Монгол Улсад вакцинаас болж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Монгол Улсад вакцинаас болж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

 БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероцелл" вакциныг тариулсан эмэгтэй нас барсан талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Тодруулбал, талийгаач Ш гэх 44 настай эмэгтэй энэ сарын 9-нд вакцины нэгдүгээр тунг тариулжээ. Гэвч маргааш нь буюу энэ сарын 10-нд 21:41 цагийн үед нас барсан аж. Үүнийг вакцинаас болсон гэж талийгаачийн охин Ц.Нандиндулам үзэж байгаа юм. Түүний мэдээлснээр ээж нь  нялх биетэй, ямар нэгэн архаг суурь өвчингүй байсан бөгөөд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн "Вероцелл" вакциныг тариулсан байжээ. Хэдийгээр уг вакцин нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн ч дээрх асуудалтай холбоотой  Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн байр суурийг хүргэж байна.

                     ВАКЦИНААС БОЛСОН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:  

-Тухайн хүний ар гэрийнхний зүгээс вакцинаас болсон гэх хардлага байгаа. Одоогоор вакцинаас шууд болсон гэж хэлэх боломжгүй. Тухайн хүн вакцин тариулснаас хойш маргааш нь нас барсан болохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарахаар тодорхой болно. Вакцины дараах хүндрэл үү, эсвэл архаг суурь өвчин өөр бусад шалтгаан уу, эсвэл вакцинаас болсон уу үгүй юу гэдгийг задлан шинжилгээний дүгнэлтээр гарна. Хувь хүмүүсийн тухайд цаг үе нь вакцины дараа болсон учраас хардаж, шууд вакцинтай холбож ойлгож байна.

Бидний хэрэглэж буй вакцин бол ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, вакцинаас болж нас барна, эрсдэл үүснэ гэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Би бол тухайн хүнийг вакцинаас болж нас барсан гэж бодохгүй байна. Итгэхгүй байна.

Одоо бол задлан шинжилгээний дүгнэлт гараагүй, нас баралтын шалтгаан тодорхойгүй байгаа учраас хариуцлага ярих боломжгүй.  Өмнө нь вакцин тариулсны маргааш нь нас барсан тохиолдол гарч байсан ч задлан шинжилгээний дүгнэлтээр титэм судасны нарийсал үүссэнээс болж зүрхний шигдээс болсон гэх дүгнэлт гарч байсан. Тиймээс вакцинтай ямар ч холбоогүй.

Хэрэв вакцины дараа хариу урвал хүндрэл анафилаксийн шокоос болсон бол дотор эрхтэнүүдэд өөрчлөлт орсон, архаг суурь өвчнөөс эрс ялгаатай байдаг.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсад вакцинаас болж нас барсан гэх албаны ёсны дүгнэлт байхгүй, ийм тохиолдол бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн шалтгааныг судалж байгаа.

Ерөнхийдөө вакцины дараах хариу урвал хүндрэл олон улсад 40 хувьтай байгаа бол манай улсад 20 хувьтай байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл 15-30 минутад үүсдэг. Хэрэв хэт мэдрэг, харшилтай бол вакцин тариулсны дараа анафилаксийн шок үүсдэг. Эрүүл мэндийн яам дархлаажуулалтын дараах хариу урвал, хүндрэлийг судалж, хянадаг зөвлөлтэй. Одоогоор вакцинд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь хөнгөн шинж тэмдэг илэрч байна. Вакцины зааварт 40 орчим хувь хүртэл хариу урвалын шинж тэмдэг илэрч болно гэсэн байдаг. Монгол хүмүүсийн хувьд 20 орчим хувьтай байгаа юм.

                      ВАКЦИНААС ШАЛТГААЛСАН БОЛ БИДЭНД НУУХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР: 

-Бидэнд вакцинаас болж нас барсан гэх бүртгэгдсэн зүйл алга. Гэрийн нас баралт бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон холбогдох хүмүүсийн дүгнэлтээр тогтооно. Энэ бол цаг хугацааны асуудал.

Хэрэв үнэхээр вакцины урвал, хүндрэлээс болсон байвал бидэнд нуух зүйл байхгүй, тухайн үед нь мэдээлнэ. Тиймээс одоогоор шууд вакцинаас болсон гэж хэлэх боломжгүй. Манай улсад хэрэглэж буй вакцинууд бол ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн. Иргэдийн хувьд вакцины талаар нэг бол 100 хувь баталгаатай, эсвэл ямар ч урвал хүндрэл гарахгүй тэг байх гэдэг хоёр зүйлд хэт итгэж яриад байгаа юм. Гэтэл вакцинууд тодорхой хэмжээгээр 80, 90 хувьтай, дархлаа тогтохгүй ч  асуудал байна.

Бүх л вакцинд дагалдаж гарах урвал, сөрөг нөлөө тодорхой хэмжээнд бий.  Вакцины дараа хариу урвал хүндрэл гарах, анафилаксийн шокт орж болно. Гэхдээ энэ нь дэлхий дахинд хэдэн зуун саяд цөөн тохиолдолд бүртгэгдэж байгаа юм. Ер нь вакцинд хамрагдах үгүй нь хувь хүний сонголт. Вакцинд хамрагдахгүй бол өвчлөх эрсдэлтэй гэдгийг бид анхааруулж зөвлөж байгаа. Манай улс Эрүүл мэндийн сайдын тушаалаар жирэмсэн эхчүүдэд вакцин тарихгүй байгаа ч хөхүүл эмэгтэйчүүдийг дархлаажуулж байгаа. Өнөөдөр вакцинд хамрагдахгүй гэсэн бодолтой хүмүүс ч байгаа. Тэднийг буруутгах аргагүй. Энэ бол хувь хүний сонголт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж