Улсын төсөвт учирч болзошгүй өр төлбөр 

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Улсын төсөвт учирч болзошгүй өр төлбөр 

Улсын төсөвт учирч болзошгүй өр төлбөр 

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу Сангийн яам “Засгийн газрын өр”-ийн үлдэгдлийг улирал тутам тооцон гаргаж, олон нийтэд мэдээлдэг. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 27.9 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 62.3 хувьд хүрчээ.

Гүйцэтгэх засаглалын өрийн бүтцийн хувьд 2020 оны жилийн эцсийн байдлаар дотоод өр 4.1 хувь, гадаад өр 89.1 хувь, Засгийн газрын өрийн баталгаа болон барих-шилжүүлэх төрлийн концесс 6.8 хувийг тус тус эзэлж байна.

Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2018 оноос 27.4 хувиар, Засгийн газрын өрийн баталгаа 6.2 хувиар тус тус буурчээ. Харин Засгийн газрын гадаад үнэт цаасны үлдэгдэл 9 хувиар, гадаад зээлийн үлдэгдэл 47.3 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь арилжааны нөхцөлтэй гадаад болон дотоод зээллэгээс татгалзаж, хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлээр шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого баримталж байгаатай холбоотой бөгөөд гадаад валютын ханшийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн “Барих-шилжүүлэх” концессын гэрээг Засгийн газраас 2017 оноос хойш шинээр байгуулаагүй. 2020 оноос эхлэн “барих-шилжүүлэх” концессын гэрээний дагуу төлөх төлбөр төлөгдсөнөөр үлдэгдэл буурсан байна.

Засгийн газар төсөв санхүү, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг тууштай хэрэгжүүлэх замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлж, дунд хугацаанд өрийн үйлчилгээний зардлын төсөвт учруулах ачааллыг жигдлэх бодлого барьж байгаа аж.

Засгийн газраас стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, дунд хугацааны төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр 600.0 сая ам.долларын 5.125 хувийн хүүтэй “Номад” бондыг арилжаалж, 2021 онд төлөгдөх 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Чингис” бондын тодорхой хэсгийг буцаан худалдан авсан. Мазаалай бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын үндсэн төлбөрийг улсын төсвөөс 2021 оны дөрөвдүгээр сард бүрэн төлж барагдуулсан.

Дээрх арга хэмжээний үр дүнд дунд хугацааны гадаад төлбөрийн дарамт 0.6 тэрбум ам.доллараар буурсан ч үндсэн төлбөрийн төсөвт учруулах дарамт өндөр хэвээр байна. Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 31,193 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,259 сая ам.доллараар өссөн бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 435 сая ам.доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулбал 244 сая ам.доллараар буурсан дүнтэй гарсан.

Гадаад үнэт цаасны үндсэн төлбөрт 2022-2024 онд 2.2 тэрбум ам.доллар төлнө.

Засгийн газрын өрийн хүүгийн зардал 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд 1,137.5 тэрбум төгрөг буюу урсгал зарлагын 10.4 хувьтай тэнцэхээр байгаа бол 2022-2024 онд 1,109.7-1,139.6 тэрбум төгрөгт тогтвортой хэмжээнд байхаар, урсгал зарлагад эзлэх хүүгийн зардлын хэмжээ 8.9 хувь хүртэл буурахаар байгаа аж.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөллөөр Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг тухай жилийн нэрлэсэн ДНБ-д харьцуулсан харьцаа 2022 онд 59.2 хувь, 2023 онд 55.5 хувь, 2024 онд 50.2 хувьд тус тус хүрэх төлөвтэй. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг хангахаар байгаа боловч гадаад валютын ханш, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлээс шалтгаалан зөрчигдөх эрсдэлтэй юм.

ЗАСГИЙН ГАЗАР ӨРИЙН БАТАЛГАА НЭМЖ ГАРГАХГҮЙ

Засгийн газраас “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-т заасан зорилтын хүрээнд дунд хугацааны өрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахдаа нэмж өрийн баталгаа гаргахгүй байхаар төлөвлөжээ. Мөн Засгийн газраас арилжааны нөхцөлтэй 2022-2024 онуудад төлөгдөх 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасыг зах зээлийн тохиромжтой нөхцөлд төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогоо үргэлжлүүлэх юм байна. Эдийн засаг, гадаад зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх аж.

Засгийн газраас цөөн тооны хөрөнгө оруулагчдад олон нийтэд хүртээмжтэй бусаар арилжаалж байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны системийг боловсронгуй болгон, олон нийтэд ил тод, нээлттэй хөгжүүлж, дунд хугацаанд үнэт цаасны арилжааг тогтмолжуулах бодлого баримтлах юм байна.

Сангийн яамнаас өрийн удирдлагын тогтолцооны болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөний дагуу шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах бодлого баримталж буй аж. Стратегийн баримт бичигт тусгасан зорилтуудыг хангаснаар дунд хугацаанд хүрэхээр төлөвлөсөн өрийн багцын зорилтот түвшин дараах байдалтай байна гэж үзжээ.

УЛСЫН ТӨСӨВТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ӨР ТӨЛБӨР 

Засгийн газрын баталгаа нь баталгаа гаргуулагч зээллэгийн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүрэг бөгөөд улсын төсөвт учирч болзошгүй өр төлбөрт хамаардаг.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн уналт тодорхойгүй хугацаанд үргэлжлэх, хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарч, эдийн засгийн идэвхжил буурах, 2021-2023 онуудад төлөгдөх том дүнтэй зээлийн төлбөрөөс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дансны дарамт ихсэх бодит эрсдэлүүд тулгарсаныг тооцох нь зүйтэй юм.

Засгийн газрын өрийн баталгаатай зээллэгийн төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банк, “МИАТ” ТӨХК, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг зээл авсан байгууллагууд эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэвийн гүйцэтгэж буй. Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатай 500.0 сая ам.долларын бондын үндсэн төлбөрийг 2020 оны тавдугаар сард бүрэн төлж барагдуулсан билээ.

Засгийн газрын 2013 оны 319 дүгээр тогтоолын дагуу "МИАТ" ТӨХК-ийн Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авахад зориулан 121.4 сая ам.долларын гурван дэд хэсгээс бүрдэх зээллэгт баталгаа гаргасан. Үүнээс хоёр дэд зээллэгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан бөгөөд нэг дэд зээлийн үлдэгдэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 18.3 сая ам.доллар байна.

“МИАТ” ТӨХК энэхүү зээлийг хуваарийн дагуу 2021 онд 8.15 сая ам.доллар, 2022 онд 8.15 сая ам.доллар, 2023 онд 2.0 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлнө.

Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргасан Засгийн газрын баталгаа

“Самурай” үнэт цаас

Монгол Улсын Хөгжлийн банк 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Японы зах зээл дээр 30.0 тэрбум иенийн “Самурай” үнэт цаасыг 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй арилжаалсан. Үүнд Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолоор Засгийн газар баталгаа гаргасан. Монгол Улсын Хөгжлийн банкны гэрээний дагуу “Самурай” үнэт цаасны үндсэн төлбөрийг 2023 онд төлөх хуваарьтай байна.

БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл

Монгол Улсын Хөгжлийн банк 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162.0 сая ам.долларын 8 жилийн хугацаатай, 6.0 хувийн хүүтэй, зээл авсан. Засгийн газрын 2014 оны 116 дугаар тогтоолын дагуу Засгийн газар баталгаа гаргасан. Зээлийн үлдэгдэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 54.0 сая ам.доллар байна. Хөгжлийн банкнаас хуваарийн дагуу 2021 онд 27.0 сая ам.доллар, 2022 онд 27.0 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлнө.

“Эрдэнэс Монгол” ХХК-д гаргасан Засгийн газрын баталгаа

Азийн хөгжлийн банкнаас авч буй хөнгөлөлттэй техник туслалцааны зээл “Эрдэнэс Монгол” ХХК 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр 35.0 сая ам.долларын ЛИБОР (6 сар) +0.6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлийг Азийн хөгжлийн банкнаас авсан. Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор Засгийн газар баталгаа гаргасан юм. Зээлийн үлдэгдэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 9.4 сая ам.доллар байгаа бөгөөд 2031 онд зээл төлөгдөж дуусна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж