Дэлхийн эдийн засгийн төлөв | News.MN

Дэлхийн эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засгийн төлөв

Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт, эдийн засгийн уналтыг сааруулах зорилгоор улс орнуудын хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлогын үр нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 6.0 хувь, 2022 онд 4.4 хувьд хүрнэ гэж Олон Улсын валютын сан (ОУВС) таамаглаж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын энэ оны гуравдугаар сард зарласан төсөөллөөр дэлхийн эдийн засаг 2021 оны эхний хагаст цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр тооцоологдсон. Гэвч улс орнуудын эдийн засгийн сэргэлтийн хурд жигд бус байгаагаас гадна мутацид орсон Covid-19-ийн шинэ хувилбар вакцинд тэсвэртэй байх, вакцины үйлдвэрлэл, түгээлт удаашрах эрсдэлтэй. Улмаар цар тахлаас үүдэлтэй хөл хорио удаан хугацаанд үргэлжлэх зэрэг эрсдэлүүд дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй байна. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа дэлхийн эдийн засгийн төлөв, түүний төсөөллийн талаар онцолж байна.

ЭДИЙН ЗАСАГТ “ИХ СЭРГЭЛТ” ХЭРЭГТЭЙ

Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлснээр, эдийн засгийн огцом уналт хэдийнэ эхэлж, бид 1930-аад оноос хойшхи хамгийн хүнд хямралтай нүүр тулж магадгүй байгаа аж. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд дэлхий нийт боловсрол, нийгмийн гэрээ, хөдөлмөрийн нөхцөл гээд нийгэм, эдийн засгийн бүх талыг шинэчлэн сайжруулахын тулд хамтарч, шуурхай ажиллах ёстой бөгөөд капитализмын “Их сэргэлт” хэрэгтэй байгааг The Great Reset санаачилгадаа онцлов.

ОУВС дэлхийн эдийн засаг энэ жил гурван хувиар буурна гэж найдаж байсан бөгөөд ердөө эхний дөрвөн сарын дотор 6.3 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй гараад буй юм.

Олон оронд ажилгүйдэл асар ихээр нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ-д гуравдугаар сарын дунд үеэс хойш дөрвөн ажилчин тутмын нэг нь ажилгүйдэлд өртөж, долоо хоног тутмын үзүүлэлтээр түүхэн дээд хэмжээнээс хамаагүй давсан аж. Тус улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 6.4 хувь, 2022 онд 3.5 хувь байхаар таамаглажээ. АНУ-ын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард баталсан 1.9 тэрбум ам.долларын багц арга хэмжээ эдийн засгийн идэвхжилийг дэмжиж, тус улсын эдийн засаг 2021 оны эхний хагаст цар тахлын өмнөх түвшинд эргэн очно гэж ОУВС тооцоолсон байна.

Мөн АНУ-ын эдийн засгийн идэвхжилийн эрчимжилт худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байгаа аж. Түүнчлэн Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 2023 оны эцэс хүртэл тэг орчим хувьд хэвээр хадгалахаа мэдэгдсэн нь эдийн засгийн идэвхжилийг тэтгэхээр байна.

Евро бүсийн эдийн засгийг 2022 онд 3.8 хувиар өсөхөөр таамаглажээ. ХБНГУ, Франц, Итали зэрэг улсуудад цар тахлаас үүдэлтэй хөл хорио дахин чангарч байгаа ч вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, дэлхийн эдийн засаг сэргэснээр тус бүсийн эдийн засаг 2021 онд 4.4 хувь, 2022 онд 3.8 хувийн өсөлт үзүүлнэ гэж ОУВС таамаглаж байна.

Европын Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хасах хүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ бондын худалдан авалтын хөтөлбөрийн хэмжээг 1.85 их наяд евро болгон нэмэгдүүлж, хэрэгжилтийн хугацааг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгажээ.

Япон улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өсөхөөр байна. Тус улсын эдийн засаг 2020 онд 4.8 хувиар агшсан бөгөөд өнгөрсөн оны эцэст зарласан 73.6 их наяд иений багц арга хэмжээний хэрэгжилт болон вакцинжуулалтын үр дүнд тус улсын эдийн засгийн идэвхжил 2021 оны сүүлийн хагаст цар тахлын өмнөх түвшинд хүрч, 2021 онд 3.3 хувиар, 2022 онд 2.5 хувиар тус тус өснө гэж ОУВС үзэж буй юм.

БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 2022 онд 5.6 хувиар өсөхөөр таамаглагдаж байна. БНХАУ-ын Засгийн газар цаашид шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжсэн, дотоодын хэрэглээ, үйлдвэрлэлд түлхүү суурилсан гадаад болон дотоод эрэлтийн “хосолмол эргэлт” (dual circulation) бүхий эдийн засгийг бий болгох шинэ загварыг танилцуулсан.

Тус улс 2016-2020 оны таван жилийн төлөвлөгөөнд ДНБ-д эзлэх үйлчилгээний секторын жинг 56 хувьд хүргэх зорилт тавьсан бол ирэх таван жилийн төлөвлөгөөнд уг зорилт тусгагдаагүй байна. Энэ нь тус улс ирэх онуудад аж үйлдвэрийн секторыг түлхүү дэмжиж, өсөлтийн хурдыг үйлчилгээний сектортой ижил түвшинд хүргэхийг зорьж байгааг илтгэж байна гэж EIU байгууллагаас үзэж буй юм. БНХАУ-ын засгийн газраас 2021 оны ДНБ-ий өсөлтийн зорилтыг 6 хувиас дээш байхаар зарласан бөгөөд ОУВС 8.4 хувиар өснө гэж таамаглажээ.

2021 онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сэргэж, 2022 онд ОХУ-ын эдийн засаг 3.8 хувиар өснө гэж таамагласан байна. Ирэх онуудад хөрөнгө оруулалтын идэвхжил эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгаа аж. Тухайлбал, 2021-2023 онд үндэсний баялгийн сангаас 1 их наяд рублийг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж байгааг ОХУ-ын Сангийн сайд мэдэгджээ.

ОПЕК+ гишүүн орнуудын газрын тосны үйлдвэрлэлийг танах зөвшилцлийн хугацаа 2022 онд дуусах бөгөөд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2021 онд өсөхөөр таамаглагдаж буй нь ОХУ-ын эдийн засагт эергээр нөлөөлөхөөр байна.

Монгол Улсын хувьд нэрлэсэн ДНБ 2020 онд 37 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 0.9 хувиар буурсан. 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 18 их наяд төгрөг болж, эдийн засаг өмнөх оноос 5.3 хувиар агшсан билээ. ҮСХ-ноос хийсэн судалгаагаар, бизнес эрхлэгчдийн 94 хувийнх нь борлуулалтын орлого буурч, 70 орчим хувь нь санхүүгийн хүндрэл, тэр дундаа ажилчдынхаа цалин, НДШ-ийг төлөхөд хүндрэлтэй болжээ.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралд экспортыг нэмэгдүүлэх болон иргэд, ААН-үүдийн орлогыг хамгаалах чиглэлд төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны зарим хязгаарлалтыг сулруулсантай холбоотойгоор сүүлийн хагас жилд эдийн засгийн уналт саарчээ.

Засгийн газар өнгөрсөн гурван жилд эдийн засгийн тэлэлтийн үед төсвийн алдагдлыг бууруулах замаар хэт халалтаас сэргийлж, эдийн засгийн хэлбэлзлийг тогтворжуулах мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирсэн.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г бизнес эрхлэгчдийг санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, ХАА-н салбарыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхлээд буй. Тус төлөвлөгөөний үр дүнд 2021 онд бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 2021 онд 15.2 тэрбум ам долларт, гадаад худалдааны тэнцэл 2.9 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна.

“Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмал дахь алтны агууламж өсөхөөр хүлээгдэж буй, мөн дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ өндөр байхаар олон улсын байгууллагуудаас төсөөлж байгаа нь экспортын өсөлтөд голлох нөлөө үзүүлэхээр байгаа аж. “Ногоон гарц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр нүүрсний экспорт нэмэгдэх билээ.

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн идэвхжил сэргэж, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйл ажиллагаа сэргэнэ гэж тооцоолж буй. Энэ нь автобензин, дизель түлш, барилгын материал, үйлдвэрлэлийн орц, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импортыг нэмэгдүүлэх юм.

Гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэхээр байгаа нь урсгал тэнцлийн алдагдлыг бууруулахаар хүлээгдэж байна. Цар тахлын нөлөөгөөр буурсан хөрөнгө оруулалт, эдийн засгийн идэвхжил 2021 оноос сайжирч, санхүүгийн дансны ашиг нэмэгдэх төлөвтэйг эдийн засагчид онцолсон билээ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2021 онд сэргэх төлөв ажиглагдаж байгаа нь дотоодын шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлөх юм. Иймд инфляцын түвшин 2021 онд Монголбанкны зорилт болох +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд байхаар хүлээгдэж байна.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ, INTERNATIONAL MONETARY FUND, BLOOMBERG, FORUM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж