УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр (2021.05.11) өлсгөлөнгөө зогсоож байгаагаа мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хороо АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзсан. Үүний улмаас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 5-наас эхлэн өлсгөлөн зарласан билээ. Өнөөдөр (2021.05.11) АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоож байгаагаа мэдэгдлээ.

УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах буй бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан тус Ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралдаж, зөвшилцсөний дүнд өлсгөлөнгөө ийнхүү зогсоохоор болжээ.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-СЕХ-нд нэр дэвшигчийнхээ материалыг өгөх гэж очоод, аль хэзээ гарчихсан улс төрийн шийдвэрийг хараад, улс төрийн өлсгөлөн зарласнаас хойш долоон өдөр тэмцлээ үргэлжлүүллээ. Монголд нэг намын дарангуйлал тогтчихсоныг ард түмэнтэйгээ цуг ойлголоо. УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулсан. Цар тахлын хүнд нөхцөлд асуудлыг шийдвэрлэх, зөвшилцөх тал дээр ажиллаж байгаа учраас УИХ дахь АН-ын 13 гишүүний нэгдсэн саналаар өлсгөлөнгөө зогсоох шийдвэрт хүрлээ. Бид тэмцлээ зогсоохгүй. Парламентын танхим дотор Ажлын хэсгийн төлөвлөгөөнд орсон ажлуудаа хийж дуустал тэмцэнэ гэдгээ хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Монголд шударга бус байдал газар авлаа. Үүний эсрэг АН-ын 13 гишүүн өлсгөлөнд оролцсон юм. СЕХ-ны хууль зөрчсөн үйлдэл нь Монголд нэг намын ноёрхол тогтсон, түүний эзэн нь У.Хүрэлсүх гэх дүгнэлтэд хүрсэн учраас өлсгөлөнд нэгдсэн. АН-ыг хоёр тамгатай болгож байгаа тоглоомоо зогсоо. Хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлага тооц гэж бид хэлж байгаа. СЕХ бүртгэлээ шударгаар явуул. Улсын дээд шүүхээс лавлагаа авсан лавлагаад хяналт шалгалт хийнэ. Энэ удаагийн арга хэмжээнд маш олон хүний хүч хөдөлмөр зарцууллаа. Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр, ард түмний итгэл хүлээсэн 13 гишүүн төв талбайд өлсгөлөнгөө зарлахаар шийдсэн юм шүү. Гэхдээ биднийг өдөр бүр ирж дэмжсэн, санал нийлсэн ард түмэндээ баярлалаа. Бид танхимдаа орж, чадлаараа тэмцэх болно” гэлээ.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Бидний өлсгөлөнг хэн нэгийгээ дарга болгох гэсэн хялбархан зүйлээр тайлбарлаж байгаа юм. Парламентын засаглалыг бүрдүүлэгч нь эрүүл улс төрийн нам юм. Гэтэл улс төрийн олон намын тогтоолцоонд хэн нэг эрх барьсан нам нь бусад намууд руу халддаг, дайрч доромжилдог байвал парламентын засаглал хаачих юм бэ. Улс төрийн зөвшилцөл болоод хууль эрх зүйн хүрээнд эргэж харах зүйлс байгаа эсэхийг нягтлах тохиролцоог тодорхой үр дүнд хүрээсэй гэж бид бодож байна.

Ардчилсан намын 13 гишүүн, Монгол Улсад хууль засагладаг болгохын төлөө тэмцэж зарласан өлсгөлөнгөө долоо хоногийн дараа зогсоож байна.

Posted by Ардчилсан Намын Бүлэг on Tuesday, May 11, 2021

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХахаХаха
27
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж