"Анх ажиллахдаа сандраад шүүгээний араар нуугдчихсан"

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

COVID-19

"Анх ажиллахдаа сандраад шүүгээний араар нуугдчихсан"

"Анх ажиллахдаа сандраад шүүгээний араар нуугдчихсан"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг зорин очлоо. Тасгийн үүдээр ороход энд тэндгүй амьсгалын аппаратны чимээ дугарч, эмч, сувилагч нар нь завгүй ажиллаж харагдав. Тасгийн ахлах сувилагч Р.Солонгыг сураглахад цагаан халадаа яаран өмсч, “Манай тасаг ер нь ачаалал ихтэй байдаг юм” хэмээн угтсан юм. Олон улсын сувилагчдын өдрөөр эрүүл мэндийн салбарын ачааллыг нуруун дээрээ үүрч яваа цагаан нөмрөгтнүүдийн нэг сувилагч Р.Солонгын ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр Монгол Улсад анхны  ECМО уушги орлуулах аппарат ажиллуулах багт ажилласан анхны сувилагчдын нэг бөгөөд  УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгаас ажлынхаа гарааг эхэлж, өдгөө 13 дахь жилдээ ажиллаж байгаа аж.


-Ажил ихтэй байсан ч ярилцах цаг зав гаргасан танд баярлалаа.

-Зорин ирсэн та бүхний ажлыг хүндэтгээд цаг зав гаргалгүй яахав. Гэнэтийн юм боллоо. News.mn мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сувилахуйн сургуулиа төгсөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ажлынхаа гарааг эхлүүлсэн гэсэн. Та анх мэргэжлээ хэрхэн сонгож байв. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Аав, ээж минь намайг сувилагч мэргэжил сонгоход их нөлөөлсөн. Тэд маань “Хүүхдүүдээс маань нэг нь эмнэлгийн хүн болох хэрэгтэй. Охин минь чи л эмч, сувилагчаар суралцаарай” гэж хэлдэг байсан. Тэгээд л би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуульд шалгалт өгч, тэнцсэн. Эмнэлгийнхээ Эрчимт эмчилгээний тасгаас ажлынхаа гарааг эхлээд өдгөө 13 дахь жилдээ ажиллаж байна.

Миний хувьд сувилагч мэргэжлийнхээ сайхныг мэдэрч, бусдад тусалж байгаадаа баяртай байдаг. Ялангуяа манай тасагт маш хүнд хүмүүсийг хүлээн авч, тусламж үзүүлдэг. Тэр хүмүүс маань тэнхэрч, хөл дээрээ босоод гарахыг харах үнэхээр сайхан мэдрэмж байдаг.

Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч гэхээр бусад тасгийн сувилагчаас ур чадвар болоод сэтгэлзүй шаарддаг байх?

-Тэгэлгүй яахав. Сувилагчаас мэргэжлийн ур чадвар, өргөн мэдлэгийг шаарддаг. Олон төрлийн оноштой, хүнд өвчинтэй хүмүүст тусламж үзүүлдэг учраас тэр болгоныг мэддэг байх ёстой. Ажлын ачаалал даах чадвартайгаас гадна сэтгэлзүй маш чухал. Эрчимт эмчилгээний тасагт хүнд хүн нас барна. Тэр болгонд хямрахгүйг хичээнэ.

Ажилд ороод удаагүй байхад нэг сувилагч эгчтэй ээлжинд гарсан. Тухайн үед эгч нар маань "Шинэ охин хүнд хоёр хүн авах ёстой" гээд хоёр хүн өгсөн. Нэг хүнийх нь бүх юм нь ойлгомжтой болсон байсан. Тэгээд ар гэрийнхний зөвшөөрлөөр нас баруулах төлөвлөгөөнд орчихсон байсан. Тухайн үед би эмээсэндээ хамт ажиллаж буй эгчдээ “Та миний нэг хүнийг авчих, би таны бүх хүнийг авъя” гэж гуйж байсан юм. Нөгөө хүн маань нас бараад, ар гэрийнхэн орж ирэхэд би дагаад л уйлж, ажлаа хийгээд явж байсан. Иймэрхүү асуудал шинээр орж байгаа залуу сувилагч нарт тохиолддог. Тэр болгонд туршлагатай сувилагч нар маань хэлж, сургаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.

-Анх хүнд өвчтөн хүлээн авахдаа хэр сандарч байв? 

-Би анх 2008 онд эмнэлгийнхээ Эрчимт эмчилгээний тасагт ажилд орсон. Ажилд ороход манайх Швейцарийн эмнэлэгтэй хамтран ажилладаг байсан. Эмч нарын ихэнх нь гадаад хүмүүс. Тасаг маань дүүрэн аппарат тоног төхөөрөмж өрснийг хараад “Монголд ийм эмнэлэг байдаг юм байна” гэж гайхаж байлаа. Энэ том эмнэлгээс өөрийнхөө ажлын гарааг эхлүүлж байгаадаа итгээгүй.

Тэгээд хоёр, гурван өдөр ажиллаж байтал надад хүнд өвчтэй хүн хариуцуулж өглөө. Нөгөө хүний маань биеийн байдал нэлээд хүнд. Гэнэт бие нь муудаж эгч нар “Чи тэрийг очоод аваад ир” гэхээр нь юмыг нь зөөж сандараад л гүйсэн. Яагаад ч юм би “За би энэ хүмүүст гай болох юм байна. Бушуухан алга болъё” гээд шүүгээний ард ороод нуугдчихаж билээ. Тэгээд бүх юм дууссаны дараа гарч ирж байсан минь санаанаас гардаггүй юм. Тэр цагаас хойш “За би хурдан ажлаа хийж сурахгүй бол хүний амь нас надаас хамаарах юм байна” гэдгийг ойлгож авсан.

-Хэр загнуулдаг байсан бэ?

-Загнуулна загнуулна. Айж сандарсан үед эгч нар маань цохиж ч авна. Багшилж байсан эгч нар маань их мундаг сувилагч нар байсан. Багш нартаа болон надад зааж сургаж, зөвлөдөг байсан н.Цэцэгээ эгчдээ маш их баярлалаа гэж хэлье.

-Сувилагчийн мэргэжлийн онцлог болон хүнд хэцүү зүйл нь юу вэ. Өнгөрсөн 10 гаруй жил ажиллахдаа шантарч байсан тохиолдол бий юү?

-Ер нь их сайхан мэргэжил шүү дээ. Миний хувьд бусад мэргэжлийг бодвол сувилагч их сайхан буянтай ажил гэж боддог. Хүн дуртай ажил мэргэжлээсээ аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. Мэдээж Монголын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн ачаалал их. Ялангуяа Эрчимт эмчилгээний тасаг дандаа маш хүнд хүмүүст тусламж үзүүлдэг. Дээрээс нь нас баралт гээд хүндрэлүүд гардаг учраас хүнд хэцүү нөхцөлтэй нүүр тулж ажилладаг. Тэр болгоныг мэргэжилдээ хайртай учраас огт тоодоггүй.

Заримдаа шантрах тохиолдол гарна. Эмнэлгийн ачаалал ихтэй, цаг наргүй хүнд өвчтөнд тусламж үзүүлнэ. Гэхдээ маргааш өглөө нь өвчтөнүүдийн маань бие сайжраад, дараагийнхаа ээлжид хүлээлгэж өгөөд гэртээ харих нь сайхан байдаг. Маргааш өглөө нь “Нөгөө өвчтөн маань бие нь хэр байгаа бол” гээд л ажилдаа яаран очно.

-Тэгвэл мэргэжлийн тань хамгийн сайхан нь юу вэ?

-Хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй. Тэгж байж л аз жаргалыг мэдэрч, чин сэтгэлээсээ хүмүүст тусламж үзүүлнэ. Хүмүүсээс олон сайхан урмын үг сонсох л юутай ч зүйрлэшгүй шагнал юм даа.

-Эрчимт эмчилгээний тасгаа бидэнд танилцуулахгүй юу?  

-Манайх нийт 48 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үүнд, таван их эмч, нэг тасгийн эрхлэгч, зөвлөх эмчтэй. Сувилагч тусгай мэргэжилтэн нь 29, туслах найман сувилагч, дөрвөн үйлчлэгчтэй. Нийт 17 ортой,  хоёр тасаг үйл ажиллагаагаа явуулж байна.

-Цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарынхан нойр, хоолгүй ажиллаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд ч Covid-19-ийн халдвартай иргэдийг эмчилж байгаа. Амаргүй цаг үед эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Цар тахлыг даван туулахын тулд эрүүл мэндийн салбарынхан бүх хүч чадлаараа нэгдэн ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд зүүн байрны зургаан давхарын хэсгийг тэр чигээр нь улаан бүс болгон эмч, ажилчид маань багаар ажиллаж байна. Манайх зүүн байрандаа Эрчимт эмчилгээний нэг, төв байрандаа нэг тасагтай. Нэмэлтээр эрхтэн шилжүүлэн суулгах тасгаа суллаж, Эрчимт эмчилгээний гурав дахь тасгаа байгуулсан. Хоёр тасаг нь 16 ортойгоор улаан бүсэд халдвартай өвчтөн хүлээн авч байгаа. Эмнэлгийн эмч, ажилчид маань дөрвөн баг болж, халдварын голомтод ажиллаж байгаа. Эмнэлгийн жилийн эцсийн тайлангаас харахад манай тасаг 600-700 маш хүнд хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг.

-Саяхан харамсалтай явдал болсон. Мэргэжил нэгт цагаан нөмрөгтнөө зуурдаар алдсанд гүн эмгэнэл илэрхийлье.

-Мэргэжил нэгт цагаан нөмрөгтөн маань зуурдаар нас барсанд үнэхээр харамсч байна. Цар тахлын хүнд үеийг эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж буй эмч, ажилчид л хамтдаа даван туулж, тэмцэж чадна. Та нар минь илүү хүчтэй байгаарай.

-Монгол Улсад уушги орлуулах ECMO аппарат гуравхан байгааг албаныхан мэдээлсэн. Түүний нэг нь УНТЭ-т байдаг. Таны хувьд Монголд EСМО аппарат ажиллуулах багт ажилласан анхны сувилагчийн нэг гэж сонссон?                     

-Монголд байгаа уушги, зүрх орлуулдаг ECMO аппарат манай эмнэлэгт нэг байдаг. Манай эмнэлгийнхэн хоёр баг болж, халдварын бүсэд очиж ажилладаг. Миний хувьд хоёрдугаар багт орж, Цэргийн төв эмнэлэг дээр нэг өвтчөнг ECMO аппаратад оруулж, 14 хоног ажилласан. Мөн эмнэлгийнхээ халдварын бүсэд эхний багт орж, Эрчимт эмчилгээний тасагт ажилласан. Цаашдаа халдварын тархалт буурахгүй бол дахин халдварын голомтод орж ажиллана.

-Иргэдийн зүгээс ECMO аппарат хоёр, гуравхан байгааг шүүмжилдэг. Ер нь энэ аппаратад ямар өвчтөнг оруулж, эмчилдэг талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Би нарийн юмыг сайн мэдэхгүй. Манай нэг баг ХӨСҮТ, нөгөө баг нь Цэргийн төв эмнэлэгт ажилласан. Энэ аппаратад орсон хоёр өвчтөн маань одоо биеийн байдал сайжирч байгаа. Монголд энэ аппарат олон байх ёстой  юу гэвэл үгүй гэж хэлнэ. Мэдээж байх ёстой аппарат бол мөн. Орж ирж байгаа үнэ, нэг удаагийн хэрэгсэл нь маш өндөр өртөгтэй. Ямар эмчлүүлэгчид хийх талаар тусгай заалттай байдаг.

Халдвар авсан хүн болгоныг энэ аппаратад оруулах боломжгүй. Сүүлд аппаратад орсон хүний хувьд нас харьцангуй залуу, суурь өвчингүй, уушгины байдал эргээд сайжрах боломжтой байсан учраас аппаратад оруулсан.

-Сувилагч мэргэжил улсын хэмжээнд дутагдалтай байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Халуун тогоонд нь ажиллаж байгаа сувилагчийн хувьд үүний шалтгаан нь юунд байна вэ?

-Ер нь бол сувилагч мэргэжилтэн дутагдалтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг салбар яамнаас анхаарч байгаа байх. Үүнд нийгмийн ухамсар их нөлөөлж байна гэж харж байгаа. Сувилагч мэргэжлээр суралцаж, дунд шатны ажил хийж, бага цалин авах сонирхолгүй болсон учраас энэ мэргэжлээр суралцах нь багассан байх. Одоо цагт бүгд л дээд мэргэжлийн дипломтой мөртлөө ажилгүй залуус олон болсон. Үнэндээ Монголд дунд түвшний ажил хийдэг мэргэжилтэн тун цөөн болсон шүү дээ.

-Магадгүй цалин хөлстэй холбоотой юм болов уу? 

-Яахав цалин маань амьдралд хүрэлцдэг л юм. Монголын амьдрал, эдийн засаг ямар байгаа билээ. Сувилагч нарын хийж байгаа ажилтай нь харьцуулахад цалин хөлс нь чамлалттай байдаг. Үнэхээр хүнд өвчтөнүүдтэй харьцдаг. Ер нь сувилагчийн ажил хэвийн бус нөхцөл гэж явдаг. Гэхдээ нэг үеэ бодоход авах ёстой нэмэгдэл, олгох ёстой урамшууллаа авч байна. Мөн хэвийн бус орчны нэмэгдэл, хариуцлагын нэмэгдэл, тухайн мэргэжлээрээ зэрэг хамгаалж олон жил ажилласан бол зэргийн нэмэгдэл, илүү цагийн мөнгөө авна.

-Таныг одонтой ээж гэж сонслоо. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Нөхрийг маань н.Төмөрбаатар гэдэг. Хань маань хувийн байгууллагад ажилладаг. Хоёр охин, хоёр хүүтэй. Манай нөхөр намайг маш сайн дэмждэг. Хоёр охин маань том болсон учраас хоёр дүүгээ харж, арын албыг аавтайгаа хамт даадаг. Би бол гэр бүлийнхээ дэмжлэгээр л ажлаа тайван хийж яваа хүн дээ.

Би эцэг, эхээс долуулаа. Зургаан эмэгтэй дүүтэй. Хүүхдүүдийг минь хамт өсгөсөн ээж, дүү нартаа баярлалаа. Тэр хэд маань арын албыг даагаад үлддэг байсан. Нэг нь гэр бүлтэй боллоо гэхэд дараагийнх нь ирээд л хүүхдүүдийг минь харж, ханддаг их азтай эгч хүн гэх үү дээ. /инээв/

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж