Багахангай дүүрэгт айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг устгаж, аюулгүй болгосон байна. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Тус мэдээллийн дагуу Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс газар дээр нь очиж шалгаад, бөмбөгийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангасан байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг тус айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн, суурин газраас таван километр орчим зайд аваачиж аюулгүй болгожээ.
Тус байлдааны зориулалттай бөмбөг нь “ПАБ-150” загварын байлдааны зориулалттай нисэх онгоцных аж. Хөнөөлийн радиус нь нэг километр буюу хоёрдугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан гэж Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсээс мэдээлэв.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ