Одоогоос 48 өдрийн өмнө Суэцийн сувгийг олон хоног бөглөж, түгжрэл үүсгэсэн “Ever Given” хөлгийг амжилттай хөдөлгөж, сувгийг чөлөөлсөн билээ. Гэвч Египетийн эрх баригчид Суэцийн сувагт учирсан хохирлыг барагдуулахаар хөлгийн эздээс 916 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид дээрх нэхэмжлэлээ 300 саяар бууруулах санал дэвшүүлжээ. Ингэснээр хөлгийн эзэд хөлгөө дахин ашиглахын тулд 600 сая орчим ам.доллар төлөх хэрэгтэй болж байна.
Суэцийн сувгийн удирдлага өдгөө “Ever Given” хөлгийг гацсан газраас нь 48 км зайтай зогсоолд байлгаж байгаа юм. Хөлгийг хөдөлгөсний дараа тэд нөхөн сэргээлт, хохирол барагдуулах болон ажилчдын цалин багтсан 916 сая ам.доллар нэхэмжилсэн. Сонирхолтой нь, дээрх 916 сая ам.долларт “Суэцийн сувгийн нэр хүндийг унагасны торгууль” гэх ойлгомжгүй 300 сая ам.доллар багтжээ.
Хөлгийн эзэн Японы “Шоэй Кисэн Кайша” компанийн төлөөлөгч нар “916 сая ам.долларын нэхэмжлэл бол дэндүү хүнд шаардлага. Түүнээс гадна Суэцийн сувгийн удирдлагууд эл мөнгөнд чухам ямар зардлууд багтаж байгааг дэлгэрэнгүй тайлбарлах ёстой” хэмээн хэлж байв. Улмаар Суэцийн сувгийн удирдлагуудад өөрсдийн саналыг хүргүүлсэн ч татгалзсан хариу сонсчээ. Гэхдээ тэр санал нь чухам хэдэн ам.доллараар хэмжигдсэн нь ил болоогүй юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ