Л.Оюун-Эрдэнэ: Бид парламентын тогтолцооноосоо ухарч болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Бид парламентын тогтолцооноосоо ухарч болохгүй

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуултад хариулж байна.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэвлэл мэдээллийн салбарынхантай нээлттэй ажиллана гэдгээ хэлсэн. Засгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Зөвхөн Монголын хувьд биш дэлхийн хүн төрөлхтөний хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая гаруй хүнээ алдаж, цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан. Монгол Улс дотооддоо 10 сарын хугацаанд Covid-19 халдвар алдаагүй барьж чадсан. Засгийн газрын хувьд цар тахлын Азийн гурав дахь давалгаатай нүүр тулсан. Цар тахал нь эдийн засагтай урвуу хамааралтай байдаг учраас энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах нь дэлхийн бүх улс орны эдийн засагч, улстөрчдийн том сорилт байсан.

Эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувь болж, төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгүй болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан.

Ийм нөхцөл байдалд бид тооцоо судалгаатай ажиллахгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн уур амьсгал биднийг угтсан, гадаа талбайд өлсгөлөн зарлаж жагсаал болсон нөхцөл байдал угтаж байв. Цар тахлын нөхцөл амаргүй, хөл хориог нийгмийн сэтгэлзүй хүлээж авахгүй нөхцөл байдалд байсан. Ер нь бол хөл хорио тогтоох бүрт халдварын тохиолдлын тоо багасдаг, сулрахаар нэмэгддэг. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Та бүхэнд нийт дөрвөн хөл хорионы үр дүнг харуулж байна.

Хэрэв хөл хорио тогтоогдоогүй байсан бол нэг сая орчим хүн халдварт өртөж, нас барсан хүний тоо 10 мянгад хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд хэлж байгаа юм. Олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэмтэн судлаачдын үг үнэн байж гэдгийг би өөр дээрээ ойлгож байгаа юм. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоож, вакцинжуулалт хийж чадвал хамгийн зөв арга нь болно гэдгийг хэлсэн. Бид вакцины татан авалттай холбоотой хэлэлцээр хийж эхэлсэн.

ЦАР ТАХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ДАВАН ТУУЛСАН ЭХНИЙ 10 УЛСЫН НЭГ БОЛНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүдээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Цар тахалгүй наадмаа тэмдэглэхийн тулд бид вакцинжуулалтад зайлшгүй хамрагдах шаардлага байна. Бид 12-18 насны иргэдээ дархлаажуулснаар вакцинжуулалт өндөр хувьтай гарна.
  • Файзер вакцинд залуучуудыг хамруулж, хичээлээ хугацаанд нь хийх зорилт тавьж хэлэлцээр хийж байна. Канад болон бусад улсын хувьд вакцинжуулалт эхэлсэн бол бидний хувьд ажиглаж, ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж байна.
  • Вакцинжуулалтаар бид дэлхийн эхний 10 улсын нэг болж чадсан. Ази, Зүүн Азид вакцинжуулалтаар тэргүүлэгч улсуудын нэг болсон. Энэ бол бидний цөөхөн хүн амтай улсын давуу тал байсан.
  • Үндсэндээ вакцинжуулалтад зориулсан 100 хоног байлаа.
  • 26 хоногийн хатуу хөл хорио тавих нь цаг хугацааны хувьд хамгийн зөв байсан гэж бидний хувьд тооцсон.
  • Өнгөрсөн 100 хоногийн онцлох ажил бол вакцинжуулалттай холбоотой асуудал байсан.
  • Засгийн газарт мөнгө байгаагүй. Тиймээс арилжааны банкны гацсан эх үүсвэрийг Засгийн газар дэмжих замаар яаж зах зээл рүү оруулах вэ гэдэг л бидний өмнө тулгарсан гол сорил болсон.
  • Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгох хоёр их наядын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хоёр их наядаар тооцвол бид 34 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ бол 100 хоногт чамлахааргүй үзүүлэлт.
  • Гурван хувийн хүүтэй зээл нийгэмд эрэлт үүсгэж байгаа учраас нэг их наяд нэмэгдүүлж, гурван хувийн хүүтэй зээл гурван жилийн хугацаатай гурван их наядын багц болж байгаа.
  • Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн ямар нэгэн шалгуурт Засгийн газар оролцохгүй байгаа.
  • Ипотекийн зээл, барилгын салбар зогссон үед ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл маш чухал болсон.
  • Эдийн засаг 2021 онд өсөлттэй гарахаар макро эдийн засгийн үзүүлэлтүүд гарч, дотоодын эдийн засаг тэлэх нөхцөл байдал үүсч эхэлж байгаа нь 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
  • 10 их наядын хөтөлбөр бол жингүйдэж унаж буй эдийн засгийг зөөлөн газардуулах зорилт. Тиймээс эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх боломж биш. Аль болох ажил олгогчдоо дэмжиж, ажилгүй иргэдийн тоог хязгаарлах зорилт тавьсан.
  • Хэрэв 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол 80-250 мянган орчим ажлын байр алдах нөхцөл рүү орох байсан.
  • Цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицтай ярих цаг болж байна. Вакцинжуулалтын явц тооцсон хугацаанаас 11 өдрийн өмнө урагшилж, зах зээл нээгдэх боломжтой.
  • Цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно. Тиймээс одооноос бид том төслүүдээ зоригтой хөдөлгөх хэрэгтэй.
  • Цар тахлын дараа хэрэгжүүлэх 100 төсөл арга хэмжээг өнөөдөр аж ахуйн нэгж, иргэдэд зарлаж байна.

ХЭРЭВ 100 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДВАЛ ДОТООДЫН ЭДИЙН ЗАСАГ ГУРАВ ДАХИН ТЭЛНЭ

  • Алсын 2051 бодлого 2021 оноос хэрэгжиж эхэлж байна. Нэгдүгээр үе шат 2021-2030 он, хоёрдугаар үе шат 2031-2040, гуравдугаар үе шат 2041-2050 хугацаа байгаа. Том төсөл бол Засгийн газар дангаараа хэрэгжүүлж чадахгүй. Залгамж чанаргүй бол цаашаа явахгүй. Тиймээс зайлшгүй урт хугацааны бодлого хэрэгтэй. Засгийн газар бол бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл гэж бид итгэл төгс хэлэхийг хүсч байгаа юм.
  • Бидний хувьд том төслүүд болон ажил дээр улс төржихгүй байя гэсэн агуулгаар ажиллана.
  • 2021-2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй түвшинд хүргэх томоохон 100 орчим төслийг нээлттэй зарлая. Төслийн эхний дөрөв, тавыг нь ч  Засгийн газар хийж, хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэхээр зөвхөн Гашуунсухайтын төмөр зам долдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэх эх үүсвэр, Тавантолгой цахилгаан станц барих, газрын тосны үйлдвэрийн хоолойг барина, эрчим хүчний Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, ДЦС-V, ДЦС-III өргөтгөл, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажлыг хийхэд Засгийн газрын нөөц дуусч байгаа юм.
  • 100 төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ эдгээр төслийг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай биш.
  • Бид асуудлыг гүнзгий ярилцах цаг болсон байна. Өнөөдөр бид туйлын хариуцлагатай, туйлын үнэнээ ярьсан, туйлын ажил хэрэгч, туйлын үнэтэй байх 10 жил байгаа юм. Хэрэв энэ 10 жилийг бид алдвал цаашид Монгол Улсын төсөв бүрдэх эсэх тухай асуудал, одоо бид явуулж буй хавтгайрсан халамж хаана очиж дуусч ямар байдлаар газардах, бидний хувьд дутуу байгаа дэд бүтцээ нөхөж чадах уу үгүй юу. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа гаргаж чадах уу үгүй юу зэрэг олон асуудалтай 10 жилийн хугацаанд нүүр тулна. Тиймээс бид асуудлыг нэг, хоёр жилээр харах ямар ч боломжгүй.
  • Бид 100 төслөө нэг өдрийн өмнө ч гэлээ хэрэгжүүлэх нь чухал байна
  • Бид 100 хоногт уул уурхайн салбарт томоохон реформ хийхээр болсон.
  • Эрдэнэтэд бид зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр яаралтай барина. Газрын тосны үйлдвэр барихад гадагшаа алдаж буй урсгалыг илүү хяналтад оруулна.
  • Үндэсний баялгийн сан дээр хуримтлалын нэгдсэн сан байгуулж байж бидний хувьд баялаг илүү тэгш хүртээмжтэй, бэлэн мөнгөөр биш боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн, орон сууцны, бусад жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнест очих санхүүгийн механизмыг Норвеги болон Чили, Казахстаны загвар дээр тулгуурлан Хуримтлалын нэгдсэн сан байгуулах загвар гаргаж, хуулийн төслүүд 100 хоногт бэлэн болсон.
  • Би Соёлын сайд Ч.Номинд “Соёлыг бизнесийн нүдээр хар” гэж хэлж байгаа. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд байх ёстой. “The Hu” хамтлаг шиг олон хамтлаг гарахад нь дэмжлэг үзүүлье, холливуудын кино Монголд хийхэд татварын дэмжлэг үзүүлье.
  • Бид хилээ нээж, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор аялал жуулчлалын салбар эргэлтэд орсноор агаарын тээврийн салбарыг либералчлалтай хамт нээнэ.
  • Эрүүл мэндийн салбарт хүн бүр жилд тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байх цахим системийг нэвтрүүлнэ.
  • Эрүүл мэндийн салбарт гарсан томоохон өөрчлөлт бол бид гүйцэтгэлийн үр дүнд тулгуурласан цалингийн систем рүү шилжсэн. Вакцинжуулалт идэвхтэй байгаагийн нэг үзүүлэлт бол хүмүүс вакцин хийсэн тоогоор цалинжиж байгаа. Ингэснээр дарга нарт үйлчилдэг эмнэлгийн тогтолцоо өөрчлөгдсөн.
  • 100 төслийн 50 нь эдийн засгийн хүрээг тэлэх төсөл 25 нь амьдралын чанарыг сайжруулах төсөл, 25 нь засаглалыг сайжруулах шинэчлэл байгаа юм.
  • Засгийн газрын гишүүдэд бизнес болон эдийн засгийн байдлаар салбаруудыг хуваарилна. Жишээ нь, хамгийн их экспорттой болон эдийн засгийн харилцаатай байгаа БНХАУ-ыг Засгийн газар толгойлох нь зөв гэж үзэж байгаа юм.
  • Элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг би хөндөхөөр ярьж байгаа. Төслүүдтэй холбоотой үр дүнгээр гүйцэтгэлийг үнэлнэ. АНУ-ын харилцааг Соёлын сайд Ч.Номин авч явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
  • Манай төрийн үйл ажиллагаа их ерөнхий байдаг. Тиймээс ерөнхийгөөс тодорхой байх зарчмыг баримтална.
  • Хэрэв 100 төслийг хэрэгжүүлж чадвал дотоодын эдийн засаг гурав дахин тэлнэ.

ЦЭРЭГ АМИА АЛДАХ ТООЛОНД САЙД НЬ ОГЦОРНО ГЭЖ БАЙХГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Хүүхдүүдийг вакцинжуулахад санхүүжилтийн асуудлыг хаанаас шийдэх вэ. Судлаачдын тайлбарласнаар хүүхдүүдийг вакцинжуулахад вакцинаа захиалсан байх ёстой. Хэрэв одоо вакцин захиалбал ирэх есдүгээр сараас вакцинжуулалт эхэлнэ гэх мэдээллийг өгч байгаа юм. Таны хувьд хүүхдүүдийн вакцинжуулалтыг долдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж тооцоолж байх шиг. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Бид "Файзер" компанитай холбоо тогтоож ажиллана. Тус компанийн вакциныг долдугаар сарын 1-нээс өмнө татан авна. Вакцины худалдан авалтад асуудал гарахгүй.  Бидний хувьд дотоодын нөөцөө ашиглан "Файзер" компаниас хүүхдүүдэд вакцин худалдан авна. Өнөөдрийг хүртэл вакцины худалдан авалтад ямар нэг хүндрэл гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Таны анхны айлчлалаа  тун удахгүй БНХАУ-аас эхлүүлнэ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Айлчлалын хүрээнд яригдах гол асуудал юу байх вэ. Төмөр замтай холбоотой тодорхой хүлээлт шийдвэрүүд байгаа юу?

-Гашуунсухайтын төмөр замыг бид долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах ёстой. Энэ нь вакцины худалдан авалттай холбоотой. Хоёрдугаарт, Зүүнбаянгийн төмөр замтай холбоотой асуудлыг шийднэ. Гашуунсухайтын төмөр зам шууд хил рүү орж буй цэгийг хэлж байгаа юм. Бид Тавантолгойд нүүрсний машинаар нүүрс зөөж байгаа нь удаан бас маш их өртөгтэй. Тиймээс төмөр замаар холболт хийж чадвал нүүрсний экспорт 30 хувиар нэмэгдэнэ. Одоо 60 ам.доллараар зарагдаж буй нүүрс 120 ам.доллар болж өснө. Зөвхөн улсад орж буй татварын тоо нэг дахин нэмэгдэх боломжтой. Зүүнбаянгийн төмөр зам хэвтээ тэнхлэгийн төмөр замыг Зэвсэгт хүчнийхэн амжилттай гүйцэтгэж байна. Зүүнбаянгийн төмөр зам нээгдснээр ач холбогдолтой зүйл нь бусад боомтуудтай холбогдоно гэсэн үг.

Хоёр, гурав, дөрөв дэх гарцыг нээж байгаагаараа чухал юм. Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг төрөөс хийж байгаа. Харин Ханги Мандалын төмөр замыг төрөөс заавал хийх ёстой биш. Үүнд хөрөнгө оруулагчид нээлттэй байгаа, маш ашигтай төмөр зам. Үүнд Засгийн газар хамтарч ажиллаж болно. Төмөр замтай холбоотой асуудлыг бид улс төржүүлж болохгүй. Гашуунсухайтын төмөр зам 2021 онд биш 2020 оны долдугаар сард ашиглалтад орно гэдгийг залруулж хэлье. Гэхдээ энэ бол амаргүй. Вакциныг 100 хоногт багтаан хийнэ гэхэд олон хүн санал зөрөлдөж байсан. Мөн энэ 100 төслийн талаар ч бас олон хүнтэй санал зөрж, хүмүүс намайг өөр дээрээ заавал гал дуудаж, төслөө тоолуулж яах юм ч гэж хэлж байсан. Тиймээс энэ төслийг нээлттэй зарлаж байгаа юм. Төмөр зам бол улс төржихгүй урагшилна. Гуравдугаар төмөр зам бол түгжрэлийг бууруулах Богдхан төмөр зам. Өөрөөр хэлбэл, Богд уулын эргэн тойронд явах дэд бүтцийг бид шийдснээр Улаанбаатар хотын түгжрэл агуулын хувьд шийдэгднэ. Бусад зүйл бол хэлбэрийн болон богино хугацааны цаг аргацаасан шийдвэрүүд.

-Дараагийн 100 хоногт таны Засгийн газар хэр тогтвортой байх вэ. Учир нь, МАН МАХН-тай нэгдсэн холбогдуулан таны удирдаж буй Засгийн газарт МАХН-ын гурван сайд сэлгэж орно гэх мэдээллүүд байна. Засгийн газарт сэлгээ хийгдэх үү эсвэл тогтворгүй байдал үүсэх үү гэдэг асуудал анхаарал татаж байна?

-МАХН-тай 12 жилийн дараа нэгдэж байна. Тиймээс улс төрийн намууд бас тухайн үед амаргүй нөхцөл байдал үүссэн. Ямар нэгэн байдлаар гэрээ хэлэлцэл өгөх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох гэрээ хийгдэж байгаа. Цаашид жам ёсны дагуу нэг байсан хоёр нам нэгдэх нь зөв гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Ер нь улс төрийн намуудтай холбоотой асуудал 30 жил боллоо. Бид дотооддоо хөгжиж, илүү институци болж байж сайн парламентын гишүүд төрж, сайн гишүүдээс сайн Засгийн газартай болно.  Тиймээс бидний хувьд аль болох намууд нэгдэн нийлж, миний хувьд хоёр үндсэн намын систем байх ёстой гэж үздэг философитой хүн. Жижиг намуудаасаа уучлал хүсье. Мэдээж, гуравдагч хүчин жижиг намууд байх ёстой.

Гэхдээ бид парламентын тогтолцооноосоо ухарч болохгүй. Өмнө нь гарсан алдаагаа бид давтаж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ цикл сонгодог парламентын тогтолцооны хувьд туйлын сургамжтай жил болж байгаа юм. Та бүхэн эргээд бодвол бүх зүйл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хойно Засгийн газрын тогтвортой хөгжлийн байдал яригдсан. Тиймээс бидний хувьд сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ чиглэлийн агуулга руу хөндөгдөж өөрчлөгдсөнд миний хувьд талархалтай байдаг. Энэ талаар миний хувьд хатуу байр суурьтай байна. Цаашид сонгодог парламент илүү хөгжвөл Засгийн газар тогтвортой болно. Ер нь Засгийн газар солигдоход  бидэнд баярлаад байх зүйл байхгүй. Яагаад гэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан. Том төслүүд байхгүй болсон. Урт хугацааны хөтөлбөрүүд зогссон, маш их олон ажлууд эхлүүлсэн ч дуусгаагүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид энэ асуудалд тогтвортой байдлыг бодох ёстой. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан гуравхан Ерөнхий сайд байдаг. Тэр нь  П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх дарга. Бусад  Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүй. Ингэх бүрт төслүүдийн концепц эвдэгдэж улам асуудалд ордог.

-Өмнөх Засгийн газрын үед аж ахуйн нэгжүүдийг ирэх долдугаар сарын 1 хүртэл татвараас чөлөөлсөн. Хүчинтэй хугацаа дуусах хүртэл аж ахуйн нэгжүүдийн татвар хуримтлагдаж байгаа.  Засгийн газар иргэн аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байгаа юу?

-Ирэх долдугаар сарын 1-нээс тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний асудал яригдана. Цар тахлын нөлөө арилахгүй бол эдгээр арга хэмжээг он дуустал хэрэгжүүлнэ гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа. Гэхдээ төсөвт асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй учраас бидний тооцож байгаагаар вакцинжуулалт эрчимтэй, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжраад бүрэн хэмнэлдээ орвол энэ арга хэмжээнээс үе шаттайгаар татгалзахаар тооцож байна. Цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтын хурд, макро эдийн засгийн үзүүлэлттэй холбож дээрх арга хэмжээг үргэлжүүлэх эсэхийг тооцно.

-Оюутолгойн хэлэлцээрийн талаар хэвлэл мэдээлэлд гараагүй шинэ мэдээлэл өгөхгүй юу. Оюултолгойн ажлын хэсэгт ямар бүтэц өөрчлөлт хийе гэж бодож байгаа вэ?

-Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан үүсч бид  хэлэлцээртэй  холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Анх удаа Монгол Улс татварт ногдох ёстой нэг их наяд төгрөг татварт ногдох ёстой орлогыг оруулж ирж, энэ нь 300 мянган төгрөгийн дэмжлэг хөл хорионд чухал алхам боллоо. Энэ бол амлалт гэдэг агуулга огт биш зах зээл дээр хэт хумигдсан байгаа эдийн засагт бэлэн мөнгө очиж байж иргэдийн амьжиргааг дэмжих агуулга нь илүү чухал. Хэрвээ 300 мянган төгрөгийн тэтгэмж байгаагүй бол бид 26 хоногийн хатуу хөл хорио тогтоож чадахгүй байсан. 26 хоногийн хатуу хөл хориог тогтоогоогүй бол халдварын тохиолдол буурахгүй байсан. Тиймээс амаргүй нөхцөл байдлын дундуур  стратегийн гол төслүүдээ хийх нь зүйтэй юм гэдэг энэ агуулгаар шийдэл гаргасан.

Оюутолгойтой холбоотой хэлэлцээр үргэлжилж байгаа.Удаан хугацаанд үргэлжлэх зүйл. УИХ-тай хамтарсан ажлын хэсэг орж,  УИХ-аас гаргасан тогтоолын дагуу хэрэгжилтийг хангаж байгаа. УИХ-ын гишүүдийн ярьж буй зүйлийн дийлэнх нь зөв байгаа. Дубайн гэрээтэй холбоотой бичиг баримтыг хүмүүс ялгаж салгадаггүй болохоос биш далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг тусдаа асуудал. Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой. Эдийн засагт хамгийн өгөөжтэй гурван асуудлын нэг нь далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх байгаа юм. Үүнд би Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг буруутгаж улстөржихгүй. Далд бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо татварын буулт хийсэн заалтуудтай холбоотойгоор Монгол Улсад туйлын ашиггүй болсон. Татвартай холбоотой асуудлаар нэг их наяд төгрөг нэг жилд орж ирж байна. Ийм хэмжээний хохирлыг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нэрийн дор гаргасан нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй юм гэдэг агуулгаар  Оюутолгойн хэлэлцээр үргэлжлээд явж байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагч талтай цаашид ярилцаж хатуу зөөлөн аргыг хавсарч хэрэглээд Оюутолгойн асуудал сайжирч, далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж Оюутолгойн төслөөс иргэдэд хүртээмжтэй байх төсөл хэрэгжинэ. Энэ бол Засгийн газрын хийж үлдээх том ажлын нэг гэж үзээд анхаарал хандуулж ажиллаж байгаа.

-Иргэд таны Засгийн газраас ёсзүй, өндөр хариуцлага шаардаж байна Ерөнхий сайд аа. Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдээ сонгодог, томилдог, чөлөөлдөг эрх мэдэл нь танд байна. Гэтэл таны 100 хоногийн хугацаанд таны Засгийн газрын гишүүд ёс зүйгүй, хариуцлага алдсан хэд хэдэн асуудалд орж шүүмжлэлд өртлөө. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайханыг тойрсон шүүмжлэл тасарсангүй. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хөл хориотой үеэр хувийн машинаар албаны дугаартай замын хөдөлгөөнд оролцлоо. Х.Нямбаатар сайдын удирддаг хилийн цэрэгт цэрэг амиа алдах, амь нас хөнөөх хэргүүд гарлаа. Хэрэг, зөрчилд холбогдсон сайд нартаа хариуцлага тооцсон уу. Ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Хариуцлагатай холбоотой нэг зүйлийг ярьж байгаа. Бидний хувьд шат шатандаа хариуцлага тооцдог механизм руу явах ёстой.  Цэргийн амь нас эрсдэж байгаа нь туйлын эмгэнэлтэй зүйл мөн. Гэхдээ нэг цэрэг эрсдэх бүрт Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Засгийн газар нь хөнгөн, сайд нар нь хөнгөн, үлээхэд нисчихмээр асуудалд хөнгөн хандаж болохгүй. Би сануулсан. Шадар сайдад сануулсан. Гэхдээ би сайд нартаа нэг зүйлийг хэлж байгаа юм. Авлигалтай холбоотой ямар нэг асуудал үүсвэл надтай ярих юм байхгүй, би шууд захирамж гаргана. Үүнийг Засгийн газрын хуралдааны эхний үед хэлсэн. Энэ тохиолдолд амаар сануулна, сануулах захидал өгнө. Дараа нь захирамж гаргана. Ийм шатлалын дагуу ажиллана. Үүнд ч бас хэвлэл, олон нийт зөв агуулгаар хандах ёстой.

-Алсын хараа 2050 хөгжлийн бодлого баримт бичиг хэрэгжих боломж нь бүрдэж чадсан уу. Хэрэгжүүлэх механизмыг ямар замаар бий болгоно гэж үзэж байна вэ. Хууль гаргаж ямар нэг тогтвортой бүтэц бий болгох баталгаа нь байна уу. Бодлого төлөвлөлтийн яам байгуулна гэж та мэдэгдэж байсан. Яам зайлшгүй байгуулах байр суурь хэвээрээ юу. Таны хэлсэн 100 төслийн хүрээнд хэдий хэмжээний санхүүжилтийн төслийг хувийн аж ахуй нэгж, донор орнуудаас бүрдүүлнэ гэж тооцож байна вэ. Цаашид төслүүдийг хэрэгжүүлэх гол механизм нарийвчилсан дүрэм журам хэдийд гарах вэ ?

-Алсын хараа 2050 бол урт хугацааны хөгжлийн төсөөлөл. Үүндээр тулгуурлан бид нарийвчилсан шинжилгээнүүд хийж, Засгийн газрын хөтөлбөр гарсан. Засгийн газрын хөтөлбөрт тулгуурлан 100 төсөл арга хэмжээг нарийвчилна гэсэн үг. Үүнийг техник эдийн засгийн үндэслэлийг  тооцож байгаа тохиолдолд  шууд хэлэх нь өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ Сангийн яам тойм гаргасан. Ер нь Алсын хараа 2050 бичиг баримт нь есөн тулгуур баганатай. Үүний дагуу хэд хэдэн том шийдэл рүү явж байна. Нэгдүгээрт, аль болох экспортын баримжаатай эдийн засгийг хөгжүүлье, импортыг орлоё. Жишээ нь, бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр  дэлхийд нэгт жагсдаг, малын тоогоор нэгдүгээрт жагсдаг атал байгаа боломжоо бид огт ашиглахгүй байна.

Алсын хараа 2050 хөгжлийн төсөөллийн гол философи бол яаж нэмэгдүүлэх вэ. Нэгдүгээр 10 жилийн дотор 100 төслөө хэрэгжүүлэхгүй бол бид хүндэрнэ, ингэхдээ уул уурхайгаа ашиглах ёстой. Цар тахалтай холбоотой бид өндөгний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. ОХУ-ын хил хаагдахад л өндөг тасарч байгаа юм. Тэгэхээр бид өндөгний хэрэгцээг дотоодод хангаж чадахгүй байна. Бид 16 сая доллараар жилд тамхи татаж байна, жил бүр гаднаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж байна. Тиймээс хүнсний хэрэгцээг дотоодод хангах бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр төлбөрийн тэнцэл сүүлийн нэг жилд ашигтай гарч байгаа нь цар тахлын улмаас гадаадад гарч эмчлүүлэх, гадаадад аялах урсгал хаагдсантай холбоотой. Ерөнхийдөө 100 төсөл нь экспортыг хөгжүүлж, импортыг орлуулахад чиглэсэн эдийн засгийн арга хэмжээнүүд байгаа юм. Дээр нь зайлшгүй хийх ёстой реформууд байна.

-Залуус хорооллын орон сууцны барилгуудыг хаана барихаар тогтсон бэ. Байршлууд нь тодорхой болсон уу. Иргэд хөнгөлөлттэй үнээр худалдан авах нөхцөлийг хэрхэн тооцож байна?

-"Залуус" хорооллыг бид Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын орчимд болон Яармагийн цаана, орон нутагт гэсэн төвлөрсөн гурван цэгт тооцоолж байгаа. Мөн бид орон сууц барьж буй бүх компаниудаа ипотекийн зээлээр дэмжих боломжтой. Орон сууцны томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд төлбөрийн тэнцэл дээр барилгын материалтай холбоотой гарах урсгал эхэлнэ. Тиймээс цементийн үйлдвэрүүдийг дэмжих зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Монголд байгаа гурван цементийн үйлдвэрийг бид дэмжих ёстой. Төмрийн хүдэр боловсруулаад арматур үйлдвэрлэж болох уу үгүй юу.

Монгол Улс шатахууны үйлдвэртэй болох уу. Энэ талаар олон нийт хүлээлт үүсээд байна?

-Та бүхэн ажиглаж байгаа бол би УИХ-ын чуулган дээр хэлсэн үгээ л биелүүлээд ажиллаж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр Энэтхэг улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд дөрвөн багцад хувааж төлөвлөсөн.

Та авлига албан тушаалтай холбоотой асуудалд хариуцлага тооцно гэж хэллээ. Хэзээнээс авлига албан тушаалын хэрэгт хариуцлага тооцож эхлэх вэ?

-Шат шатанд гарч буй завхарлын асуудал байгаа. Би УИХ-ын чуулган дээр “Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй тогтолцоо руу шилжнэ” гэж. Энэ тогтолцоо руу шилжихээр ажиллана.

-Дубайн гэрээг цуцлах асуудал яригдаж байна. Хэрэв гэрээг цуцалсан тохиолдолд хохирлыг хэн барагдуулах вэ?

Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг бид ярьж байгаа. Энэ бол ярвигтай амаргүй зүйлийн дундуур нэг жилийн хугацаанд Ажлын хэсгийнхэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Нөхөн төлбөр болон бусад асуудалтай холбоотой асуудлууд гарч байгаа. Бид Оюутолгой компанид сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Ямартай ч ахиц гарч байгааг хэлье.

-Хүүхдүүдийн хичээл сургууль эхлэхээс өмнө вакцинжуулалт эхлээгүй байхад хүүхдүүд орон нутагт зорчих боломжтой юу?

-Эцэг, эх нь давтан тунд хамрагдсан тохиолдолд хүүхдүүд асран хамгаалагчийн хяналт дор хөдөө орон нутагт зорчих боломжтой.

-Та бол МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Засгийн газрын үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх гэж та нэг удаа хэлж байсан. Танай намын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал шүүмжлэл дагуулж яригдсаар байна. Үүнд хариуцлагын асуудлын байвал ямар хариуцлага тооцох вэ?

-Шүгэл үлээгчдийн тухай хууль боловсруулах шатанд байна. Шүгэл үлээгчдийг бид дэмжинэ. Мэдээлэл өгдөг хүмүүст эрхзүйн таатай орчин бүрдүүлнэ. Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлэх асуудлыг цахимд шилжүүлж, тэмцэнэ. Энэ ажлыг ойрын үед хэрэгэжүүлэхээр төлөвлөж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал газар авч байгаа.

Энэ бол өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайдын хувьд тухайн хүн үнэхээр гэм буруугүй гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, шалгуулчихаад эргээд ороод ирэх хэрэгтэй. Энэ бол ёсзүйд нийцнэ. Би хариуцлага тооцох боломжтой субъектуудад саналаа хэлсэн. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд би анхаарлаа хандуулна.

-Та  бол Ерөнхий сайд хэдий ч танай намын дүрэмд намын даргын статустай байх ёстой. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ. Сүхбаатарын талбайд нэг намын хэт дарангуйлал тогтлоо хэмээн өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн тухайд та ямар байр суурьтай байна вэ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх хариуцлага хүлээж огцорсон. Ерөнхий сайд асан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ямар байр суурьай байна?

– Намын дүрэмд Ерөнхий сайд намын дарга байх ёстой. Энэ дагуу асуудлууд яригдна гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Л.Оюун-Эрдэнэ гэх хүн намын дарга болох нь зарчмын асуудал гэж бодож байна. Тэгэхээр энэ асуудал цаашид шийдэгднэ. Мэдээж цар тахлын үед намын их хурал, намын дүрмэар хийх асуудал яригдаж байгаа. Намын дарга У.Хүрэлсүхтэй уулзсан. Зарчмын байр сууринаас нэр дэвшигч болсноос хойш намын ажилд оролцохгүй. Намын даргатай холбоотой үүрэг ролийг миний бие болон Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцаж байгаа гэж ойлгож болно.

Тиймээс дүрмийн дагуу цаашид шийдэгдэх байх. Зөвхөн Ардчилсан нам, Ардын нам гэдэг нэрнээс болж тухайн хүн ардчилсан үзэл баримтлалтай байх уу үгүй юу гэдэгт эргэлзэж явдаг. Улс төрийн намын гадаа жагсч буй асуудалд МАН хамаагүй. Цар тахлын үед улс төржих сонирхол алга Ерөнхий сайдын хувьд. Бас иргэдээ талцуулж жагсаалд уриалах сонирхол алга. Харин У.Хүрэлсүх дарга ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж байсан. Би өмгөөлж байгаа асуудлаар биш шүү. Цар тахлын амаргүй цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль угтсан үед иргэдийг илүү эмх замбараагүй байдалд оруулахгүйн тулд тэр хүн тийм шийдвэр гаргасан. Энэ нь надад ч амар шийдвэр байгаагүй. Сайдаас огцрохын өмнө болон дараа нь бид хоёр ч  өдөр уулзсан. Ерөнхий сайдаас огцорно гэдэг тийм таатай зүйл биш, хүн өөрийнхөөрөө хүсэх зүйл биш. Мэдээж тухайн өдрийн жагсаал цуглаан УОК-той холбоотой жагсаал цуглаан байсан.

-Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг Засгийн газар тусгайлан авч үзэх үү. УИХ-д хууль оруулах уу?

-Нийгмийн даатгалтай холбоотой асуудалд УИХ-ын гишүүд хууль өргөн байсан. Үүнийг Засгийн газар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дэмжиж байгаа.

"Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ ХОЁР ХҮНТЭЙ ОЙРХОН АЖИЛЛАХЫГ ЭРМЭЛЗДЭГ БАЙСАН"

-Ерөнхий сайд намын дарга байх  ёстой юу. Үүрэг хариуцлага нь эрх мэдэлтэйгээ хэр дүйж байна вэ?

Ерөнхий сайд намын дарга заавал байх ёстой. Цаашид энэ хуульчлагдах ёстой гэж бодож байна. Энэ бол дэлхийн жишиг. Энэ бол засаглалын хариуцлагатай холбоотой гүйцэтгэх засаглал төвлөрөхтэй холбоотой асуудал.

-Өнөөдөр Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрсэн нь өмнөх Засгийн газрын алдаа гэж зарим хүн үзэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Өмнөх Засгийн газрын хувьд арван сар цар тахлыг дотоодод алдалгүй барьж чадсан нь маш том гавьяа юм. Хэрэв арван сарын хугацаанд өнөөдрийн нөхцөл байдал үргэлжилсэн бол бид хүнд нөхцөлд орж, халдварын тохиолдолд хэд хүрэх байсныг таашгүй. Бид арван сар хатуу хөл хорио тогтоосны үр дүнд вакцинжуулалттай золгосон. Өмнөх Засгийн газар чадах бүх зүйлээ л хийсэн. Шинэ Засгийн газар ч чадах бүхнээрээ ажиллаж байна. Мэдээж амаргүй сорилт байсан, олон зүйл байсанд уучлал гуйж байна. Маргааш ямар байх нь тодорхойгүй нөхцөл байдал байсан.

-Таныг Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй хоюулантай нь сайн харилцаатай. Гэхдээ хоёр ахынхаа алиных нь үгэнд орохоо мэдэхгүй байна гэх эргэлзээ нийгэмд байсаар байна. Энэ хоёр хүн таны үйл ажиллагаанд нөлөөлөх хандлага гаргадаг уу?

-Миний бие Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулга, У.Хүрэлсүх энэ хоёр хүнтэй ойрхон ажиллахыг эрмэлздэг байсан. Хувь хүний хувьд аль алинтай нь сайхан харилцаатай. Үүнийг би нуухгүй. Гэхдээ зарчим зарчмаараа байх ёстой гэж боддог. Энэ хоёр хүн нэгдмэл байснаар алдагдсан байсан орд баялгуудаа авч чадсан. Мэдээж олон асуудал байсан байх. Тиймээс энэ хоёр хүн учраа олоосой гэх агуулгаар байр сууриа илэрхийлээд ажиллаж байна.  Миний хувьд хувь хүн  Ерөнхий сайдын байр суурь хоёр тусдаа асуудал. Алдаа гаргаж буй зүйлд шууд хэлж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонгууль хойшлуулах тогтолцоотой байж болохгүй. Үг хэлээд хэлсэндээ байдаггүй ч асуудал байдаг. Юм бүхэн хуулийн заагтай байх ёстой.

-Цар тахлын хүнд үед оюутан, сурагчид 1.5 жил хичээлийн асар их хоцрогдолтой болж байна. Боловсролын сайдаас онцгойлон асууя. Сурагчдын хичээлийн хоцрогдлоор судалгаа бий юу. Ирэх жилийн хичээлийн шинэ жилд хоцрогдолтой холбоотой агуулга тусгах уу?

БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалан: Хичээлийн жилд танхимаар 160-180 хоног хичээллэдэг байсан. Тэгэхээр өнгөрсөн 40 орчим хувь нь цахим, 60 хувь нь танхимаар хичээллэж байсан бол энэ онд 110 хоног цахимаар хичээллэсэн байна. Цар тахлаас өмнө боловсролын салбарт хоцролт үүссэн байсан. Гэтэл цар тахлын хоцрогдол нэмэгдсэн. Тиймээс боловсролын салбарт үүссэн хоцрогдлыг арилгах, салбар реформ хийхээр болсон. Зөвхөн энэ намар 15 хоногийн өмнө хичээл эхлүүлснээр хоцрогдол нөхөгдөхгүй. Хамгийн багадаа гурван жилийн хугацаанд хоцрогдол нөхөгдөнө.

-Богино хугацаанд эдийн засгаа сэргээх шаардлага байна. Урт болон богино хугацаанд ямар төлөвлөлтүүд шаардлагатай гэж үзэж байна?

-Энэ гурван жилийн хугацаа бол маш чухал. Нүүрсний экспорттой холбоотой эл асуудлын шийдлийг олох, бүтээн байгуулалтууд эхлэх агуулгаараа ч тэр туйлын чухал хугацаа. Ерөнхий сайдын хувьд иргэддээ хандаж хэлэхэд 30 жил улс төржлөө. Одоо бид ажил ярьдаг баймаар байна. Дотооддоо сөргөлдөх биш бусад улс орнуудтай өрсөлддөг баймаар байна. Улс төр зөрчилтэй байх хөгжилтэй, сонирхолтой, халуун байдаг нь үнэн. Гэхдээ хийрхсэн улс төржилтөөс болж алдагдсан боломж бий. Тиймээс бид ажил эхлүүлдэг биш дуусгадаг, үр дүнг нь үздэг баймаар байна. Ийм итгэлцэлд явсан шинэ 30 жил эхлэхэд хамтран ажиллахыг хүсье. Нээлттэй ярилцъя. Мэдээж цар тахлаас үүдэн шууд уулзах боломж байсангүй. Өнгөрсөн 100 хоногийн 40 нь хатуу хөл хорио байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж