Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2021 оны эхний өдрөөс тавдугаар сарын 9-нийг хүртэлх хугацаанд зэсийн баяжмалын экспорт 407.5 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 52.5 мянган тонноор, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үед 460 мянган тонн байв.
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ээс мэдээлснээр, зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тус байгууллага 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5 хувиар, ирэх онд 3.7 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа аж.
Зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чили улсын зэсийн уурхайнуудын гарц сүүлийн арван сар дараалан буурсан нь зэсийн олборлолтод тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүйг шинжээчид онцолж буй юм.
Монголын нүүрсний экспорт дээрх хугацаанд 7.667.5 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.052.9 мянган тонн, өмнөх оны мөн үеэс 66.2 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед нүүрсний экспорт 4.614.6 мянган тонн хүрч байв.
Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт өнгөрсөн гуравдугаар сарын дундаас огцом буурсан нь Хятадын талаас Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгасантай холбоотой юм.
Нүүрс татан авалт буурсны улмаас Хятадын хилийн ойролцоох бүс нутагт Монголын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн. Тухайлбал, Монголоос импортолдог сайн чанарын түүхий коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 1120-1150 юань байсан бол боловсруулсан коксжих нүүрснийх 1400-1450 юаньд хүрсэн билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс экспортложээ. Мөн дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 7.02 сая орчим тонн байв.
Холбоотой мэдээ