Норвегийн консерватив үзэлтнүүд Оросын тагнуул байж магадгүй хэмээн таамаглагдаж буй цагаан халимд улс төрийн орогнол хүсч байгаа аж. Тухайлбал, анх 2019 оны дөрөвдүгээр сард бүдүүн олсон хүлээстэй, дээр нь “Санкт Петербургийн өмч” гэх бичиг бүхий камер, хүлээн авагчтай цагаан халим Норвегийн ойролцоогоос олдож байв. Нутгийнхан түүнийг Норвегийн халим хэмээх утгатай “Хвал” хэмээх үг болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэртэй нийлүүлэн Хвалдимир хэмээн нэрлэсэн юм.
Амьтан хамгаалах байгууллагаас Хвладимир халимыг олдсон цагаас эхлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа ч ямар нэг баттай нотолгоо олоогүй байгаа юм. Хүмүүс өдгөө Хваладимир халимыг хамгаалах, хооллох, орогнуулах газар гаргаж өгөхийг эрх баригчдаас хүсч байгаа ажээ.
Халимыг анх олсон хүмүүсийн нэг Йорген Ри Виг “Би халимыг хараад шууд энгийн нэг халим биш гэдгийг нь анзаарсан. Түүний цаана маш том зүйл нуугдаж байгаа. Одоохондоо хараахан батлагдаагүй хэдий ч Норвегийн тагнуулын албаны үзэж байгаагаар Хвалдимир бол Оросын тагнуулд сургаж байсан халим” хэмээн ярьжээ.
Түүнээс гадна ОХУ-ын тэтгэвэрт гарсан хурандаа Виктор Баранетсийн хэлснээр, Оросын тагнуулын алба цагаан халимыг мэдээлэл цуглуулах болон зарим цэргийн түвшний даалгаварт ашиглах тохиолдол байдаг аж.
Хвалдимир халимыг анх олмогцоо ойролцоох Хаммерфест боомт орчимд хүргэж, тэнд нь хооллон тэнхрүүлсэн байна. Удалгүй мөн оны долдугаар сард халимыг буцаан далайд тавьж, түүнээс хойш төдийлөн анхаарал хандуулаагүй юм.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ