Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 7-9-ний хооронд иргэдээс нийт 907 дуудлага тус дугаарт иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 150 иргэн хандсанаас 49 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 101 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллажээ.
Өнөөдөр /2021.5.10/ Улаанбаатар хотод суурин 49 цэгт, явуулын есөн автобусаар 102 багийн 742 эмч, ажилтан ажиллаж, 30671 иргэнийг дархлаажууах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад тус төвөөс хариулт өглөө. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-н хүртэл сунгасан. Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.
Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол, Covid-19 халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээ өгөхгүй явж болно. Мөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харъяалах дүүргийн Онцгой комиссоос эмнэлгийн магадлагаа бичиг авах юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний хариутайгаар зорчино гэдгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.
С.УНДАРМАА