Сонин гэлтгүй цахим хуудсанд эргэлдэх нээлттэй ажлын байрын заруудыг үл хайхран “Ажил олдохгүй байна” гэх үгийг амнаас урсгах иргэд ихэссэнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй. Гэвч Монгол Улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдсэн. Ингэхдээ ажил олгогчийн зүгээс залуус ажил хийх хүсэлгүй байгааг онцлохын сацуу ажиллах ур чадвар дутмаг байгааг хэлдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим салбарын ААН, байгууллагууд үүдээ барьж, олон тооны иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Гэсэн хэдий цар тахлын үед ажлын байрны захиалга буурахгүй, тогтмол үзүүлэлттэй байгаа болохыг албаныхан онцолж байна.
“БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР НЭМЭГДСЭН”
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлын байрны захиалга, ажил хайгч иргэдийн тоон үзүүлэлтэд өөрчлөлт орсон талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодруулахад “Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий шинж нь улирлын чанартай байдаг гэхэд хилсдэхгүй. 2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байсан. Улирлын идэвхжлээс шалтгаалан 3-6 сарын хооронд ажил хайгч иргэд нэмэгддэг. Энэ үед барилга, бүтээн байгуулалтын салбарын ажил олгогчид илүү их ханддаг. Өмнөх хөл хорионы дараагаар барилгын салбарын ажлын байрын зар нэмэгдсэн. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт байсаар байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 01-ны байдлаар 774 ажлын байр шинээр бий болсон. Нийт 3876 ажлын байрны захиалга ирсэн. Нийслэлийн хэмжээнд 3512 иргэнийг ажлын байранд зуучилсан бөгөөд эдгээрээс 1400 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг.
Их дээд сургууль болон мэргэжлийн институцийг төгсөн гарч буй сурагчдын дунд судалгаа явуулсан байдаг. Ингэхдээ багаар ажиллах, харилцаа болон гадаад хэлний мэдлэг зэрэг чадварууд дутмаг байх нь ажлын байранд тэнцэхгүй байх гол шалтгаан болдог гэх судалгаа бий” гэсэн юм.
“АЖИЛ ГОРИЛОГЧ БОЛОН ОЛГОГЧИЙН ХАРИЛЦАА ТЭНЦВЭРТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ”
Манай улсын хүн амын дийлэхийг хөдөлмөрийн насны залуус эзэлдэг. Иймдээ ч “Залуучуудын орон” хэмээн тодотгох нь бий. Гэвч улсын хэмжээнд 18-34 насны 47 орчим мянган ажилгүй иргэн байдаг нь ажилгүйчүүдийн эгнээг зузаатгаж буй хэрэг билээ. Энэ байдлыг хөдөлмөрийн зах зээлд дэх эрэлт, нийлүүлэлтийн харьцаа харилцан адилгүй байдагтай холбон тайлбарлах хүмүүс ч бий.
"Хөдөлмөрийн Цахим Яармаг” арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг “2012-2019 оны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээс 30-73 хувиар өндөр байгаа үзүүлэлт бий. Тэгвэл 2018-2019 оны эрэлт, нийлүүлэлтийн хувьд 20 мянга орчмын зөрүү байгаа юм. Гэтэл үүний цаана 100 мянга хүрч тоологдох ажилгүй иргэн байх жишээтэй. Үүнд, ажлын байр, ажиллах орчин, цалин, хөлс, хангамж нь ажил хайгч иргэний хэрэгцээнд нийцэхгүй байх. Нөгөө талдаа ажил хайж буй иргэн ажил олгогчийн тавьж буй мэдлэг чадвар, хандлагын шаардлагад нийцэхгүй байх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд зөрүү үүсч байна гэж харж болно.
Судалгаагаар ажил горилогч ажлын байрыг голж буй шалтгаанд:
- Ажлын шударга бус үнэлгээ
- Гэнэтийн төлөвлөөгүй ажлыг хийхийг тулгах
- Ажил, үүргийн шударга бус хуваарилалт
- Хэт их ачаалал
- Ажил үүргийн тодорхойгүй байдал
- Бусадтай ойлголцох чадвар дутмаг
- Ажлын байран дахь дарамт
- Өөрийгөө илэрхийлэх чадвар
- Техникийн ур чадвар дутмаг байх
- Хувь хүн ба байгууллагын соёл зэрэг шалтгаан байдаг. Иймээс ажил горилогч болон горилогчийн харилцаа тэнцвэртэй байх хэрэгтэй” хэмээн илтгэлдээ дурдсан юм.
“ЦАР ТАХАЛТАЙ ХЭДИЙ Ч АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА ТАСРАХГҮЙ БАЙНА”
Нийслэлд хөдөлмөр зуучлалын биржүүд нэлээдгүй их. Тэгвэл бид “Бодит үнэлэмж” хөдөлмөрийн биржтэй холбогдож ажлын байрын зар хэр ирж байгаа талаар тодруулсан юм. Тус хөдөлмөрийн биржийн захирал Ц.Эрдэнэтуяа “Манай Хөдөлмөрийн бирж дээр өнөөдрийн байдлаар 800 гаруй ажлын байрны захиалга ирсэн байна. Үүнээс уул уурхайн ажлын байрны санал дийлэнх хувийг эзэлж байна. Цар тахалтай байгаа хэдий ч ажлын байрны эрэлт өндөр хэвээр байна. Гэтэл иргэд ажил хайх нь бага байна.
Урин дулааны улирал нь бүтээн байгуулалт өрнөсөн их ажлын сарууд байдаг учраас барилга, уул уурхай, зам ангийн ажлын байрны захиалгууд ихээр ирж байна. Энэ чиглэлийн ажлын захиалгууд ур чадвар, мэргэжил, ажлын туршлага зэргийг шаарддаггүй учраас ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст илүү хялбар байдаг. Манай хөдөлмөрийн биржид одоогийн байдлаар 1000 гаруй ажил хайгчийн мэдээллийн сан бий.
Ажил олгогч нь ажилтан сонгон шалгаруулж авахдаа мэргэжлийн ур чадвараас гадна харилцааны, багаар ажиллах, зөв хандлага, тууштай байх зэргийг илүүд үздэг болсон байна . Ялангуяа бүтээн байгуулалтын ажилд ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг сургаж дадлагажуулан авах хандлага өндөр болсон. Ажил хайгч иргэн зөвхөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн ур чадвараас гадна тухайн ажил олгогчийн ажлын байран дээр хөрвөх ур чадвараа хөгжүүлэн ажиллах нь тогтвортой, баталгаат ажлын байртай болох боломж нь бүрдэх давуу талтай” гэсэн юм.
Холбоотой мэдээ