"Азбаяр хотон шувууны далавчийг Монголд эмчлэх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

"Азбаяр хотон шувууны далавчийг Монголд эмчлэх боломжгүй"

"Азбаяр хотон шувууны далавчийг Монголд эмчлэх боломжгүй"

Шархадсан нэн ховор борцгор хотон шувууг хагас жил тэжээж, түүнийгээ саяхан нууранд нь тавьсан иргэн Ц.Ганболдтой утсаар холбогдож ярилцлаа. Биологич мэргэжилтэй, амьтанд хайртай тэрбээр Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг юм.


-Азбаяр нэртэй хотонгоо эмчилж, байгальд нь тавьжээ. Хэзээнээс тэжээхээр болсон юм бэ?  

-Саяхан байгальд нь тавьсан хотонг маань Азбаяр гэдэг юм. Энэ шувууг шархадсан байхад нь Хар-Ус нуурын  байгаль хамгаалагчид 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд олоод надад өгсөн. Миний хувьд урьд нь буюу 2018 онд бас нэг шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн юм. Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа.

-Хотонгийн далавч эдгээд одоо зүгээр болчихсон уу?

-Баруун далавч нь өнгөрсөн оны долоо, наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачаад рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн. Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой гэсэн. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байлаа. Харин Азхүү хотон шувууны хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон.

-Нисч чадахгүй болохоор одоо яаж хоол тэжээлээ олж идэж байгаа бол?

-Хотон шувуу нь сүргээрээ амьдардаг онцлогтой. Ялангуяа хоол тэжээлээ олж, цуг хооллохдоо их сайн. Үүрнийхээ ойролцоо загаснуудыг хураачихсан байдаг. Энэ хоолноос аваад идэх чадвартай. Хар-Ус нууранд тавихаасаа өмнө нэлээд сайн судалгаа хийсэн. Ижил сүрэг нь нас бие гүйцсэн 37 хотонтой тул Азбаяр хотон маань алзахгүй. Бас автомат камер тавьсан байгаа учир санаа зоволтгүй.

-Шинээр суудал засч өгсөн гэсэн үү?

-Урьд нь Азхүү хотон шувууг шууд сүрэгт нь нийлүүлсэн. Харин Азбаяр маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Үүнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хийсэн. Азбаярынхаа өмнөөс маш их баярлаж байгаа шүү.

-Хагас жил шувуу тэжээхэд асуудалтай зүйл нь юу байсан бэ?

-Нялх хүүхэд өсгөхтэй адил арчилгаа шаарддаг. Азбаярт зориулж барьж, тохижуулсан нэг гэр байдаг юм. Тэндээ 150 литрийн багтаамжтай ваннтай. Ваннаа усаар дүүргээд өдөр бүр усанд оруулна. Усыг нь дор нь солихгүй бол хордлого авчихдаг юм. Галд орохоос хамгаалсан хашлага татаж, бие засах газрыг нь бэлдэж өгнө.

-Ер нь хотон ямар зан авиртай шувуу бэ. Азбаяр өмнөх хотонгоос ялгаатай байсан уу?

-Хотон тэжээж байгаа хүнээ сайн таньдаг. Эхэндээ бол дайрна, хазна, нэлээд юм болно. Тэгээд хооллоод, усанд оруулаад байхаар хурдан дасдаг. Азхүүгийн хувьд их дөлгөөн зантай байсан. Харин Азбаяр нэртэй хотон шувуу маань догшин, ууртай. Гаднаас хүмүүс орж ирээд, зургийг нь авахаар уурлаад, стресстээд байдаг. Ийм зан чанартай болохоор байгальд тавих нь зөв гэж бодсон.

-Энэ хугацаанд хэрхэн хооллож, тэжээсэн бэ. Зургаан сарын хугацаанд бас чамгүй зардал гарсан уу?

-Хотон шувуу зөвхөн загасаар хооллодог. Өдөрт 4-5 загас иднэ. Яг дундаж хэмжээтэйг өгөхгүй бол тэрнээс нь том, бас залаагүй, сэлүүргүй, бүтэн биш загасыг голоод иддэггүй. Амьтанд хайртай, сайхан сэтгэлтэй хүмүүс Азбаярт өгөөрэй гээд загас авч ирж өгөх нь бий. Хар-Ус нуураас загас барих хориотой. Хураагдсан загаснаас хотонг тэжээгээрэй гэж заримдаа өгч байсан.

-Хүмүүс яагаад хотон шувууг буудаж хөнөөх гээд байдаг юм бол?

-Уяачдын дунд хотон шувууны хошуугаар хусуур хийвэл морь нь хурдалдаг гэх мухар сүсэг байдаг юм билээ. Үүнээс үүдээд цөөн хэдэн хүн л хотон шувууг агнах гээд дайраад байгаа юм. Түүнээс биш монгол хүн бүр шувуу агнадаггүй шүү дээ. Тиймээс хотон шувуу руу буу шагайлгүй,  зэрлэг амьтдаа хайрлаж хамгаалахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж