Л.Оюун-Эрдэнийн засгийн 100 хоногийн тайланд танхимынх нь бүх сайд оролцож, хэвлэлийнхний асуултад нэг бүрчлэн хариулсны нэг нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж байв.
“С.Зоригийн хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Нямдорж хариулахдаа "Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ заавал гэх үгийг хэлж явдаг. Учир нь, тэр үедээ хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг зарлаагүй, олоогүй байж захиалагчаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү дээ. Хамжигчаар нь Б.Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй сулласан. Э.Бат-Үүлийг 2016 онд яллагдагчаар татсан, 20 хоногийн дараа тогтоолоо хүчингүй болгосон. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг яриад байсан. Ядаж л Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй" гэжээ.
Өнгөрсөн 23 жил, С.Зоригийн хэрэг дээр “ажиллаж” ирсэн Ц.Нямдоржоос энэ хэргийн тухай асуусан сэтгүүлч болгонд нэг иймэрхүү бөөрөнхий тайлбар хэлж, амыг нь тагладаг. Нэмж, ухаад асуусан сэтгүүлчийг шанаагаа маажиж байгаад загнана. Сүүлдээ “дуулсан дуундаа өөрөө уяраад” зогсохгүй гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын тулд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг ашиглан прокурорын дүгнэлт үйлдүүлж, Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа юм.
Э.Бат-Үүл захиалагч мөн бол Ц.Нямдоржид үүнийг нь батлаад бариад хорьчих хугацаа хангалттай байсан. Ардчиллын 30 жилийн 20 жилд нь Монголын хуулийн салбарыг толгойлж ирсэн гол хүн шүү дээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр алуурчин биш бол Ц.Нямдорж энтертайнмент хийлгүй гавьяат хуульч мөн юм бол хөдлөшгүй баримтаар нотлоод өг гэж түүнээс хүсээд байгаа юм.
Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн талаар яривал факт, баримт болдог, Б.Хурц, Г.Эрдэнэбат болон бусад хуульч, өмгөөлөгч энэ тухай яривал улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдана.
Ц.Нямдорж цаашлаад “Хонгил үүссэн түүх ба Яргын хэрэг” гэх уран сайхны зохиолоо уншихыг сэтгүүлчдэд зөвлөжээ. Уг нь уран зохиол уншихыг зөвлөж байхаар С.Зоригийн гэх гурван хавтаст материалыг улсын нууцаас гаргачихвал хэн нь алуурчин, хэн нь захиалагч болох нь тодорхой болох юм. Товчхондоо Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын үнэн, худал тодорно гэсэн үг.
Анх 2017 оны гуравдугаар сард Ц.Нямдорж мэдээлэл хийж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт бичсэн Ц.Амгаланбаатарын мессэжийг дэлгэсэн. Гэхдээ Ц.Амгаланбаатар руу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хариу юу гэж бичсэн, хэргийн холбогдогч нар хэзээ, ямар байдлаар уулзсан, хоорондоо юу ярьсныг нь Ц.Нямдорж дэлгэдэггүй. Тэрэн шигээ л С.Зоригийн хэргийг аль хэсгийг нууцаас гаргаж олонд үзүүлэх, аль хэсгийг нь хав дарах нь Ц.Нямдорж ашигтай аж.
Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд ҮАБЗ-ийн гурав болон Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт шаардлага хүргүүлэхдээ “Засгийн газраас ил болгох гэж байгаа хэргийн материалууд дотроос ялтнуудын хоорондоо утсаар ярилцсан, уулзалдсан бичлэгүүд алга болчих вий. Зарим баримтыг санаатайгаар сугалж аваад дарчихгүй байгаа” гэх хардлага учир мэдэх хүмүүсийн дунд байгааг онцолсоноос харвал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар уулзсан баримт С.Зоригийн хавтаст хэрэгт байгаа юм байна. Хэрэвзээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй юм бол тэдний хоорондоо юу ярьсныг нь Ц.Нямдорж дэлгэх хэрэгтэй.
Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсныхоо дараахан Т.Чимгээгийн ахтай уулзахдаа “Захиалагчийнх нь хэргийг хаасан” гэж хэлсэн байдаг. ЗГХЭГ-ын дарга энгийн нэгэн алуурчны ахтай хууч хөөрөөд сууж байхгүй нь лав. Тэр тусмаа гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гэмт хэрэгтний ахад төрийн нууцад авагдсан хэргийн талаар задалж байгаа нь цаанаа ямар нэгэн зорилго агуулсан нь ойлгомжтой.
Үндсэндээ С.Зоригийн хохь, Ц.Нямдоржийн зол болсон өнгөрсөн жилүүдэд МАН-ынхан С.Зоригийн үхлээр сонгуулийн шоу хийж ирсэн. Эцэстээ алуурчдыг суллах нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол пиар болж магадгүй байна. Тэгэхээр Ц.Нямдорж хуулийн сайдаар томилогдох бүрт энэ хэрэг замхардаг гэж хэлсэн Б.Хурцын үг үнэн болж таарлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүсч буй бол төрийн нууцаас С.Зоригийн гэх гурван хавтаст хэргийг гаргаж, хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн хэрэгт ял эдэлж байгаа Б.Хурцыг суллаад, энэ хэргийг цааш нь яриулмаар байна. Үгүй бол С.Зоригийн хэргийн ДӨНГӨ нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гэж харагдаж байгаа учраас.
Холбоотой мэдээ