловсролын яаманд хүргүүлсэн гэдгээ өмнө нь мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ