Боловсролын зээлийн сан нь санхүүгийн боломжгүй ч суралцах өндөр хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст боломж олгох зорилготойгоор зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын зээлийн мэдээлэл ил тод байдаг гэдэг ч БШУЯ-ны сайтад бакалаврын хөтөлбөрийн мэдээлэл байсангүй.
Энэ талаар БШУЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд хэлэхдээ “Гадаадад зээлээр суралцана гэдэг маш их цаг хугацаа шаарддаг. Мөн тэтгэлэг авах, зээлийн үйлчилгээ авахад ч тодорхой хугацааны турш баримтлах журам хэрэгждэг. Хөтөлбөрт шалгарсан хэдий ч яам тусгай сонгон шалгаруулалтаар оюутнуудыг хамруулдаг. Энэ асуудал дээр иргэд төдийлөн мэдээлэлгүй байдаг учраас эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд тус зээлд хамрагдаж байгаа тухай гомдол иргэдээс ирж байгаа юм.
Засгийн газрын 271 дүгээр тогтоолын дагуу дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно. Эхний 100-д жагссан сургуулиас урилга авах нь эхний шаардлага. Дараа нь онц сурдаг байхаас гадна гадаад хэлний чадвар байх хэрэгтэй.
Сонгон шалгаруулалтын комиссыг сайдын тушаалаар баталж, БШУЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд багтдаг. Боловсролын сайдын 2006 оны журмаар гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын материалыг хүлээн авахдаа хамгийн багадаа 14-30 хоногийн өмнө цахим хуудаст тавьдаг. 2020 онд бакалаврын түвшний 59 оюутанд 5.5 тэрбум төгрөгийн зээл авсан статистик бий. Харин энэ жил эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бакалаврын түвшний оюутнуудад гадаадад суралцах материал бүрдсэн ч зээлийн санхүүжилт олгоогүй” гэсэн юм.
ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА
Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцагч нарын тухайд өнгөрсөн онд 5.5 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн сангаас авчээ. Магистр болоод докторын түвшинд 28 суралцагч 2.8 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Одоо үүсч буй хамгийн чухал асуудал бол тус зээлийн сангийн хөрөнгө хүрэлцээгүй байна.
Бакалаврын түвшинд горилж буй оюутнуудад энэ жил нэг ч төгрөг төсвөөс олгоогүй. Мөн магистр болоод докторын ангид суралцаж байгаа хүмүүст 2.8 тэрбум олгосон байна. 2020 онд гадаадад суралцахаар 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ. Хууль тогтоомж, түр журмын дагуу 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн байна. Мөн 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байгаа аж. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгаа болохыг холбогдох яамнаас хэлсэн юм.
Дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог. Тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ хүргүүлдэг аж. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсааж сонгон шалгаруултад оруулдаг байна. Хүмүүс шадар сайд С.Амарсайханы хүүгийн асуудлаас үүдэж гадаадын шилдэг их сургуульд зээлээр суралцах боломжийг илүүтэй ойлгож авсан байх. Тухайлбал,
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон байсан ч хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Учир нь олон нийт журам зөрчиж хүүгээ тэтгэлэгт хамрууллаа гэж үзэн шүүмжилсэн. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журамд өөрчлөлт оруулсан. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг байна. Харин С.Амарсайханы хүү 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох журмын дагуу тэтгэлэгт хамрагджээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр журам нь тусдаа ойлголт бөгөөд нэг нь магистр, докторт тэтгэлэг олгох, нөгөө нь бакалаварт тэтгэлэг олгох журам аж. Ямартай ч 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын зээлийн санд бакалаврын хөтөлбөрт олгох санхүүжилт тусгагдаагүй ч Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа цахим мэдээллийн хуудастаа тогтмол орно гэлээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ