"Зүүнбаяны төмөр замын төсөлд Ерөнхийлөгч оролцсон нь буруу"

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

"Зүүнбаяны төмөр замын төсөлд Ерөнхийлөгч оролцсон нь буруу"

"Зүүнбаяны төмөр замын төсөлд Ерөнхийлөгч оролцсон нь буруу"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж байна. Цар тахлын үед эрүүл мэндээс гадна эдийн засгаа тэнцвэртэй түвшинд барих ёстой учраас "10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхэлснийг Сангийн сайд онцоллоо.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 56 төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа явуулахаар бид төлөвлөсөн. Үүнд ажлын байрыг дэмжих зээл, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан жижиг, дунд ААН, байгууллагуудыг дэмжих, түүнчлэн ипотекийн зээлээр дамжуулан иргэдийг дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.

Ажлын байрыг дэмжих зээлээр 674 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдэд олгосон нь найман долоо хоногийн хугацаанд бидний хүлээж байгаагүй тоо. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зээлийн хурд удааширсан. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд 550 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан байна.

Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх эдийн засгийн засаглалыг сайжруулах бүтцийг нь өөрчлөх үүднээс тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнд,  эдийн засгийг дэмжих, тэлэх төсөл арга хэмжээнүүд багтах юм.

“Тавантолгой” ХХК, "Эрдэнэт", "Оюутолгой"-г түшиглэсэн үйлдвэрүүдийг оролцуулахаар төлөвлөсөн. Амьдралын чанарыг дээшлүүлэх нийгмийн чиглэлийн арга хэмжээнүүдэд төр заавал оролцох ёстой. Нийгмийн чиглэлийн бүхий л арга хэмжээнүүдийг төрөөс санхүүжүүлж, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлнэ.

Төсвийн шинэчлэл, хуримтлалын нэгдсэн сан, баялгийн сан, экспорт, банкны шинэчлэл, зээлийн хүүг бууруулах, хөрөнгийн биржийн шинэчлэл болон эрдэс баялгийн биржүүд гэх мэт бүтцийн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн.

Төсвийн шинэчлэлийн арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийнхнийг гадаадын хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжиж болох вэ гэдгийг бодолцож байгаа юм. Түүнээс биш төр өрсөлдөгч байх ёсгүй. Монгол Улсын эзэлжих зэрэглэл өндөр байх ёстой. Үүний дүнд хувийн хэвшлийнхний гадаадаас хөрөнгө оруулалт татах, гадаад зээл, өрийн дарамтыг багасгах зэрэг боломжуудыг хангаж ажиллана.

Том зургаар нь харвал, ирэх арван жилийн хувьд гадаад өрийн хувьд хамгийн их дарамт үүссэн жил болно. Үүнийг эрсдэл багатайгаар даван туулахын тулд төсвийн шинэчлэл, мөнгөний болон төсвийн бодлого, улс төр макро орчин тогтвортой байх ёстой. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нээлттэй бодлого барьж ажилласан. Том төслүүд ганц, хоёрхон жилийн дотор хэрэгжихгүй учраас ойрын арван жилд багтааж харах чухал юм. Төр болон хувийн хэвшлийнхний төсөл, хөтөлбөрүүдийг ярилцаж, 100 төслийг ирэх жилийн улсын төсөв батлагдахаас өмнө сүүлчийн байдлаар тодорхой болгох, Засгийн газар, шаардлагатай бол УИХ-аар хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрхэн эдийн засгаа сэргээх гэдэг дээр нэгдэх нь цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөө юм.

Засгийн газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэмэртэй байх үүднээс вакцинжуулалтыг идэвхжүүлсэн. Вакцинжуулалтаараа бид Азид тэргүүлж, дэлхийд 10-т жагсаж байна. Төр, хувийн хэвшлийн бичих шинэ хуудасны талаар та бүхэнтэй ярилцмаар байна. Бид нэг завинд сууж буй учир хамтарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд яарах ёстой хугацаанууд үүсч байна. Хүнсээ дотооддоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой. Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүйг хөл хорионы үеэр анзаарсан.

Хэдүүлээ уулзаад тарах биш, зөвлөмж гаргаад, хоол идэн, зургаа авахуулаад өнгөрмөөргүй байна. Тэгээд хэдэн сарын дараа дахиад л өнөө асуудлаа ярьдаг. Энэ байдлыг өөрчилье.

Зүүнбаяны төмөр замыг эхлүүлэх нь зөв ч Ерөнхийлөгч энэ төсөлд хэт оролцсон нь буруу. Ерөнхийлөгчийн тамгын газар 14 зөвлөхтэй л байгууллага. Цаашид энэ төслийг Засгийн газар үргэлжлүүлнэ. "Эрдэнэс Тавантолгой" энэ төслийг дангаараа санхүүжүүлж чадахгүй. Соёлын өөрчлөлт рүү орохыг хичээе. Ерөнхийгөөс тодорхой руу орцгооё. Эдийн засаг гэж ерөнхийд нь ярилгүй, нэг төслийн ТЭЗҮ-ийг л сонгон ярилцдаг болъё. Энэ уулзалт цаашид үргэлжилнэ.

Хөшигийн хөндийн төсөл их гоё төсөл. Бид газрыг нь үнэгүй олгон, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой. Говийг усжуулах гурван төсөл бий. Цаашид энэ төсөлд оролцох ААН-үүд уулзана гэх мэтээр хүрээгээ хумья.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН:

-Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхлүүлье. 27 мянга орчим компани тайлангаа өгч чадаагүй үйл ажиллагаа нь зогсчихсон байна. Үүний цаана төдий хэмжээний ажлын байр үгүй болсон. Монголбанкны зээлийн эргэлтийн жагсаалтад орсон иргэдийн нэрсийг цэвэрлэх хэрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татвар хувь хэмжээний талаар эргэн бодолцож үзэх ёстой. Бид эдийн засгаа хоёр дахин тэлж байж, өнөөдөр яригдаж буй нийгмийн асуудлуудыг шийдэж чадна. Үүний тулд төр хувийн хэвшлийн түншлэл буюу та бүхний санал санаачилга чухал.

Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя. Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжье.

“Ган хийц” ХХК-ийн Ерөнхий захирал М.ДАВААСҮРЭН:

-Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг өгөөгүй байна.

“Хасу мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.ТҮМЭН-АЮУШ:

-Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу.

“Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.БАТЦЭНГЭЛ:

Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон. Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж зээлийн шугам нээх шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой. Гол экспортлогч ААН-үүдээ дэмжих асуудлыг 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд яаж багтаах вэ гэдэг чухал.

“Монголын Алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.ЦОГТ:

-Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, зэс баяжуулах үйлдвэр байгуулахаар болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд, үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй.

“Алтан жолоо трейд” группийн Ерөнхийлөгч В.ЭНХБААТАР:

-Цахилгаан, дулаан, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай. Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна.

“АПУ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ЭРДЭНЭБИЛЭГ:

-Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу.

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.БАДРАЛ:

-Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, зарим саналыг нь судална гэлээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд өгөхөө Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой “хамгийн тохиромжтой” гэж гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг хааж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна

Posted by News.mn on Monday, May 10, 2021

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж