Сар гаруй нам жим байсан их хотын хөд хөдөлгөөн эргэж ирлээ. Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас Монгол Улс дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон байдаг. Энэ нь хөл хориог халдварын эрсдэлийг хумих, бууруулах үр дүнтэй арга хэмээн тодорхойлсонтой холбоотой. Гэвч хөл хорионы дараа иргэд нийгмийн харилцаанд хэрхэн оролцох, ААН байгууллагуудад ямар зохицуулалт хийх нь хүн бүрийн чих тавин хүлээх асуудлын нэг болсон.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 89 чиглэлийн байгууллагаас 18 салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Харин үе шаттайгаар нээгдэж буй ААН, байгууллагуудын ажилчид дархлаажуулалтад хамрагдсан байх, үйлчлүүлж буй иргэдэд хоёр дахь тунгаа хийлгэсэн байх шаардлага заавал тавих ёстойг албаныхан онцолсон. Бид энэ удаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн ААН, байгууллагуудын бодит нөхцөл байдал, түүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар сурвалжиллаа.
Дотоодод халдвар тарснаас хойш хамгийн удаан хугацаанд тэг зогсолт хийсэн салбаруудын нэг бол үсчин, гоо сайхан. Учир нь гурван сар гаруй хугацаанд үсчин, гоо сайхны байгууллагуудыг халдварын эрсдэлтэй хэмээн нэг өдөр нь нээж, нөгөө өдөр нь хаасаар өнөөдөртэй золгосныг тэд учирлаж байв.
Үсчин, гоо сайхны үйл ажиллагаа хэвийн эхэлсэн боловч үйлчлүүлэгчдийн тоо харилцан адилгүй байлаа. Зарим үсчний газрын үүдээр хөл тавих төдийд “Ямар үйлчилгээ авах вэ” гэж асууцгаана. Энд вакциндаа бүрэн хамрагдсан байх шаардлагаас илүүтэй иргэдийн үйлчлүүлэх хэрэгцээ дээгүүр байгаа нь илт. Иргэд ч хоёр тунгаа хийлгэх өдрөө хүлээлгүйгээр үсчний газрыг зорьж, ээлжээ хүлээн суусаар байна.
“БИ МАСКАА САЙН ЗҮҮЧИХСЭН, ҮСЭЭ ЯНЗЛУУЛЬЯ” ГЭЖ ХЭЛЭЭД ГАРАХГҮЙ ТОХИОЛДОЛ Ч БИЙ
Бид хэд хэдэн үсчин, гоо сайхны салоны газар орж УОК-ын шийдвэртэй холбоотой хэрэгжилт хэр байгааг тодрууллаа. Үсчид ачаалал ихтэй үед үйлчлүүлэгч бүрт вакцинд хамрагдсан эсэхэд хяналт тавьж чадахгүй байгаагаа нуусангүй. Ингэхдээ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрийг мөрдлөг болгон ажиллаж байгаа боловч оочер хүлээн суух иргэдэд хоёр дахь тунгаа хийлгээгүй гэх шалтгаанаар үйлчлэхгүй байх хэцүү гэдгийг ч дурдаж байв. “Би маскаа сайн зүүчихсэн, үсээ янзлуулья” гэж хэлээд гарахгүй тохиолдол ч бий гэнэ. Үсчин, гоо сайхны газрын ажилчид хөл хорио тогтоохын өмнө нэгдсэн журмаар вакцинжуулалтад хамрагдсан байна. Ажилчид нь зориулалтын хувцас өмсөж, амны хаалт зүүсэн үсчин, гоо сайхны газар олон байлаа.
Үсчин Б.Ганчимэг:
-Нээгдсэнээс хойш үйлчлүүлэгч их байна. Үйлчлүүлэгчдэд вакцины хоёр тундаа хамрагдсан байх шаардлага тавих ёстой. Гэтэл энд хүний эрх яригдаж буй юм. Иймээс ч давтан тундаа хамрагдсан хүмүүс цөөн тоогоор үйлчлүүлж байна. Ажилчдын хувьд вакциндаа бүрэн хамрагдсан. Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүргийг бид биелүүлж ажиллаж байна. Гэвч үсчин, гоо сайханчдын дунд дундаас доош амьдралтай хүмүүс их. Тиймдээ ч эдийн засгийн нөхцөл байдлаа бодвол үйлчлүүлэгчийг хүлээж авахаас өөр аргагүй. Гэхдээ аль болох халдвар хамгааллын дэглэмээ барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг бусад үйлчилгээний байгууллагуудын адилаар авч байна гэлээ.
Үсчин У.Соддалай:
-Үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэхэд иргэдийн ухамсар чухал. Иргэд өөрсдийн эрүүл мэндээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй шүү дээ. Ихэвчлэн хоёр тунгаа хийлгэсэн гэсэн иргэд л үйлчлүүлж байна. Нээгдсэн эхний өдөр үйлчлүүлэгч их байсан. Харин өнөөдрөөс үйлчлүүлэгч багасаад эхэллээ. Хүн хоорондын зайг бланкаар тусгаарлаж, ариутгалаа хоёр цаг тутамд хийж байна. Үйлчлүүлэгч нарыг QR кодоо уншуулж, халуунаа үзүүлэхийг шаардаж байна. Вакцинд хамрагдсан иргэдэд үйлчилнэ гэх шийдвэр нь эрүүл мэнд, халдвар хамгааллын талаас зөв. Гэхдээ хоёрдугаар тундаа бүрэн хамрагдсан хүмүүс хэр их байгаа вэ гэдгийг давхар бодолцож үзэх ёстой байх хэмээн ярьсан юм.
“ИРГЭД ХҮРГЭЛТЭЭС ИЛҮҮ ЗААЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИХ ТАВЬЖ БАЙНА”
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Рестораны ажилчид үүдээр орох үед заалаар үйлчлэхгүй хэмээн хэлж байв.
Хүргэлтийн үйлчилгээний талаар тодруулахад “Хүргэлт хийж буй ажилчиддаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, вакцины хоёр тундаа хамрагдсан байх шаардлагыг байгууллагын зүгээс тавьж байна. Иргэдийн зүгээс заалаар үйлчлүүлэх хүсэлт их тавьж байна. Хөл хорионы өмнөх үетэй харьцуулахад үйлчлүүлэгч багассан. Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах боломжтой. Нэгэнт гарсан шийдвэрийг бид дагахаас өөр аргагүй. Хүргэлтээр хоол авах захиалга ч бага ирж байна” гэж ярилаа.
Иймд цайны болон түргэн хоолны газрууд хоол үйлдвэрлэлийн салбарт хүргэлт хийх боломжтой байгууллага хэд байдаг вэ гэдгийг бодолцож үзэх нь зөв хэмээн онцолж байсан юм.
“ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА МӨРДӨХГҮЙ ТОХИОЛДОЛД ШАТ ДАРААТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА”
Үйл ажиллагаа нь эхэлсэн байгууллагуудад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахад хэрхэн хяналт тавьж ажиллаж буй талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “УОК-ын даргын 41-р тушаалд шинээр мөрдөх тусгай нөхцөл, шаардлагуудыг нэмж оруулж өгсөн. Нэгдүгээрт, төрийн болон худалдаа үйлчилгээний байгууллагуудад вакцины хоёрдугаар тунд хамрагдсан ажилчин, алба хаагчдыг ажиллуулна гэсэн заалт бий. Хоёрдугаарт, өмнө нь иргэдийн хөдөлгөөнийг QR кодын тусламжтайгаар бүртгэлжүүлдэг байсан. Үүнд зориулж тусгай аппликейшны хөгжүүлэлтийг хийж эхлээд байна. Тус аппликейшны тусламжтайгаар халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлэх юм. Томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах чиглэлээр дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Одоохондоо аппликейшн бэлэн болоогүй тул иргэд E-Mongolia системээс татаж авсан вакцины гэрчилгээгээ үзүүлж, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх хэрэгтэй.
Энэхүү тушаалд ганцхан хувь хүний эрх бус бусдын эрх давхар яригдаж байгаа юм. Иймд халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед байгууллагууд хүргүүлсэн шаардлагын дагуу үйлчлүүлэгчдэдээ хяналт тавьж ажиллах хэрэгтэй юм. Нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй ААН, байгууллагуудын хүргэлт болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрсөн. Тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллага гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ажиллах ёстой. Нөгөө талдаа халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Уг тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллахгүй тохиолдолд тухайн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, торгууль оногдуулахаас гадна тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх хүртэлх шат дараалсан арга хэмжээ авч ажиллах юм” гэлээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ