УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаа мэдэгдэж, хууль, журамд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг урьж буй талаараа мэдээлэв. Нэр дэвших хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл зарлажээ.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар ирүүлэх боломжтой юм.
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:
Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; (parliament.mn сайтаас татаж авна)
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
Төрийн албан хаагчийн анкет.
Бүртгэл хааснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх юм байна.
Б.ЖАРГАЛ