Ширхэг ч вакцины бараа хараагүй 10 орчим улс байна

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Ширхэг ч вакцины бараа хараагүй 10 орчим улс байна

Ширхэг ч вакцины бараа хараагүй 10 орчим улс байна

Хүний их эмч Оумайма Жармагийн хэлснээр, Чад улсад ямар вакцин тариулах вэ гэсэн талцал, мэтгэлцээн огт үгүй гэнэ. Учир нь тус улсад одоо хэр нь нэг ширхэг ч вакцин очоогүй аж.

Нийт газар нутгийнх нь гуравны нэгийг Сахарын цөл эзэлдэг, дэлхий дээрх хамгийн хөгжил багатай улсуудын нэг Чад улсад Жарма эмч тэргүүтэй эрүүл мэндийн салбарынхан ч вакцины бараа огт хараагүй ажээ.

Өдгөө 33 настай, халдварт өвчний эмч Жарма “Энэ бол маш шударга бус явдал. Би үүнд их гомдолтой байна. Бидэнд ямар вакцин хийлгэх сонголт ч байхгүй. Хамгийн түрүүнд манай улсад ирсэн вакциныг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс өөр ямар ч аргагүй. Хэрвээ вакцин ирдэг л юм бол аль үйлдвэрийнх байх нь хамаагүй би тэр даруй тариулмаар байна” хэмээн ярьжээ.

Чинээлэг орнууд нийт хүн амынхаа тооноос илүү хэмжээний, хэд хэдэн үйлдвэрийн вакцин нөөцлөн авч, иргэд нь аль үйлдвэрийн вакцин хийлгэхээ сонгож ядан, зарим нь бүр хийлгэхгүй хэмээн эрхэлж байна.

ДЭМБ-аас мэдээлснээр, өдгөө Африкийн голдуу 10 орчим улс вакцингүй байгаа аж. Тухайлбал, Африк тивийн Буркина-Фасо, Бурунди, Эритрей, Танзани, Номхон далайн зарим арлын улсуудад вакцины хангамж хүрэх цаг болоогүй байна.

ДЭМБ-аас“Вакцины хомсдол үүсч, нийлүүлэлтийг хойшлуулах зэрэг асуудлаас болж Африкийн орнууд дэлхийн бусад орнуудаас вакцинжуулалтын хувьд асар ихээр хоцрогдож байна. Харьцуулж үзвэл Африк тивд очсон вакцин дэлхийн үйлдвэрлэсэн нийт вакцины ердөө нэг хувийг эзэлж байга" талаар энэ долоо хоногт мэдээлэв.

Түүнчлэн UNICEF-ийн "Ковакс" хөтөлбөрийн хангамжийн зохицуулагч Жиан Ганди “Дээрхээс гадна вакцин хүрэлцээгүй орнуудад вирусийн шинэ мутаци үүсэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Тиймээс бид энэ хоцрогдлыг аль болох түргэн арилгах шаардлагатай” гэжээ.

Түүнээс гадна вакцин хүрэлцээгүй орнуудад цар тахлын халдварын батлагдсан тохиолдол маш цөөн байгаа аж. Энэ нь оношлуур гэх мэт хэрэгслийн хангамж, боловсон хүчин дутмаг байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Чад улсад цар тахлаар 170 хүн нас барсан хэмээн бүртгэжээ. Гэвч энэ тоонд нутгийн эмч нар өөрсдөө ч эргэлзэж буй бөгөөд өнгөрсөн оноос хойш амралт багатай, бүх хүчин чадлаараа ажилласаар байгаа аж. Анх Чад улс халдварын тохиолдолгүй байхдаа хилээ хааж, олон улсын нисэх онгоцны буудлынхаа хаалгыг барьсан ч хууль бусаар хил давж орж ирсэн хэн нэгнээс болж халдвар тархсан гэдэг. Гэтэл нөгөө талд Парис бүх чиглэлийн нислэгээ эргээн нээж эхэлсэн. Энэ нь  халдварын эрсдэлийг нэмсэн хэрэг хэмээн  зарим мэргэжилтнүүд шүүмжилж байгаа юм.

Н’Жамена дахь Фарча мужийн эмнэлэгт эмч нар тусламж гуйсан өвчтөнүүдэд чадлаараа тусалж, хүчилтөрөгчийн нөөцөө харамгүй зарцуулж байгаа аж. Тус эмнэлэгт уушги орлуулагч аппарат 13 ширхэг, Хятадад үйлдвэрлэсэн N95 амны хаалт, гар ариутгагч багагүй байгаа. Гэвч нэг ч эмч дархлаажуулалтад хамрагдаагүй, хэзээ хамрагдахаа ч мэдэхгүй хэвээрээ байна.

Жарма эмч “Цар тахлын эхэн үед дэлхий даяар вакцин үгүй байсан тул эмч нар бүгд ижил нөхцөл байдалд ажил үүргээ гүйцэтгэж явлаа. Гэвч барууны орнууд болон Хятад орон вакцин хөгжүүлэн бүтээж эхэлснээс хойш Африкийн буурай орнууд дэндүү гэмээр хоцрогдож, мартагдаж эхэлсэн. Миний сонссоноор ихэнх орнууд нийт эрүүл мэндийн салбарынхан болон хөгшчүүдээ вакцинжуулж дуусаад, одоо залуус, зарим нь бүр хүүхдүүдээ вакцинжуулж эхэлж байна. Энэ л надад маш их гомдол төрүүлээд байна. Яагаад манай орны ядаж эрүүл мэндийнхэнд хүрэлцэх цөөн хэдэн вакцин илүүчилж болохгүй байгааг ойлгохгүй юм. Цар тахал биднийг баян, ядуугаар нь ялгалгүй яг адилхан алж байна. Тиймээс хүн бүр, ялангуяа хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс вакцинжуулалтад хамрагдах нь нэн чухал шүү дээ” хэмээн ярьжээ.

НҮБ-аас цар тахлын вакциныг дэлхий даяар, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад түгээх зорилгоор "Ковакс" хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Харин Чад тэргүүтэй орнууд тус хөтөлбөрөөр дамжуулан вакцин авах хүсэлтээ илэрхийлж байгаа ч Өмнөд Африкт үүссэн шинэ мутациас болоод "AstraZeneca" компанийн вакцинд эргэлзэж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Чад улс хэрвээ -70 хэмийн хүйтэнтэй агуулах бэлдэж чадвал дараа сар гэхэд Pfizer/biontech компанийн вакцины эхний ээлжийн тусламж хүргэх төлөвлөгөө бий аж. Гэвч өдөртөө 43.5 хэм хүрч халдаг тус улсад тогтмол -70 хэм хүйтнээ барих агуулах байгуулах нь хүнд ажил юм. Харин вакцин үйлдвэрлэгч Энэтхэгт халдвар огцом нэмэгдэж, Чадаас бусад Буркина-Фасо тэргүүтэй орнуудад вакцины хангамж очих нь улам хойшилсоор байгаа аж.

Эдгээрээс гадна 11 сая хүн амтай Гайти улс ч мөн вакцины бараа хараагүй хэвээр байна. Хэдийгээр тус улсын эрх баригчид "Ковакс" хөтөлбөрийн дагуу "AstraZeneca" компанийн 756 мянган тун вакцин эхний ээлжинд авахаар болсон ч вакцин зөв хадгалах дэд бүтэц байхгүйгээс болж хойшлуулсаар байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж