Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр /2021.5.10/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр нойтон цас орж, ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байна. Өнөө шөнө Дундговийн нутаг, Дорноговийн баруун хойд, маргааш өдөр Дорноговийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байгаа аж. Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг таван см даван тус тус үерлэж байна. Маргааш буюу тавдугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50 см даван үерлэнэ. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.
Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Доржпүрэвээс тодруулахад “Энэ сарын нэг ба хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орж хүйтрэх төлөвтэй. Салхины хурд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үед гуравдугаар арав эхэн болон сүүлчээр 14-16 м/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Малчид, тээвэрчдэд анхааруулахад тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Тиймээс иргэд, малчид цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, хуурайшилттай бүс нутагт зорчихдоо сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна” гэсэн юм.
Иймд иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарах хэрэгтэй.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ