Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 10-ны өдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр С.Зориг агсны амь нас хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу гэдэг асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ Э.Бат-Үүл гэж мэдэгдсэн. Тиймээс Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2021.05.12/ Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд бодит тайлбар өглөө.
🔴 ШУУД | Э.Бат-Үүл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд тайлбар хийж байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Tuesday, May 11, 2021
Э.Бат-Үүл "Намайг олон жил зохион байгуулалтайгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гүтгэж ирсэн учраас цаад эздийг олж өгөөч гэсэн хүсэлтийг би 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд болон Улсын Ерөнхий прокурорт тавьсан. Би өнөөдрийг хүртэл хариуг нь хүлээж байна. Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авирыг харах тусам би хүсэлтээ буруу хүнд хаягласан юм байна гэж бодоход хүрлээ. Тэр үед Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт Ц.Нямдорж оролцсон байж болзошгүй гэж хэргийг хянан шалгах үйл ажиллагаанд оролцож явсан албаны хүмүүс ярьж байсан. Энэ нь үндэслэлтэй юм болов уу гэж би бодож байна. Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм бишүү гэсэн бодол улам бүр төрөх боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий.
- Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. УИХ-ын дарга, яамыг толгойлж байсан хүний хувьд Монгол Улсад хэн ч байсан хуульд захирагдах ёстой гэдгийг сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг.
- Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна.
- Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж харагдах гэж хичээх болжээ. Миний дээрх гурван хардлага үнэн байх юм бол С.Зориг агсны хөнөөсөн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдорж гадны тусгай албатай холбоотой байсан талаар мэдэгдэж байсан тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд улсын нууц задруулсан хэргээр шоронд орсон.
Сүүлийн үед нэг зүйл ажиглаад байхад 1990 онд гадаадын тэр дотроо КГБ-тай холбоотой байсан хүмүүс идэвхжээд байгаа. Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэж үзэж байгааг зориуд хэлмээр байна. Ер нь Ц.Нямдорж Монголын төрийн бодлогыг хэд, хэдэн удаа эвгүй "элэгдэж" байсан. Их хачин зан гаргаж байсан.
Би өмнө нь хэнийг ч янз бүрээр хэлж байгаагүй. Би ер нь ардчиллын үнэт зүйлсийн талаар л ярьж, холбоотой зүйлсийг шүүмжилж ирсэн. Харин би энэ удаа хэлэх нь зүйтэй гэж үзээд дээрх зүйлсийг ярилаа. Тиймээс би С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гадаадын захиалгатай байж болзошгүй гэдэг өнцөгөөс нь шалгахыг шүүх болон тагнуулын байгууллагад тавина. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд С.Зоригийн хэргийг илрүүлэх үйл ажиллагааг элдэв бусын аргаар гацаалаа. Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд бий болсон. Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Сонгууль дөхөхөөр ийм хачин зүйл гаргаж ирдгээ Монгол Ардын нам /МАН/ болих хэрэгтэй. С.Зоригийг МАН бүрэлгэсэн гэж нийгэм даяар шуугьж, төд удалгүй тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийг бүрэлгэсэн гэж ярьж байсан шүү. Хэрэг анх шалгагдах үеэс би ард түмэндээ хандаж “Энэ хэргийг улстөржүүлж болохгүй. Улстөржүүлэх юм бол хэргийн захиалагч нь олдохгүй” гэдгийг уриалж ирсэн. Үүний хүчинд МАН-ын цагаан байрыг иргэд шатаагаагүй. Гэтэл МАН тэр цагаас хойш 20 жил намайг гүжирдсэн. Сонгууль бүрт С.Зоригийг хөнөөсөн хүнийг олно гэсэн амлалт өгч, улс төр хийсээр ирсэн. Өнөөдөр МАН гадаадын агент Ц.Нямдоржоороо далимдуулин сонгуулийн өмнө ахиад нөгөө ажлаа эхлүүллээ. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт үндэсний, ард түмнийхээ эрх ашгийг бодож өнөөдрийг хүртэл энэ асуудлыг улстөржүүлээгүй хүн нь би.
Ц.Нямдоржийн хууль бус ажиллагааг шүүмжилсэн хүн бүхэн шоронд орсон. Ц.Нямдорж л ганцаараа үлдсэн. Тэр битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүртэл шоронд орсон. Тиймээс Монголын хуульчид одоо үгээ хэлэх цаг нь болсон.
Монголд хууль бий юу. Аль эсвэл Ц.Нямдорж өөрөө хууль юм уу. Хуулийн дээр гарч зогсчихоод монгол төрийг эвхэртэл элэгддэг тэр хэн юм бэ? С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлж чадахгүй юм бол Монголын мөрдөн байцаах, хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж чаддаг эсэхэд хүртэл эргэлзэж байна. Мөрдөн байцаах хуулийн дагуу хэрэгт холбоотой зүйлс ярьвал намайг шоронд хийчихнэ. Хэргийг нууцаас гаргачихвал бүх зүйлийг ярьмаар байна. Хавтаст хэргийг ил болговол хэрэгт холбоотой олон зүйлсийг би ард түмэндээ хэлмээр байна. Хамгийн гол нь Ц.Нямдоржийн үйл ажиллагааг таслан зогсоохгүй бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байна. Гадаадын гар хөл болсон Монголын төрд хүчтэй бүлэглэл байна. Ц.Нямдорж лав ганцаараа биш. 1990 оноос өмнөх манай тусгай албат КГБ-ын Монгол дахь салбар нь байсан юм шүү дээ. Могой гурав тасравч, гүрвэлийн дайтай гэдэг шиг тэр бүлэглэл өнөөдөр монголд байна. Тэр бүлэглэлтэй үзэлцсэн хүн бүхэн шоронд орж байна." гэлээ.
Холбоотой мэдээ