Б.Баяраа: Да.Ганболд нэг ч төгрөг хувьдаа завшаагүй

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Б.Баяраа: Да.Ганболд нэг ч төгрөг хувьдаа завшаагүй

Б.Баяраа: Да.Ганболд нэг ч төгрөг хувьдаа завшаагүй

Да.Ганболдын өмгөөлөгч, хуульч Б.Баяраатай ярилцлаа.

-Ардчилсан намын зүгээс хорих ял эдэлж байгаа зарим улс төрчдийг “үзэл санааны хоригдол” хэмээн зарлаж, олон улсын хүний эрхийн байгууллагууд болон гадаадын элчин сайдын яамдад хандсан. Үүний нэг нь ардчиллын анхдагчдын нэг Да.Ганболд юм. Ямар учраас үзэл санааны хоригдол гэх шалгуур тавигдсан бэ?

-Үзэл санааны хоригдол гэж нэрлэгдсэн ял эдэлж байгаа улс төрчид нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо дагуу үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж яваад буруудсан учраас ардчилсан намаас ийнхүү зарласан. Тухайлбал, иргэн Да.Ганболдын хувьд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын удаа дараагийн шийдвэрийн дагуу “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх хэргээр буруудсан. Энэхүү албан үүргээ гүйцэтгэхдээ аливаа хэлбэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн, хууль зөрчиж хулгай хийсэн, хөрөнгө завшсан үйлдэл огт гаргаагүй тул үзэл санааны хоригдол гэж зарласантай санал нийлж байгаа. Да.Ганболд хувь хүнийхээ хувьд Оюутолгойн мега төсөл нь Монгол Улсад үр ашигтай гэх итгэл үнэмшилтэй байсан, нөгөөтэйгүүр төр засгийн шийдвэр ч төслийг үргэлжлүүлэх чиглэлээр гарсан тул албан үүргийнхээ дагуу ажлаа хийснийхээ төлөө гэмт хэрэгтэн болоод байна.

-Үзэл санааны хоригдлуудын хэргийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгчдийг “орчин цагийн ногоон малгайтнууд” хэмээн нэрлэж, тэдгээрийг гэр бүлийн хамт олон улсад зорчих эрхийг хязгаарлах тухай их яригдах боллоо. Энэ талаар таны бодол?

-Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх ёсны эсрэг шийдвэр гаргаж гэмгүй хүнийг хууль бусаар ялласан, хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авах жишиг тогтоод удаж байна. ОХУ, Африкийн зарим улсын шүүх, прокурорын байгууллагын албан тушаалтнуудыг Европ, Авсртали, Америкийн газар нутагт зорчуулахгүй байх шийдвэрүүд гарч байна. Ардчилсан намаас хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг хэд хэдэн улсын элчин сайдтай уулзаж манай улс дахь үзэл санааны хоригдлуудыг мөрдсөн, хянасан, шүүсэн албан тушаалтнуудад хориг тавиулах хүсэлт өгсөн байна лээ. Цар тахлын нөхцөл байдал намжихаар энэ асуудал эрчимтэй яригдах байх. Хэрэв хориг арга хэмжээ авагдвал тухайн улс, бүс нутагт виз өгөхгүй байх, зорчих эрхийг хязгаарлах, эд хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээ авагддаг юм байна лээ. Энэ тохиолдолд ажиллаж амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, аялах зэрэг ямар ч төрлийн визийг зөвшөөрөхгүй. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эрүүгийн хэрэг хэмээн шүүсэн шүүх хуралд Авсртали, Канад зэрэг улсын элчин сайдын яамнаас төлөөлөгчөө ажиглагчаар оролцуулж байсан нь санамсаргүй хэрэг биш байх.

-Та бүхэн олон улсын хүний эрхийн байгууллага руу хандсан уу. Ямар үр дүн гарч байна вэ?

-Үнэнийг хэлэхэд хөлөө хүрэх бүх газарт хандаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага, Эмнести интернэшнл, Европын холбоо, Гаагийн шүүх, Олон улсын парламентын холбоо бусад хүний эрхийн олон улсын байгууллагууд гэх мэт. Хэдийгээр зарим нь чиг үүргийн хувьд шууд хамааралгүй ч аль болох олон газарт гомдол мэдээлэл өгч байна. Удаан хугацаанд үргэлжилдэг процесс хэдий ч эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Зөвхөн тухайн хэргийг шийдвэрлэсэн хууль шүүхийн байгууллага албан тушаалтнаас гадна хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлсөн улс төрчдийн талаар гомдол, мэдээлэл хүргүүлж байгаа. Орчин үед хүний эрх, эрх чөлөө нь нэг улсын дотоод асуудал биш болсон.

-Олон нийтийн дунд Дубайн төлөвлөгөө батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж хувьдаа ашиг хонжоо олсон гэх ойлголт байдаг талаар?

-Төр засгийн бүх түвшинд гарсан шийдвэрийн дагуу ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй. Харин ажлаа хийх явцдаа албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй. Үүнийг нууцаар болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэгэн сэдэлт, санаа зорилго байгаагүйг тогтоосон. Хэвлэлээр гардаг шиг элдэв байшин сав, машин тэрэг, мөнгө дансны асуудал байхгүй гэдгийг баттай хэлье. Иргэн Да.Ганболдыг олон жил нууцаар мөрдөн шалгаад элдэв хөрөнгө мөнгө завшсан гэх нотлох баримт тогтоогддоггүй болохоор өмгөөлөхөд ч сэтгэлд сэвгүй амар байдаг юм. Тэрнээс биш хэрэг хийсэн байхад нь заавал өмгөөлөх ёстой гэсэн байр сууринаас хэлмэгдсэн гээд мэдэгдээд байх утгагүй шүү дээ.

-Да.Ганболд нарыг хорьсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Тийм ч залуу хүн биш, биеийн байдал ямар байна?

-Да.Ганболдыг цагдан хорьсноос хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн хувьд зөвтгөх аргагүй. Хамгийн их санаа зовоож байгаа нь хорих ангиудад ковид 19 цар тахлын маш олон тохиолдол гарсан байна. Хоригдогч нар төдийгүй хорих ангийн удирдлага, ажилтнууд олноороо өвдөж байгаа нь санаа зовоож байна. Үүсээд байгаа нөхцөл байдал нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна.

-Цар тахалтай холбоотойгоор нэг жилийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос улс орнуудад зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн биелэлт бодит байдал дээр ямар байна?

-Цар тахлын үед эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэд хамгийн ихээр нэрвэгддэг тул эрсдэлтэй бүлэгт хамааруулсан. Хоригдогч нар хэдийгээр эрх чөлөөгөө хасуулсан ч эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Орон зайн хязгаарлалт, агааржуулалт зэргээс шалтгаалж хорих ангид халдвар тархах эрсдэл өндөртэйн улмаас сүүлийн мэдээгээр 400 гаруй хоригдогч ковид туссан гэж мэдэгдсэн. Цагдан хорих, албадан саатуулах, эмчлэх байр, хорих анги дахь хоригдогч нараас насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, суурь өвчтэй болон өндөр настай зэрэг өвчинд нэрвэмтгий эрсдэлтэй бүлгийн иргэдийг аль болохоос хорихоос өөр төрлийн ял ногдуулах, чөлөөлөх арга хэмжээ авах зөвлөмжид манай улс огт ач холбогдол өгөхгүй байна.

-Олон нийтийн дунд Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчит компанийн захирлыг Аж ахуйн нэгжийн албан тушаалтан гэсэн үндэслэлээр шалгаж, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу толгой гэсэн төрийн өмчит компанийн захирлыг Төрийн албан тушаалтан гэж ялгамжтай хандаж ялласан гэсэн шүүмжлэл сонсдох боллоо. Үнэхээр ингэж хандсан юмуу?

-Харамсалтай нь тийм. 2002 оны Эрүүгийн хуулиар төрийн албан хаагчийг 263, харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан буюу өмчийн хэлбэр үл харгалзан компани, ашгийн төлөө хуулийн этгээдийн удирдлагыг 265 гэсэн зүйл ангиар шалгадаг байсан. Адилхан төрийн өмчит компанийн захирлуудын нэг хуулийн үйлчлэлийн үед шалгагдсан хэргийг харилцан адилгүй зүйлчилсэн нь үнэн. Иргэн Д.Ганболд нь төрийн албан хаагч биш, зөвхөн Хөдөлмөрийн гэрээгээр ур чадвараа үнэлүүлэн ажиллаж байсан. Мөн төрийн албаны улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний гэдэг ангилалд хамаардаггүй.

-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд зааснаар өөрийн хийж буй үйлдлийн үр дагавар хор уршгийг ухамсарлаж, түүндээ зориуд санаатай хүрсэн байхыг шаарддаг гэмт хэрэг гэж үздэг. Энэ талаар юу гэж үзэж байна?

-Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг зайлшгүй шинж болох субьектив талын шинж нь энэ. Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдэл, албан тушаалыг ашиглахыг урьдаас төлөвлөж үйлдсэн байх гэсэн утгатай. Гэтэл иргэн Да.Ганболд нь төрийн шийдвэрийг биелүүлсэн ажилтан шүү дээ. Төр засгийн шийдвэрийг биелүүлэхийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэж үзэх боломжгүй. Иргэн Да.Ганболдын гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн сэдэл, санаа зорилго юу байсан гэдгийг нь тогтоогоогүй. Улсын яллагч аргаа барахдаа Да.Ганболдоос бусдыг нь урьд өмнө эрхэлж байсан ажлаар нь буруутгадаг. Таамаглал төсөөллөөр хэнийг ч гэмт хэрэгт буруутгаж болохгүй.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг хэрэгжүүлсэн, түүнтэй бүлэглэсэн, хамтарсан гэх зэргээр буруутгасан мэдээлэл гарч байсан санагдаж байна.

-Бүр тодруулбал, Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн чиглэл, үүрэг даалгаврын хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж буруутгадаг. УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн ажлын хэсгийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гээд буруутгачихсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм, зүгээр ажлаа хийж явсан атлаа хувийн харилцаагүй, сайн мэдэхгүй хүмүүстэйгээ хамтарсан бүлэглэсэн буруутан болчихоор мэдээж хэцүү байлгүй яах вэ.

-Гэмт хэрэг үйлдэж улсад хохирол учруулсан асуудал байдаг уу?

-Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг. Гэтэл шүүхээс хохирлоо хожим нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхтэй, эхлээд ялаа өгчихье гэсэн шийдвэр гаргасан. Хохирол нь нотлогдоогүй байхад яллаж болохгүй. Ер нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж Засгийн газраас нэхэмжлэх зүйл байхгүй. Хожим гэдэг нь хэзээ юм, нэхэмжлэхгүй бол яах юм, магадгүй нэхэмжлэл гаргалаа гэхэд хохирол тогтоогдохгүй бол яах вэ гэсэн олон асуултын хариуг үлдээгээд шүүхээс урьдчилаад ял шийтгэсэн. Миний хувьд Засгийн газрыг ямар нэгэн хохирол нэхэмжилнэ гэж бодохгүй байна. Учир нь татварын байгууллагаас 2018, 2020 онд “Оюутолгой” ХХК-д татварын актаар нэг их наяд төгрөгийн төлбөр тавихад Дубайн төлөвлөгөөнөөс болж татварыг бууруулсан гэх үг үсэг, цэг таслал ч байхгүй байсан. Угаасаа ч хуулиар татварыг бий болгож, хөнгөлж чөлөөлдөг. Тэгэхээр Дубайн төлөвлөгөөнөөс болж татвар ногдох орлого буурсан гэдэг нь үндэслэлгүй. Энэ татварын маргаан Лондонгийн арбитр дээр шийдвэрлэгдэж байгаа. Татварын төлбөрийг урьдчилан байршуулсаныг Засгийн газар иргэддээ 300 мянган төгрөг болгоод дэмжлэг хэлбэрээр тараасныг Та мэдэж байгаа байх.

-2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр улс төрч нарт эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэж, нийгэмд маш их маргаан талцал үүсгэж байсан талаар?

-Сонгуулийн үеэр Монгол Улсын хуулийг маш бүдүүлгээр илэрхий зөрчиж байсан олон үйл явдал болсон. Тухайлбал, манай үйлчлүүлэгчийн тухайд 3 хоногт 10 тэрбум төгрөгийн барьцааг шүүхийн дансанд тушаагаагүй гэх үндэслэлээр цагдан хорьсон төдийгүй УИХ-ын Сонгуульд нэр дэвшигчийн хувиар Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж цагдан хорьсон. Тухайн үед зөвхөн нэр дэвшигчдийг сорчлон хорьж байсан. 2020 оны сонгуульд цагдан хорих 461 хорих ангиас 6 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөн. Сонгуулийн ерөнхий хороо руу шүүх нэг ч удаа хандаагүй.

-УИХ-ын 2014, 2015 оны 2 тогтоол гарсан байдаг. Энэ тохиолдолд Дубайн төлөвлөгөө зөвшөөрөлгүй байгуулсан гэж буруутгаад байдаг нь ямар учиртай юм бэ?

-“Оюутолгой” төсөлтэй холбогдуулан УИХ-аас 5 тогтоол гаргасны 2 нь далд уурхайн бүтээн байгуулалтад хамаардаг. УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 2014 оны 34 дүгээр, Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай 2015 оны 41 дүгээр тогтоолоор Засгийн газарт “Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” үүрэг өгсөн. Тогтоол гаргахдаа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож энэ талаар эргэж УИХ-д 6 сар тутам тайлагнаж байх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын 2015 оны 20, 21, 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын 4 удаагийн захирамжийн дагуу “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар албан үүргийнхээ дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураад өнөөдөр гэмт хэрэгт буруутгагдаад явж байна. Засгийн газрын хуралдаан нууцын зэрэглэлтэй тул хэлэлцсэн асуудлын нарийн ширийнийг нийтэд ярих боломжгүй.

УИХ-ын тогтоолд хэлэлцээр хийх, далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эргэж танилцуулахыг үүрэг болгосноос үзэхэд Засгийн газарт хэлэлцээр хийх эрх олгосон нь цагаан дээр хараар тодорхой байгаа юм. УИХ хэзээ ч нэгдүгээр зүйл нийтлэг үндэслэл гэх мэтээр гэрээний төслийг хэлэлцдэггүй. Гэтэл УИХ-ын хэлцэл хийх эрх олгосон шийдвэрийг улсын яллагч маань буруугаар ойлгож УИХ-аар төлөвлөгөөг батлуулаагүй гэж буруутгасан нь хууль хэрэглээний ур чадвартай нь холбоотой болов уу гэж харж байгаа. Зүй нь хэлэлцээр байгуулах, мөн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, тэр бүү хэл далд уурхайн төсөл хэрэгжсэний дараа явцыг тодорхой хугацаанд танилцуулж байхыг үүрэг болгосон байдаг. Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр Ерөнхий сайдын захирамж, эсхүл Засгийн газрын тогтоол хэлбэрээр гардаг. Нэг удаагийн асуудлаар гарах шийдвэр нь Ерөнхий сайдын захирамж хэлбэрээр гардаг жишиг өнөөдөр ч хэвээрээ байгаа.

-Сүүлийн үед Засгийн газраас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлана гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон байна?

-Энэ төлөвлөгөөг анх байгуулахад УИХ-аас Засгийн газарт хэлэлцээр хийх эрх олгосны дагуу Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд байгуулсан. Тиймээс УИХ-ын шийдвэргүй цуцлана гэсэн ойлголт байхгүй. Засгийн газар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол уг тогтоолд далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахыг чиглэл болгосон байгаа, харин цуцлах гэсэн шийдвэр байхгүй. Таны хэлсэнчлэн Засгийн газрын ажлын хэсэг тэгж мэдэгдээд байгаа. Нэгэнт хэрэгжсэн төслийг нөхөн цуцлана гэсэн хуулийн ойлголт байдаггүй. Энгийнээр тайлбарлавал, Та өглөө ажил төлөвлөж гарчихаад өдөр төлөвлөгөөний дагуу ажлаа бүтээчихээд үдэш нь ажлын төлөвлөгөөгөө цуцаллаа гэвэл эрүүл сонсогдохгүй биз дээ. Ер нь хийсэн ажлаа цуцлаж болдог юм уу. Энэ бол хууль эрх зүйн наад захын мэдлэггүй үйлдэл, эсхүл улс төрийн зорилготой үйл явц байж болох юм гэж хуульч хүний хувьд харж байна. Миний хувьд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2012-2015 оны үеийнх шиг гацсан бол өнөөдөр Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын алдагдсан боломж шиг шүүмжлэлтэй тулгарах байсан нь гарцаагүй гэж үздэг. Төслийн үр өгөөжийг наашлуулж 6 жилийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн түүхэн шийдвэр юм.

-За хоёулаа шүүхийн хариуцлагын асуудал руу орох уу? Шүүгч нарыг хууль зөрчсөн гэх гомдол санал юу болж байгаа вэ?

-Шүүхэд улс төрийн нөлөөлөл орсон гэж үзэх хангалттай олон үндэслэл байгаа. Бидний зүгээс шүүгчийн хариуцлагын асуудлаар Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргасан боловч харамсалтай нь энэ хороо ажлаа хийхгүй байсаар Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдлаа. Нэгэнт хугацаандаа гомдлоо гаргасан тул шинээр эмхлэн байгуулагдах Шүүхийн сахилгын хороо гомдлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна. Шүүгчийн илэрхий ноцтой хууль зөрчсөн үйлдлийг Шүүхийн сахилгын хороо хуулиараа хэлэлцэх эрхтэй.

-Да.Ганболд гуайн хувь хүний талаар ярилцая гэж бодлоо. Түүнийг 1990 оны ардчилсан хувьсгалыг үндэслэгч, Монголын анхны ардчиллын алтан хараацайнуудын нэг гэж зүй ёсоор үздэг. Хувь хүний намтраас харахад Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа өмч хувьчлал, түүний дотор орон сууц хувьчлал, мал хувьчлал, гадаад пасспорт, зах зээлийн үнэ чөлөөлөлт зэрэг томоохон ажлуудыг санаачилж, удирдаж гардан хэрэгжүүлсэн байдаг юм. Гэтэл өнөөдөр гэмт хэрэгтэн гэж байгаа нь харамсалтай санагддаг?

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол Улсын хувь эзэмшлийг 51 болгосон ажлыг нь орхигдуулчихлаа. Баруун төвийн үзэлтэй, ардчилсан хүний эрхийг дээдлэгч улс төрч хүн. Шадар сайд Да.Ганболдын 1990-ээд онд хэрэгжүүлж байсан ажлууд тухайн үедээ ойлголтын зөрүүгээс шалтгаалж өнөөдрийн Дубайгаас хэд дахин ширүүн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан юм байна лээ. Гэтэл өнөөдөр буруутгах хүн байхгүй нь лавтай. Өөрийн итгэл үнэмшил, зарчмаасаа ухрахгүй гэж гэдийсээр Ерөнхий сайдаас 7 удаа буцаагдаж байсан хатуу зарчимтай улс төрч шүү дээ. Да.Ганболдын хувьд 2015 онд Оюутолгой төслийг явуулах нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй байсан үүнээсээ ч ухарч няцаж байгаагүй, шүүх дээр ч ил тод хэлдэг. Хувь хүний хувьд ардчилсан намын оюун санааны лидер гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн, үүнтэй хэн ч маргахгүй бас барьцахгүй байх. Ганц дутагдал нь өөрийгөө өмөөрч ярьдаггүй, хийсэн ажлыг цаг хугацаа харуулна, хууль зөрчиж хулгай хийгээгүй тул аяндаа учир нь олдоно гэсэн хэт өөдрөг бодь байр суурьтай хүн. Өмгөөлөгч, үйлчлүүлэгч 2-ын хувьд энэ тал дээр санал нийлдэггүй. Миний хувьд үйлчлүүлэгчээ хэлмэгдэж байхыг дуугүй хараад шүүхэд найдаад явдаггүй. Шулуухан хэлэхэд улс төржилт, олон нийтийн буруу ойлголтоос үүдэлтэй нийгмийн сэтгэл зүй нь их бага хэмжээгээр шүүхийн ажилд нөлөөлөөд байдаг.

-Таны хувьд олон нийтэд хандаж нийтлэл, ярилцлага их хүргэдэг нь ажиглагдсан?

-Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээ хэлмэгдсэн гэсэн итгэл үнэмшилтэй бол түүнийхээ төлөө тууштай явах нь зөв. Эмч хүн өвчтөнөө оношилчихоод эдгээхийн төлөө чадах бүхнээ хийдэгтэй адилхан. Хууль шүүхийн байгууллага маань хуулиа дээдлэхгүйн дээр олон нийтэд улс төрийн зорилгоор буруу ойлголт өгч байгаа үед өмгөөлөгч нар үнэнийг ярихгүй бол өөр хэн ярих вэ. Би бол дуугүй сууж байгаад хэлмэгдэхийг харж чаддаггүй. Ганц Д.Ганболд дээр ч биш өнгөрсөн 30 жилд болоогүй хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр туссан 2020 оны үйл явдлууд цаашид олон жил яригдаж, судлагдах сэдэв болно. Иргэн Д.Ганболдыг гэмт хэрэг хийгээгүй гэсэн байр суурьтай байдаг тул хилс хэрэгт ял шийтгүүлж хэлмэгдсэн талаар өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа олон нийтэд илэрхийлж байсан. Энэ хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хууль шүүхийн байгууллагаас олон удаа гаргасан. Хэрэв Да.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа 200 мянган төрийн албан хаагчдын хэнд ч ирээдүйд гэмт хэрэгт буруутгагдахгүй гэх хуулийн баталгаа байхгүй болно. Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан хэнд ч болов ял шийтгэл гарцаагүй байх нь хуулийн зарчим талаасаа ч олон нийтийн хүлээлт талаасаа ч зөв. Харин төр засгийн ажлыг итгэл үнэмшлийнхээ дагуу нэр төртэй гүйцэтгэсний эцэст хожим эрх баригч өөрчлөгдөх үед хийсэн ажил үүргээ гэмт хэрэг гэж яллуулах нь хууль ёс, шударга ёсонд яавч нийцэхгүй.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу? Шүүхээс түүхэн шинжтэй шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна л даа?

-Олон зүйл байгаа ч нотлох баримт, хууль хэрэглээний асуудлууд шүүхийн танхимд яригдах тул түр орхиё. Шүүхээс түүхэн шийдвэр гарна гэдэгтэй санал нэг байна. Цаашид улс орны эдийн засгийг хөдөлгөх томоохон мега төслийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан улс төрчид, мэргэжилтнүүдээ эрүүгийн шүүхээр шүүдэггүй баймаар байна. Улс төрийн талаасаа хэлэлцэх, мэтгэлцэх, бодлогын өрсөлдөөн өрнүүлэх бол эрүүл үзэгдэл. Эдийн засгийн төсөл, хөтөлбөрийг зориглоод хэрэгжүүлсэн төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдийнхээ нурууг авч болохгүй. Төрийн ажиллах чадамж, залгамж чанарт ч халгаатай.

Манай эрүүгийн шүүх эдийн засгийн гэрээг зөвхөн яллах талыг бариад гэмт хэрэг гэж шүүсэн. Хөрөнгө оруулагч талаа 100 хувь хохироож, Монголын эрх ашгийг 100 хувь хангасан төгс гэгээрсэн хэлцэл хийгээгүй гэж буруутгаад байгаа юм. Зүй нь Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор гэрээ хэлцэл байгуулдаг. Эдийн засгийн гэрээг шүүмээр бол ядаж бүхэлд нь дүгнэж Монгол Улсын эрх ашигт нийцсэн нөхцлүүдэд дүгнэлт өгөх нь шударга баймаар юм. Олон улсын хэмжээнд бизнесийн гэрээ хэлцлийг хэзээ ч гэмт хэрэг гэж шүүдэггүй.

Тиймээс Да.Ганболд болон өмгөөлөгчийн зүгээс хэргээ цагаатгуулах гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Улсын дээд шүүх хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаа.

Б.БУЛГАНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж