Цаг үргэлж түм түжигнэж, хүний хөл холхиж байдаг газар бол эмнэлэг. Covid-19 халдварын эрсдэлтэй орчинд амьдарч буй энэ үед хамгийн эрсдэлтэй орчин болсон. Энэ ч үүднээс монголчууд өмнөх шигээ дуртай үедээ эмнэлгийн хаалга татдаг үед ард хоцроод бүтэн хоёр жил тойрч байна. Бас цар тахлын үед эмнэлгүүд Covid-19 халдварт бүх анхаарлаа хандуулж, эмнэлгийн бусад тусламж орхигдлоо гэх шүүмжлэл ч тасраагүй. Ялангуяа алхам тутамд PCR шинжилгээг эмнэлгүүд шаардах болсноор өвдөж зүдэрсэн, яарч сандарсан хүмүүст сэтгэлзүй, санхүү бас цаг хугацаа алдсан хүнд дарамт болж байв. Хэзээ өвдөхөө мэдэхгүй жирэмсэн эмэгтэй, буяны ажилтай, эмнэлэгт хэвтэх, ажилдаа орох зэрэг олон шалтгаанаас үүдэн PCR шинжилгээ өгөхийн тулд өвлийн хүйтэнд гадаа хоносон, яарсан нэгэн нь хувийн эмнэлэгт халаасаа шавхах нь энүүхэнд. Зөвхөн PCR шинжилгээний хариу хүлээж цаг алдснаас болж аравхан настай охин амь насаа алдсан харамсалтай бас гашуун түүх ч бий. Энэ мэт PCR шинжилгээг тойрсон асуудал одоо ард хоцорчээ. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын шийдвэрээр эмнэлгүүд яаралтай тусламж авах иргэдээс PCR шинжилгээ шаардахаа больсон нь сайн хэрэг. Гэхдээ үхэл амьдралын заагтай уралдаж байдаг Яаралтай хүлээн авах төвүүдэд энэхүү шийдвэр хэрэгжиж байгаа юу? гэдгийг сурвалжиллаа.
16:00 ЦАГ: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төв ачаалалд дарагджээ. Зүрхний шигдээс, тархины цус харвалт, гэнэт ухаан алдсан зэрэг олон шалтгаанаар эмнэлэгт яаралтай хүргэгдсэн өвчтөнүүдийн ар гэрийнхэн эмнэлгийн гадаа цуглажээ. Зарим хүний ар гэрийнхэн, хамаатан садан цуглаж сэтгэлзүйгээ бэлдэх мэт эмчийн дуудахыг хүлээнэ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар хүнд өвчтөн хүлээж аваад үг солих завгүй. Бас өвчтөнүүдийн ар гэрийнхнийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж бөөгнөрөхгүй байхыг зөвлөж, сануулах боловч иргэд тоосон шинжгүй. Яаралтай тусламжийн төвд хэсэг саатахад л “Халдвартай бүс” гэсэн хэсэгт зарим иргэд түргэвчилсэн тест өгч бас зарим нь шинжилгээний бичгээ бэлдсээр эмчид үзүүлэх дэс дарааллаа хүлээнэ. Харин эмнэлэгт хэвтэхээр PCR шинжилгээ өгч, эмнэлэгт хэвтэх бичигтэй иргэдэд ямар нэгэн хүлээгдэл, чирэгдэл байхгүй аж. Мэдээж халдварын эрсдэл дунд байгаа учраас өвчтөнүүдийг үзэж оношлох хэсэг тусдаа. Тиймээс ч өвчтөнүүдийн ар гэрийнхэн хамт орох боломжгүй. Эмч нар тусламж үзүүлэхдээ өвчтөнүүдээ нэрсийн дарааллын дагуу дуудаж байлаа.
ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ, САХИУР PCR ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төв 2-оор өглөөний 08:00-16:00 цаг хүртэл 40 орчим хүн үйлчлүүлж, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний дийлэнх нь хүнд өвчтөнүүд аж. Тус төвийнхэн өвчтөнүүдээс PCR шинжилгээний бичиг шаардахгүй ч вакцинд хамрагдаагүй тохиолдолд түргэвчилсэн тест авч байгааг эмч Х.Лхаасүрэн хэлэв.
-Цар тахлын үед эмнэлгийн бусад эмчилгээ үйлчилгээ тасалдалгүй хэвийн үргэлжилж байна. Сүүлийн үед эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ачаалал их байна. Ялангуяа биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс үйлчлүүлдэг. Бидний хувьд Яаралтай тусламжийн төвийг 1, 2 гэж эрэмбэлсэн. Яаралтай тусламжийн төв 2-оор биеийн байдал хүнд өвчтөнүүдээ хүлээн авч, эмчилгээ хийж байгаа.
Өвчтөнүүдээ биеийн байдал нь хүндийн зэргээс нь хамаарч эрэмбэлэн ангилж тусламж үзүүлж байгаа ч яаралтай үед өвчтөнүүдээс PCR шинжилгээ шаардахгүй. Гэхдээ огт шинжилгээ авахгүй гэсэн үг биш. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс PCR өгнө. Мөн хамт сахиур байх шаардлагатай бол тухайн ар гэрийн хүн PCR өгнө.
Харин бусад үед Яаралтай түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүс ямар нэгэн шинжилгээ өгөөгүй, вакцинд хамрагдаагүй бол түргэвчилсэн тест авч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Тиймээс вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүсээс шинжилгээ авахгүй ч эмнэлзүйн байдлаас нь шалтгаалан PCR шинжилгээ авна. Үүнийг тухайн үед нь л шийдвэрлэнэ.
Хэрэв Covid-19 халдварын эерэг тохиолдол батлагдвал ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тухайн хүнийг “улаан бүс”-т шилжүүлж байгааг эмч нар хэлж байв. Тус төвд өчигдөр гэхэд нэг тохиолдол батлагдсан тул өвчтөнүүдийн ар гэрийнхнийг хүлээлгийн танхимаас гарахыг эмч нар сануулж байв. Үүнээс илүүтэй тэд “эмч ямар хариу хэлэх бол?” хэмээн сэтгэл түгшиж хүлээнэ. Эмнэлгийн гадна ээжийгээ сахиж буй Н.Оюунгэрэл “Ээж минь өндөр настай. Урд шөнө гэнэт л бие нь муудаж эмнэлэгт түргэн тусламжаар ухаангүй хүргэгдсэн. Одоо ухаан орсон ч PCR шинжилгээний хариу нь эерэг гарсныг саяхан л сонслоо. Одоо бид яахаа мэдэхгүй гайхаж л сууна. Уг нь өөр өвчний шалтгаанаар л бие нь гэнэт мууджээ гэж бодсон юм. Гэтэл эмч нар PCR шинжилгээ авахад, хариу нь батлагдчихлаа. Ээж минь гэрээс гардаггүй, халдвар авах шалтгаан байхгүй. Гэхдээ хүргэн маань нэг удаа ирэхдээ ханиаж найтайгаад байсан юм. Үүнээс өөр сэжиглэж, таамаглаж байгаа зүйл алга даа эгчид нь. Харин 103-т дуудлага өгч, цаг алдалгүй ирсэн түргэн тусламжийн эмч ээжийг минь үүрээд машин руугаа гүйхэд л баярлаж байлаа. Хэдийгээр ээжтэйгээ уулзмаар байгаа ч эмч нар болохгүй гэх нь мэдээж юм даа. Эмч нар гадаа хүлээж бай гэсэн болохоор даарсан ч цай уугаад л хүлээж сууна” гэлээ.
PCR ШИНЖИЛГЭЭ, ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТ ӨГӨХИЙГ ШААРДАХГҮЙ БАЙГАА НЬ ВАКЦИНЫ ҮР ДҮН
Иргэдийн зүгээс Яаралтай түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлэхэд PCR шинжилгээ шаардахгүй байгааг хэлж байгаа юм. Үүнийг вакцинжуулалтын үр дүнтэй холбон тайлбарлаж байна. Энэ талаар иргэдийн төлөөлөл Д.Төмөрбаатар:
-Хүнд өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг болохоор заавал PCR шинжилгээ авдаг юм байна. Бас сахиур бол заавал PCR шинжилгээ өгөх ёстой гэнэ. Шинжилгээний хариу удаж гарч байгаа нь л хэцүү юм. Хөдөөнөөс хүргэгдсэн хүний PCR шинжилгээний хариу гарахгүй удаж байна. Дархан-Уул аймгаас түргэн тусламжийн машинаар яаралтай хүргэгдсэн болохоор товчоогоор саадгүй нэвтэрсэн. Харин вакцины хоёрдугаар тунд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн тест, PCR шинжилгээ авахгүй гэж байна. Энэ бол вакцины үр дүн. Вакцинжуулалт эхлээгүй, сураггүй байхад зөвхөн эмнэлэг гэхгүй алхам бүрт л PCR шинжилгээ нэхэж байсан шүү дээ. Гэтэл вакцины үр дүнд эмнэлэгт үйлчлүүлэхэд цаг алдахгүй болж байна. Хүмүүс вакцин голж, туйлширч байхаар зүгээр л вакциндаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй шүү дээ. Угаасаа ДЭМБ зөвшөөрсөн вакциныг л манай улс хэрэглэж байгаа нь мэдээж. Бүгд вакцинд хамрагдчихвал хардалт ч байхгүй, нэгнээсээ сэжиглэхгүй болно.” гэлээ.
ВАКЦИНД ХАМРАГДСАН ХҮМҮҮСЭЭС ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТ АВЧ БАЙНА
Дараа нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвөөр орвол хүнгүй шахам хоосон байлаа. Тус төвүүд мөн л адил эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдлоос бусад үед PCR шинжилгээ авахгүй аж. Хэрэв вакцины бүрэн тунд хамрагдсан бол эмнэлэгт түргэвчилсэн тест өгч үйлчлүүлэх юм.
17:00 ЦАГ: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд нэг хүнд өвчтөнтэй. Халдварын эрсдэлтэй бүс тул иргэдийг гадаа нь хүлээхийг эмч нар зөвлөж байв. Тус эмнэлгийн зүгээс халдварын эрсдэлтэй бүс хэмээн Яаралтай түргэн тусламжийн төвөөр орох, эмчтэй уулзахыг татгалзсан юм. Нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээгийн хэлснээр Яаралтай тусламжийн төвөөр өдөрт дунджаар 10 хүн үйлчлүүлдэг бөгөөд дийлэнх нь хүнд өвчтөнүүд аж.
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүнд өвчтөнүүдийг харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тиймээс хүнд өвчтөнүүдээ онцгой анхаарч байна. Яаралтай түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлдэг хүмүүс их байгаа ч энгийн тасагт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо цөөхөн, ор сул байна. Эмнэлгийн яаралтай тусламж авах иргэдээс түргэвчилсэн оношлуураар тест авна. Өмнө нь эмнэлгээр үйлчлүүлэх иргэдээс PCR шинжилгээний бичиг шаарддаг, Яаралтай тусламжийн төв дээр ирж буй өвчтөнүүдээс PCR шинжилгээ авдаг байсан. Сүүлийн үед PCR шинжилгээг бид татаж, вакцины хос тунд хамрагдсан иргэдээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал, Covid-19 халдвартай үед болон бусад эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа юм. Тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн Covid-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авах тасагт өнөөдрийн байдлаар 180 ор дэлгэжээ.Одоогор нийт батлагдсан тохиолдлуудаас 15 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Харин энгийн тасагт ор сул, эмнэлгийн тусламж хэвийн үргэлжилж байгааг эмнэлгийнхэн хэлж байв.
Зөвхөн хоёр дүүргийн эмнэлгээр ороход л Яаралтай түргэн тусламжийн эмчилгээ үйлчилгээ тодорхой харагдаж байлаа. Нэгэн үе PCR шинжилгээ нэхэж туйлширдаг байсан үе ард хоцорч иргэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ