Монгол Улсын вакцины дипломат ажиллагаа хэрхэн үр дүнд хүрэв?

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Монгол Улсын вакцины дипломат ажиллагаа хэрхэн үр дүнд хүрэв?

Монгол Улсын вакцины дипломат ажиллагаа хэрхэн үр дүнд хүрэв?

ВАШИНГТОН. /The Diplomat/. Монгол Улс хүн амаа Ковид-19-ийн вакцинд хамруулсан үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт орж байна. Тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 181 улс орон иргэдээ вакцинжуулж эхлээд байгаагийн нэг нь Монгол Улс юм.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, хүн амын 42.2 хувь нь вакцинд хамрагдаж, нийт 1 398 592 тун вакцин тарьжээ. Дэлхий даяар коронавирусний халдвар тархаад буй энэ хүнд цаг үед Монголын олон тулгуурт гадаад бодлого вакцинжуулалтын дипломат ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Дэлхийн хэмжээний цар тахал болсон Ковид-19-ээс хойш Монгол Улс дотооддоо нэг ч халдварыг алдалгүй 10 сар болсон нь үнэхээр гайхалтай байсан хэдий ч энэ хавраас халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэх болж, одоогоор халдварын нийт тохиолдлын тоо 41 мянга даваад байна. Мөн E-Mongolia цахим хуудаст мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо 134-т хүрчээ. Ковид-19 халдварын тоо, мөн хилийн чанадаас ирэх Монгол иргэдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан Засгийн газраас цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээнд эргэлзэх байдлыг төрүүлсэн байна.

Засгийн газар хүн амаа вакцинжуулах, үүний хажуугаар Япон, БНСУ, АНУ зэрэг түншүүдийнхээ туслалцаатайгаар хилийн чанад дахь өөрийн иргэдээ аажмаар татан авахад түлхүү анхааран ажиллаж байгаа юм. Гэвч вакцины олон сонголт болон вакцинжуулалтын эсрэг гаргаж буй хандлага, байдлын улмаас  уг асуудал дээр монголчууд хоёр хуваагдаад байна.

Монгол Улс алсыг харсан 2011 оны Гадаад бодлогын үзэл баримтлалдаа олон тулгуурт гадаад бодлого явуулна хэмээн тусгасан нь вакцинжуулалтын дипломат ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгчээ. Далайд гарцгүй хэдий ч Монгол Улс нь стратегийн түншлэлээ ашиглан олон эх үүсвэрээс вакцин хүлээн авахаар болсон.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр, Монгол Улс “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” брэндийн 2 600 540 тун вакциныг хүлээн авчээ.  Үүнээс гадна, Засгийн газар нь ОХУ-аас “Спутник V”, БНХАУ-аас “Sinopharm”-ын вакцин худалдан авсан байна. “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эцэс гэхэд бага орлоготой орнуудад 1.3 тэрбум тун вакцин нийлүүлэх төлөвтэй байгаа юм.

Хөрш ОХУ, БНХАУ-тай байгуулсан стратегийн түншлэл нь Монгол Улсыг бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад /ихэнх нь одоог хүртэл хугацаандаа вакцинаа татан авч чадахгүй байгаа/ вакцинаа түргэн хугацаанд татан авах боломжийг олгосон. Аль 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэхэд Монгол Улс “Sinopharm”-ын Ковид-19 вакцины 300 мянган тунг БНХАУ-аас хандивын журмаар хүлээн аваад байв. Харин саяхан, 5 дугаар сарын 2-ны өдөр “Спутник V” вакцины эхний 20 мянган тунг ОХУ-аас хүлээн авсан бөгөөд 6-ны өдөр 131 200 тунг нэмж авах төлөвтэй байна. “Засгийн газрын харьяа байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байна” гэж Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг үндэсний телевизээр мэдээлжээ. Түүнчлэн 4 дүгээр сарын 30-ны өдрөөс Монгол Улсад байнгын оршин суух эрхтэй гадаадын иргэдийг Ковид-19-ийн эсрэг “сайн дурын вакцинжуулалтад” хамруулж эхэлжээ.

Монгол Улсын хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ нь дэлхий дахины вакцины нийлүүлэлтэд идэвхтэй ажиллаж байгаа юм. Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Economic Intelligence Unit ” байгууллагаас: “Хятад, Орос орнууд сүүлийн саруудад хөгжиж буй орнууд руу олон сая тун вакцин илгээгээд байна. Ийнхүү “вакцины дипломат ажиллагаагаар” дамжуулан ОХУ, БНХАУ хоёр нь олон улс дахь байр сууриа бэхжүүлж, Өрнөдийн нөлөө буурч буй хөгжиж буй олон оронтой хоёр талын харилцаагаа сайжруулахыг зорьж байна” гэж мэдээлжээ.

Монгол Улсын хувьд ийнхүү хоёр хөршийнхээ аль алинаас туслалцаа хүлээн аваад байгаатай зэрэгцэн “гуравдагч хөрш” нь ч "зүгээр хараад суусангүй".

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /ОУХА/ Монголын Засгийн газрын “Ковид-19”-тэй тэмцэх үйлст дэмжлэг үзүүлэх зорилгоор 450 мянган ам.долларын /1.3 тэрбум төгрөг/ хөтөлбөр эхлүүлж буйг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам мэдэгджээ. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад КОВИД-19-тэй тэмцэхэд үзүүлсэн тусламж 4 сая ам.долларт хүрч байгааг тус ЭСЯ-наас онцолж, “Энэхүү тусламжаар дамжуулан АНУ-ын ОУХА нь халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах; өргөн хүрээнд сорьц авах лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх; халдварын тархалтаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд таниулах зэрэг чиглэлээр Монгол Улсын халдварт өвчинтэй тэмцэх чадварыг бэхжүүлэх, хувь нэмрээ оруулахад чиглэж байна” хэмээн ЭСЯ-ны мэдэгдэлд онцлон дурьджээ.

Түүнчлэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй саяхан хийсэн уулзалтынхаа талаар өөрийн твитер хуудсандаа, “Цар тахлын үеийн дипломат ажиллагаа”. Талууд АНУ, Монгол Улсын стратегийн түншийн хувьд Ковид-19 цар тахалтай тэмцэх үйлсэд нь “COVAX” эсвэл санхүүгийн тусламжаар дамжуулан хэрхэн туслалцаа үзүүлэх тухай яриа хэлэлцээг тасралтгүй өрнүүлж байна хэмээн жиргэжээ.

Үүнээс гадна, 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээв авч уулзсан. Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсад 2021 оны 2 дугаар сарын сүүлээр “AstraZeneca”-гийн 150 мянган тун вакциныг хандивласнаар ийнхүү хандив өгсөн эхний орнуудын нэг болсон юм. Элчин сайд М.П.Сингх уулзалтын үеэр, “Энэтхэг улс “Оюун санааны хөрш, “Стратегийн түнш”-дээ “Ковид-19”-ийн вакцин хүлээлгэн өгсөн анхны орон болсонд баяртай байна” хэмээн хэлжээ. Хоёр орон 2015 онд стратегийн түншлэл байгуулсан нь цар тахлын үед ийнхүү үр өгөөжөө өгч байна. Монгол Улс нь Энэтхэгийн “хамгийн анхан шатны үеийн”  вакцины дипломат ажиллагааны түрүүнд вакцин хүлээн авсан 13 орны нэг болсныг Элчин Сайд М.П.Сингх онцолж, Монгол Улс бидний “Дорно зүгт хөдлөх” бодлогод чухал ач холбогдолтой хоёр талын хамтын ажиллагааны хамтын сэтгэл, бидний зүрх сэтгэлийн холбоосыг илэрхийлж буй явдал мөн гэжээ. Энэтхэгт одоогоор Ковид-19 халдварын тархалт өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэж, дэлхийн рекорд эвдэж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар Энэтхэг Улсад нэг сая ам.долларыг хандивлахаа мэдэгдээд байна.

Засгийн газрын тэргүүн болсноос хойших 100 хоног нь удахгүй болох Л.Оюун-Эрдэнийн хувьд 18-аас дээш насны бүх хүн ам буюу нийт хүн амынхаа 62 хувийг 7 дугаар сар гэхэд вакцинжуулах зорилт тавиад байгаа юм. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн мэдээлснээр, Монгол Улс хүн амаа бүхэлд нь вакцинжуулахад 4 200 000 тун вакцин шаардлагатайгаас одоогоор хоёр сая гаруй тунг нь татан авсан байна.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал аливаа улс орны гадаад бодлогын ач холбогдол, гадаад бодлогын стратегийн хүчин чармайлт, дипломат ажиллагаагаар ямар үр дүнд хүрч болохыг тодотгон харуулаад байна. 3.2 сая гаруй хүн амтай, жижиг улсуудын тоонд багтдаг Монгол Улсын хувьд их хэмжээний нас баралттай тэмцэх боломжгүй юм. Монгол Улс нь олон тулгуурт гадаад бодлогыг амжилттайгаар урт хугацааны турш баримталсны дүнд вакцины дипломат ажиллагааг тун үр дүнтэй өрнүүлж байна.

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Индиана муж улсын “Indiana University Bloomington” их сургуулийн Монгол судлалын төвийн номын редактор Л.Болор бичжээ. Тэрбээр одоо Монголын гадаад бодлогын тухай ном бичиж байгаа бөгөөд Вашинтон хотод төвтэй “77 Nation” подкастыг мөн хөтөлдөг ажээ.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж