Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг байсан Билл, Мелинда Гейтс нарын салалтын талаар шинэ мэдээллүүд ар араасаа цувран гарч, олны чихийг сортойлгосоор байгаа билээ.
Тэд 27 жил ханилсан, гурван хүүхэдтэй, 49.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй сайн үйлсийн сан хамтран удирддаг. Билл, Мелинда Гейтс нар салж байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан юм. Тэдний салах болсон гол шалтгаан одоо хэр нь тодорхой биш хэдий ч эх сурвалжууд олон шинэ мэдээлэл цахим орчинд дэлгэсээр байна.
Жишээлбэл, тэдний танил нэгэн эх сурвалж “Тэд салах шийдвэрээ гаргасан ч олонд зарлахаасаа өмнө бага охин Фибигээ насанд хүрч, ахлах сургуулиа төгсөхийг хүлээж байсан” хэмээн ярьжээ.
Албан ёсоор зарлахдаа Билл, Мелинда Гейтс нар “Бид харилцааныхаа талаар маш их зүйл бодож, удаан ажигласны эцэст энэ шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид гайхалтай гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт хүн бүр эрүүл, үр бүтээлтэй амьдрах боломж, суурийг тавьлаа” хэмээн ярьсан юм.
Энэ бүхнээс гадна зарим эх сурвалжууд Билл Гейтсийн 1997 онд телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан яриаг нэхэн санаж, салалтад нөлөөлсөн нэг хүчин зүйл байж болзошгүй хэмээн ярилцах болжээ. Тухайлбал, Билл Гейтс тухайн үед жил бүр нэг долоо хоногийн амралтын өдрөөр өмнөх найз бүсгүйнхээ далайн эргийн байшинд очиж амардаг, үүнийгээ Мелиндад зөвшөөрүүлсэн талаараа ярьж байжээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ