Сити лигтээ түрүүлж, Барселона лигээ тэргүүлэх боломжоо алдав

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Сити лигтээ түрүүлж, Барселона лигээ тэргүүлэх боломжоо алдав

Сити лигтээ түрүүлж, Барселона лигээ тэргүүлэх боломжоо алдав

Английн Премьер лигийн 35-р тойргийн нөхөн тоглолтууд өчигдөр/2021.05.11/ явагдаж, Манчестер Сити баг гурван тойргийн өмнө аварга болох болзлоо хангалаа. Лигийг тэргүүлэгч Ситигийн араас 10 оноо дутуу аман хүзүүнд явж байсан Манчестер Юнайтед өчигдөр талбайдаа Лэйстер Ситиг хүлээн аван тун хариуцлагатай тоглолтыг хийсэн. Хэрэв Юнайтед энэхүү тоглолтонд хожигдвол Сити гурван тойргийн өмнө аварга болох байсан юм. Тоглолт ч эхэлж, Лэйстер Сити өрсөлдөгчөө талбайд нь Люк Томас, Чалар Сёюнджю нарын гоолоор 2-1 гэсэн харьцаатай хожиж, Ситид аварга болох замыг нь засч өглөө.

Ийнхүү Манчестер Сити сүүлийн есөн жилийн хугацаанд тав дахь удаагаа Премьер лигийн аваргаар тодорч байна.

Аварга болсноо мэдсэн Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “Энэ улирал, энэ Премьер лигийн цом бусадтай адилгүй. Үнэхээр хамгийн хэцүү нь энэ байлаа. Бид хэрхэн аварга авснаа үргэлж дурсч явах болно. Би энд байгаадаа, энэ залуусыг удирдаж байгаагаараа бахараж байна. Залуус маань маш онцгой. Энэ улирлыг давахын тулд бид маш олон хязгаарлалт, хүнд сорилтуудтай нүүр тулсан. Бидний гаргасан тууштай байдал ч гайхалтай байлаа. Өдөр бүр залуус маань амжилтын төлөө тэмцэж, илүү байхыг хичээлээ. Тэд бол нятаршгүй. Би Испани, Германы лигүүдэд баг удирдаж байсан. Гэхдээ би Английн лиг хамгийн хэцүү нь гэж хэлж чадна” хэмээжээ.

Өдгөө 50 настай Пеп Гвардиола 2016 онд Манчестер Ситиг удирдаж эхэлснээсээ хойш Английн дотоодын тэмцээнүүдээс найм дахь цомоо хүртэж байна.

Барселона лигээ тэргүүлэх сайхан боломжоо алдав

Өчигдөр мөн Испанийн Ла лигийн 36-р тойргийн тоглолтууд эхэллээ. Лигтээ гуравдугаар байранд явж байсан Барселона Левантегийн талбайд зочлон тоглож, 3-3 гэсэн харьцаатай тэнцэв. Угтаа тэд энэхүү тоглолтонд хожсон бол 78 оноотой болж, лигээ тэргүүлж эхлэх байсан юм. Харамсалтай нь, тэнцсэнээр 76 оноотой болж хоёрдугаар байр руу дэвшлээ. Одоо Атлетико Мадрид болон Реал Мадрид багууд 36-р тойргийн тоглолтуудаа хийх үлдсэн.

Тоглолтын дараа Барселона багийн хагас хамгаалагч Серхио Бускетс “Бидэнд лигтээ түрүүлэх тун цөөхөн боломж үлдлээ. Аймшигтай санагдаж байна. Хожих боломжтой тоглолтондоо хожиж чадсангүй. Тоглолтыг сайн эхлүүлж, давуу байдлыг үүсгэж байсан ч гурван оноо авч чадсангүй. Урьдын л адил гаргасан алдаанууд маань биднийг шийтгэчихлээ. Нэг оноо гэдэг бидэнд хангалтгүй. Бид дамжуулалтаа нямбай өгч, давуу талаа ашиглаж чадсангүй. Ашиглаж чадаагүй боломжуудаа маань биднийг шийтгэчихлээ. Багаараа хоёрдугаар үед тааруу байлаа. Энэ бол бидний алдаа. Багаараа хариуцлагаа үүрнэ. Эсрэг багаа амархан гоол оруулах нөхцлийг бид л бүрдүүлсэн” хэмээн ярив.

Жианлуижи Буффон Ювентусээс явж буйгаа мэдэгдэв

Италийн Ювентус багийн амьд домог, дэлхийн шилдэг хаалгачдын нэг Жианлуижи Буффон энэ улирлыг дуусаад багаасаа явна гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 43 настай түүний хувьд 2019 онд Францын ПСЖ-д нэг улирлыг өнгөрүүлснийхээ дараа эргэн ирээд байсан юм. Тэрбээр орон нутгийнхаа beIN Sports телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэг мөчлөгийн төгсгөл ирж байна. Тиймээс багаасаа явах нь зөв байх. Ювентустэй өнгөрүүлсэн гайхалтай урт аялалын минь төгсгөл нь энэ жил. Тоглохоо болих эсвэл өөр газар, өөр нөхцөлд тоглох талаар би бодолцож үзнэ. Би Ювентуст бүхнээ зориулсан гэж бодож байна. Мөн хүртэж болох бүхнийг л хүртсэн” хэмээжээ.

Буффон багтайгаа хамт Италийн Сериэ-А лигт 10 удаа түрүүлснээс гадна Италийн цомыг дөрвөн удаа хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж