П.Лхагвасүрэн: Боловсрол нь зөвхөн багш, сургалтын байгууллагын үүрэг биш

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

П.Лхагвасүрэн: Боловсрол нь зөвхөн багш, сургалтын байгууллагын үүрэг биш

П.Лхагвасүрэн: Боловсрол нь зөвхөн багш, сургалтын байгууллагын үүрэг биш

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ хоорондын гэрээг үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн Газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, түүнчлэн Засгийн Газраас баталсан Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө зэрэг олон улсын болон үндэсний хөгжлийн бодлогын баримт бичигт уялдуулснаараа онцлог юм.

Засгийн газрын “Алсын хараа 20-50” бодлогын хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” цахим арга хэмжээг болж өнгөрсөн. Энэ талаар Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор Ph.D, профессор П.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Цахимаар маш олон хүнийг хамруулсан олон улсын арга хэмжээг зохион байгуулжээ. Тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх боломж манайд байгаа юу?

-Дэлхий нийтээрээ хэнийг ч орхигдуулахгүй ядуурлаас ангижран эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, сайн сайхан, чинээлэг амьдрах боломжоор хангах талаар НҮБ, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд хамтран “Эх дэлхийгээ эрс шинэчилье: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилго”-ыг 2015 онд баталсан. Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Боловсролын хүрээлэн нь “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн түшиц байгууллагаар ажиллаж байна. БОАЖЯ, БШУЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний нэгдсэн виртуал арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг нийтдээ 10 мянга гаруй оролцогчтойгоор дэлхийн улс орон бүрээс оролцоход нээлттэйгээр явууллаа. Тогтвортой хөгжлийн боловсрол нь бүх боловсролын цөмд оршдог бөгөөд ирээдүйд хэн болохыг чиглүүлж, хүн байхын мөн чанарыг олгодог. Үүнийг нийт иргэдэд ойлгуулах, олгох, аливаа зүйлийг тогтвортой хөгжлийн талаас харах чадвар суулгах том зорилгын дор нэгдлээ. Тогтвортой хөгжлийн боловсрол”-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь бидний гол зорилго юм. Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсад орон нутгийн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлснээр үр дүндээ хүрнэ. Үндэсний түвшинд 11 байгууллагын 22 гишүүн бүхий Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг зөвлөн чиглүүлж ажиллаж байна. Харин орон нутагт 6 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг 17 байгууллагын 114 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төслийн загвар сургууль бүрт “Тогтвортой хөгжлийн боловсролын сургууль, сум/ хорооны зөвлөл (ТХБСЗ)” байгуулагдан 900 орчим хүн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааг хангах ТЗЗҮБ-ийг ажиллуулж,  салбарын хүний нөөцийн чадавхыг ногоон оффис, ногоон худалдан авалтыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж, хандлага, соёлыг төлөвшүүлнэ. Үүнийг аймаг, дүүрэгт ч мөн хэрэгжүүлж байгааг саяын арга хэмжээнд танилцууллаа. Тогтвортой хөгжлийн боловсролын загвар сургуулийн менежментийг бий болгож, үндэсний  хэмжээнд бусад сургуульд тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх жишиг, хөдөлгөгч хүч бүрдүүлнэ.

-Таны бодлоор манай боловсролын салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ? Ялангуяа цар тахлын үед боловсролыг хэрхэн олгох вэ? Хоцрогдлыг нөхөх ямар боломж байна?

-Хүн төрөлхтөн өнөөдөр хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй нийгэмд амьдарч, ажиллаж байна. Дэлхий дахинд боловсролын систем өөрчлөгдөж, ялангуяа сурах үйл ажиллагаанд инновац нэвтрүүлж, сургах, сурах үйл ажиллагааг цоо шинээр зохион байгуулах, боловсролыг илүү ардчилах, хүүхэд залуучуудыг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, улмаар “мэдлэг боловсрол бол бүх нийтийн өмч” гэсэн үзэл санааг улс орнууд дэлгэрүүлж, бодлого хэрэгжүүлж эхэлж байна. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн хямрал биш юм. Энэ бол хүн төрөлхтний амьдралын бүхий л талыг хамарсан гүн гүнзгий хямрал юм. Бүгдээрээ дэлхий гэх нэг дээвэр дор, нэг агаараар амьсгалж байгаагаа, харилцан хамааралтайгаа мэдэрсэн цаг хугацаа өнгөрч байна. Тогтвортой хөгжлийн боловсролын зорилго, зорилтууд биеллээ олоход илүү дөхөм, сургамжтай туршлага бий болж байна. Тухайлбал, бид амьдралын хэв маяг, хандлагаа өөрчилж, байгаль дэлхийд хор хохирол бага үйлдснээр эрүүл амьдралыг өөрсдөдөө бүрдүүлэх юм байна. Сургалтын арга барил, арга зүй, багшлах боловсон хүчний мэдлэг хандлага, нийгмийн бүхий л хүнээс хамааралтай боловсролын асуудал хөндөгдөж байна.

Хүн бүрт өдөр тутмын ажил үйл, аж төрөх арга ухаан, хандлагадаа дүгнэлт хийж, өөрчлөх ёстойг мэдрүүлсэн сонин үйл явдал болж байна. Коронавирусын тархалтын явц нь боловсролын салбар хүндээр тусч байгааг бүгдээрээ харж байна. Энэ салбарын бодлого, тогтолцоо, сургалтын орчин нөхцөл, хүний нөөцийн чадавх, багшлахуй, суралцахуйн хэв маягт технологид суурилсан өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн сануулгыг ч мэдэрч байгаа байх. Боловсрол бол мэдлэг хуваалцах, хамтдаа сэтгэж, суралцах талбар юм. “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” олон улсын нэгдсэн виртуал арга хэмжээг www.eduexpo.mn цахим ордонд зохион байгуулснаараа дараа дараагийн үйл ажиллагаанд жишиг загвар болно байх.

Энэ салбарт тулгамдаж буй асуудлыг цахим чуулганаар нээлттэй хэлэлцлээ. Хэдийгээр бид боловсролыг зөвхөн багш, сургалтын байгууллагад хамаарах асуудал гэсэн хоцрогдсон хандлагаар ойлгож ирсэн ч өнөөдөр цаг үе өөрчлөгджээ. Боловсрол ба суралцахуйг бүхэлд нь тогтвортой хөгжлийн төлөө болгон хувирган өөрчилж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгааны шийдэл нь хүн бүрийн заавал эзэмших шаардлагатай шинэ боловсрол буюу “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байв.  Бүх түвшний сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгаж, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг зөвхөн сургууль, багш нарт даатгах нь ч учир дутагдалтай.  Хүн бүр насан туршдаа суралцах шаардлагатай гэж үзсэн. Бодит амжилтад хүрэхийн тулд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайн судлах, өөрийн улсын хөгжлийн сургамжуудаа илрүүлэх, нийгмийн бүх салбарын хөгжлийн бодлогыг хооронд нь уялдуулах, нийт иргэдээ буюу Монголын хүний нөөцийг чадавхжуулах, хүн бүрийн тасралтгүй суралцах, тогтвортой ажиллаж, амьдрахад шаардагдах үйлийн орчныг хувирган өөрчлөх чиглэлээр шинэ арга механизмыг бүтээх, хөгжилд хөтлөхүйц шалгуур үзүүлэлт, арга хэрэгсэл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээнд суурилах шаардлагатай байна.

-Боловсролын тухай хуулийн шинэчлэл тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж чадсан уу?

-Бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг багшлахуйн кластерийн үндсэн шалгуур, индикаторын тусламжтайгаар шинжлэхэд багшийн кластер тогтолцооны үе шатууд болон төлөв байдлуудад  баримтлах бодлого, төлөвлөлт бүрэн гүйцэд, харилцан хамааралтайгаар тусгаагүй тал байна. Боловсролын тухай багц хуулийн тухайд шат шатны боловсролын түвшинд ажиллах багш нараас шаардах боловсролын зэрэг “өсч” ирсэн, багшийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг “хэрхэн” багшлуулах асуудал цагийн цагт байсаар л ирсэн. Шийдвэрлэж ирсэн арга нь тодорхой төрлийн сургалтаар “багшлах”-д бэлтгэх явдал байсан. Мэргэжлийн тасралтгүй хөгжлийг бүх цаг үед өөр өөрийн онцлогтойгоор шаардаж байна. Мэргэжил дээшлүүлэх тухай асуудал эрх зүйн хувьд төдийлөн тасалдаагүй мэт харагдаж байгаа боловч хэрэгжилт “алдагдаж” байсныг судалбал сонирхолтой. Дээрх хуулинд орж буй нэмэлт, өөрчлөлт нь ББИДС-той холбоотой заалт нэмэх хэмжээнд хүрч байгаагүй буюу эдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй. Жишээ нь: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотой боловсролын хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон ч багш боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх тухай шийдлийг тусгаагүй.

-Өөр ямар тулгамдсан асуудал байгаа вэ?

-Монгол Улсын ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрт ТХБ зорилго, агуулгын хувьд харьцангуй сайн интеграцчилагдаж чадсан ч боловсролын түвшин бүрийн сургалтын цөм хөтөлбөрийн бүтэц, дизайны ялгаатай байдал, судлагдахууны агуулгын онцлог, боловсруулалтын жигд бус байдал зэрэг нь хэрэглэгчдэд ойлгомжгүй, төвөгтэй байдлыг бий болгож байна. Бүх түвшний бодлого, боловсруулагчид, шийдвэр гаргагчид, сургалтын хөтөлбөр боловсруулагчид, үнэлгээний экспертүүд, арга зүйчид, сургуулийн удирдлагууд, ялангуяа судлаачид, багш нар энэ шинэ судлагдахууныг судалж, тогтвортой байдлын талаарх ойлголтын зөрүүгээ багасгах  шаардлага үүсчээ. Сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгүүдээ хэрэгжүүлэх, сайжруулахдаа тусгай арга зүйгээр бодит хугацаатай төлөвлөх шаардлагатай.  Тусгайлсан төлөвлөгөө, менежментийн дагуу хүний нөөцөө чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ байна. Хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагааг зөвхөн олон хэлбэрээр давтан сургах бус, ТХБ-ын арга хандлагыг хэрэглэж, хүн бүрийг “суралцагч” хэмээн үзэж, олон төрлийн бүх хэлбэрийн тодорхой үйл ажиллагаанд татан оролцуулж, бүтээлч үйлээр нь дамжуулан чадавхжуулах шаардлага байна.

-Дэлхий нийтийн хөгжлөөс, ялангуяа боловсролоос хоцрохгүйгээр, хэнийг ч орхихгүйгээр хөгжихийн тулд манай улс ямар арга замыг эрэлхийлж байна вэ?

-Маш олон чиглэлийг дэмжиж аиллаж байна. Тухайлбал, “Дэлхийн хамгийн том хичээл” санаачилгыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос дэлхийн олон оронд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Байгаль орчинд ээлтэй, ухаалаг, хүнлэг, зөв хэрэглээтэй иргэдийг бэлтгэх “Дэлхийн хамгийн том хичээл” талбарт 106 орон нэгдэн орж, 40 гаруй хэлээр орчуулагдсан. БШУЯ, БХ, БМДИ, хөтөлбөр боловсруулагчидтай хамтран манай улсын сургалтын цөм хөтөлбөрүүдэд тогтвортой хөгжлийн боловсролын агуулга, сэдвийн интеграцчилсан байдлыг шинжлээд “Сайн” дүн тавьсан. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс 567 суралцахуйн зорилт нь тогтвортой хөгжлийн зорилтын боловсролд хамаарч байгаа. Цаашид улам боловсронгуй болгохын тулд суралцагчдын суралцах хэрэгцээ, эрхийг хүндэтгэх, ялгаатай байдлыг тооцоолох, суралцахуйн үйл ажиллагаа, алхмуудыг хувилбартайгаар төлөвлөх, суралцагчийн эзэмших чадвар, чадамж талаас нь арга зүйгээ төлөвлөх, оролцооны аргад түшиглэх сургалтыг явуулах, багш нар харилцан арга зүйгээ хуваалцаж, хамтран хөгжих ёстой. Багш нар хамтран ажиллах боломжийн эхлэлийг уг төслөөр тавьж, хичээлийн хөтөлбөрт амьдрал ахуйд ойр, орон нутгийн тулгамдсан асуудлыг тусгах, 21-р зууны иргэдийн эзэмшсэн байх суурь чадвар, тогтвортой боловсролын түлхүүр чадамж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль, орон нутаг, үндэсний түвшинд жил бүр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон.

Цэцэрлэг, сургуулийн орчин нөхцлийг эрүүл, аюулгүй байлгах мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын дүнд үндэслэн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг шинэчилсэн. Сургууль, цэцэрлэгүүд гэрэл цахилгаан, усны хэрэглээний зардлаа бууруулах, эко хэрэглээг нэвтрүүлсэн. Байгальд ээлтэй, хүнлэг, зөв хэрэглээтэй уламжлалт соёлоо сургалтад нэвтрүүлж, ардын ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, амьтан, ус ургамлыг шинжлэх, судлах, хүлэмжинд 4 улиралд ногоо, ургамал тарьж, амьдрах ухаанд суралцуулах, орчны харилцан хамаарлыг танин мэдүүлэх, хог хаягдлыг ялгаж, дахин боловсруулах гэх мэт олон сонирхолтой төслүүдийг аймаг, нийслэл, сумдад туршиж, нэтрүүлж, загвар, жишиг үүсгэж байгааг энэ удаагийн виртуал чуулганаар танилцууллаа.

Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргажээ.

Байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлдэг юм байна. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна. Манай улс “Иргэний хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай, нээлттэй, тэгш хүртээмжтэй, уян хатан боловсролын үйлчилгээнд тулгуурлан мэдлэгт суурилсан нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах нийгмийн идэвхтэй оролцоо бүхий, тасралтгүй хөгжих чадамжтай, дэлхийд өрсөлдөхүйц иргэнийг цогцоор хөгжүүлэх”-ийг боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан байдаг.

Б.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж