Сүүлийн өдрүүдэд голын усанд боогдох, автомашинтайгаа суух зэрэг тохиолдлууд Онцгой байдлын газарт бүртгэгдэх болжээ. Тухайлбал, өчигдөр /2021.05.11/ нийслэлийн Багануур дүүргийн дөрөдүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан тухай дуудлагыг бүртгэгджээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход тус дүүргийн харьяат 42-43 насны хоёр иргэн “Ниссан Моннис” загварын суудлын автомашинтай Хэрлэн голын усанд суусан байсныг аварч, автомашиныг татан гаргасан байна.
Түүнчлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт хоёр зорчигчтой суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлага ирсэн байна. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход “Ланд-80” загварын суудлын автомашинтай иргэд Хэрлэн голын усанд суусан байсныг татан гаргасан аж.
Голын усанд тээврийн хэрэгсэл гацах, суух тохиолдол нь жолооч нарын хайхрамгүй байдал, баталгаат бус гарам, гүүрээр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос үүдэн гардаг байна. Иймд зайлшгүй шалтгаанаар хөдөө орон нутгийг зорьж буй жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах, анхаарал болгоомжтой зорчихийг албаныхан санууллаа.